Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны нийтлэг дэгийг батлах тухай

Огноо: 2020-12-03 Дугаар:06 Нээгдсэн:544

СЭЛЭНГЭ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

                                                                                              

2020 оны 12 сарын 03 өдөр                       Дугаар 06                           Сүхбаатар сум

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

хуралдааны нийтлэг дэгийг батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны нийтлэг дэгийг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан дэгийг чанд даган мөрдөж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт Төлөөлөгчдөд үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА Б.НАРАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн

 06 дугаар тогтоолын хавсралт

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ХУРАЛДААНЫ НИЙТЛЭГ ДЭГ

Нэг.Нийтлэг зүйл

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид хурал гэнэ/-ын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр хуралдаан мөн.

2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаанаас бусад  хуралдааныг энэ дэгээр явуулна.

3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан энэ дэгийн зарчмаар явагдана.

4.Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд  хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.

Хоёр. Хуралдааныг нээх, удирдах

1.Хуралдааныг хурлын дарга нээж удирдана.

2.Хурлын даргын эзгүйд түүний санал болгосон Тэргүүлэгч хуралдааныг удирдана. Хурлын дарга санал болгох боломжгүй тохиолдолд Тэргүүлэгчдийн хамгийн ахмад нь хуралдааныг удирдан явуулна.

3.Хуралдаанд төлөөлөгчдийн олонхи нь ирсэн бол хуралдааныг хүчин төгөлдөрт тооцож  хуралдааныг нээнэ.

4.Хуралдаанд асуудал оруулж байгаа холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтэн холбогдох бусад хүмүүсийг оролцуулж төлөөлөгчдөөс тавьсан асуулт, саналд хариулт, тайлбар өгүүлнэ.

5.Хуралдаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг урилгаар болон тэдний хүсэлтээр ажиглагчаар оролцуулж болно.

6.Шаардлагатай гэж үзвэл хуралдаанд ажиглагч оролцуулах эсэх болон оролцох ажиглагчийн тоог хуралдааны байр танхимын багтаамжийн байдлыг харгалзан тухайн хуралдааны өмнө хурлын Тэргүүлэгчид тогтоож болно.

Гурав.Хуралдааны тов, хэлэлцэх асуудал, түүний дарааллыг тогтоох

1.Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудал, түүний дарааллыг Хурлын дарга тогтоож Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн олонхийн саналаар батална.

2.Хурлын хуралдааны тов, хэлэлцэх асуудал, түүний дарааллыг Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчид тогтоож Хурлын хуралдаанд оруулна.

3.Хуралдаанаар хэлэлцэх асуудал, түүний дарааллыг төлөөлөгчдийн олонхийн саналаар батална.

4.Тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд орж батлагдаагүй асуудал хэлэлцүүлэхийг хориглоно.

5.Хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй боловч хуралдаанд асуудал санаачлан оруулах эрх бүхий этгээдээс хуралдааны хэлэлцэх асуудлын шаардлага хангасан цаг үеийн тулгамдсан асуудлыг тухайн хуралдаанаар хэлэлцүүлэхээр гаргасан саналыг Төлөөлөгчдийн олонхи нь зөвшөөрвөл хэлэлцэх асуудлын дараалалд оруулан батлуулж болно.

Дөрөв.Хуралдаан даргалагчийн эрх, үүрэг

1.Хуралдаан даргалагч нь дараах эрх үүрэгтэй.

   а.Хуралдааныг дэгийн дагуу явуулах, дэгээ биелүүлэхийг төлөөлөгчдөөс шаардах.

   б.Асуудлыг батлагдсан дарааллын дагуу хэлэлцүүлэх.

   в.Төлөөлөгчөд үг хэлэх, хуралдааны танхимаас гарч орох зөвшөөрөл олгох.

   г.Хэлэлцэх асуудлаар санал хураалт явуулж дүнг мэдээлэх, эцсийн шийдвэрийг сонсгож батлуулах.

   д.Хуралдааны шийдвэрт гарын үсэг зурж ёсчлон баталгаажуулах үүрэгтэй.

Тав. Намын бүлгийн эрх үүрэг

1.Бүлгийн гишүүдээ хуралдаанд оролцуулж, хуралдааны дэгийг сахиулах

2.Шаардлагатай гэж үзвэл хуралдааны үед завсарлага авах.

3.Хурлын хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлын талаар санал дүгнэлт гаргаж болно.

Зургаа.Төлөөлөгчдийн ёс зүйн тухай

1.Төлөөлөгч нь хуралдааны ажиллагаанд оролцох явцад өөрт мэдэгдсэн төрийн болон, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чанд сахин хамгаална.

