2022-03-16
1055
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Энхбат хэлмэгдсэн иргэн Б.Баянжаргалын үр хүүхдүүдийг хүлээн авч уулзаж, тус бүрийн 8,0 сая төгрөгийн /нийт 40,0 сая/ нөхөн олговрыг холбогдох хувийн дансанд нь шилжүүлсэн батламжийг гардуулав.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор шинээр гарсан журамд заагдсан холбогдох шаардлагын дагуу ах дүү таван хүнд нөхөн олговор олгох шүүхийн шийдвэрийг үндэслэн Баянхонгор аймгийн Цагаатгах комиссоос Заг сумын оршин суугч Баянжаргалын Жамбалзундуй, Баянжаргалын Баасандолгор, Баянхонгор сумын оршин суугч Баянжаргалын Базаррагчаа, Баянжаргалын Оюун, Баянжаргалын Уранчимэг нарт ийнхүү олгож байгаа юм.
Балжин овогтой Баянжаргал нь онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор улс төрийн хилс хэргээр шийтгүүлсэн нь тогтоогдсон бөгөөд Монгол улсын дээд шүүхийн коллегийн 1992 оны 08-р сарын 10-ны өдрийн 132 дугаар магадлалаар цагаатгасан байна.