2.Төлөөлөгч нь үг хэлэх, асуулт асуух, санал дүгнэлт гаргахдаа үнэн зөв, бодитой мэдээлэлд тулгуурлах бөгөөд бусдыг доромжлох, гүтгэхийг хориглоно.

3.Хуралдааны үед үг хэлж, асуулт асуух, санал хэлэх, танхимаас түр гарах орохдоо Хурлын даргаас зөвшөөрөл авна.

4.Согтууруулах ундаа хэрэглэсэн Төлөөлөгчийг хуралдаанд оролцуулахгүй.

Долоо.Хуралдаан үргэлжлэх болон завсарлах хугацаа

1.Хуралдааны үргэлжлэх хугацаа нь хуралдааныг Хурлын дарга албан ёсоор нээснээр эхэлж хааснаар дуусгавар болно.

2.Хуралдаан 2 цаг тутам 10 минут, 4 цаг тутам 1 цаг хүртэл хугацааны завсарлагатай үргэлжилж болно.

3.Хурал дахь намын бүлэг Хурлын даргад албан ёсоор хүсэлт тавьж тухайн хэлэлцэж байгаа нэг асуудлаар 1 удаа 1 цаг хүртэл хугацаагаар завсарлага авч болно. Шаардлагатай гэж үзвэл дахин хүсэлт тавьж нэмж 1 цагаар сунгаж болно.

4.Хуралдааны хэлэлцэх асуудлуудын онцлог болон тухайн үед үүссэн тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж хуралдааны үргэлжлэх болон завсарлах хугацаанд горимын өөрчлөлт оруулах санал гарвал санал хурааж олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Найм. Хуралдаанаар асуудал хэлэлцэх, батлах

1.Хуралдаанаар холбогдох хууль журамд заасан шаардлагыг хангасан, хэлэлцэх асуудлын дараалалд орж батлагдсан асуудлыг хэлэлцэнэ.

2.Хуралдаанаар асуудал хэлэлцэх ажиллагааг хууль дээдлэх, дэгээ чанд сахих, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн санаа бодлыг хүндэтгэн олонхийн саналаар шийдвэрлэх зарчимд үндэслэнэ.

3.Хуралдаанаар асуудлыг нээлттэй хэлэлцэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл хаалттай хэлэлцэж болно. Асуудлыг хаалттай хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл олонхийн саналаар шийдвэрлэнэ.

4.Хуралдаанд оруулж байгаа асуудлаар илтгэл сонсгол тавих хугацаа 25 минутаас илүүгүй, мэдээлэл хийх хугацаа 15  минутаас илүүгүй байна.

5.Хэлэлцэж байгаа асуудлаар бодлогын хорооны санал дүгнэлтийг бодлогын хорооны аль нэг гишүүн танилцуулна.Бодлогын хорооны дүгнэлт танилцуулах хугацаа 10 минутаас илүүгүй байна.

6.Хурал дахь намын бүлгээс хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой санал дүгнэлт гаргасан бол тухайн намын бүлгийн дарга 10 минутад багтаан танилцуулна.

7.Хуралдаанд асуудал оруулж байгаа санаачлагчийн боловсруулсан шийдвэрийн төсөл, бодлогын хорооноос оруулах саналын томъёоллыг ажлын хэсгээс урьдчилан тараана.

8.Хуралдаанд оруулах илтгэл, сонсгол, мэдээлэл бодлогын хорооны санал дүгнэлтийг сонссоны дараа тухайн асуудлаар төлөөлөгчид асуулт тавьж хариулт авч болно. Хуралдаанд асуудал оруулж байгаа этгээд болон тухайн асуудлаар санал дүгнэлт гаргасан бодлогын хороо төлөөлөгчийн асуултад хариулах үүрэгтэй.

9.Төлөөлөгч нь хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлж, санал шүүмжлэл гаргах хугацаа 5 минутаас илүүгүй байна. Шийдвэрийн төсөл батлахад зарчмын өөр саналтай төлөөлөгч эхний удаа 5 минут, дахин нэг удаа 3 минутаас илүүгүй хугацаагаар үг хэлж болно.

10.Төлөөлөгч үг хэлж, санал гаргахдаа зөвхөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан шийдвэрийн төсөлд тусгаж болохуйц ойлгомжтой тодорхой томъёолсон байвал зохино.

11.Төлөөлөгчид санал гаргаж дууссаны дараа санал хураалт явуулна. Санал хураалтыг дэгийн 9-д заасан журмыг бармтлан явуулна.

12.Зарчмын зөрүүтэй саналаар санал хураасны дараа төслийг бүхэлд нь батлах, эсэх асуудлаар санал хурааж, олонхийн саналаар шийдвэрлэнэ.

13.Хуралдаанд асуудал оруулагч болон ажлын хэсэг хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлын шийдвэрийн төслийг тусгайлан бэлдсэн дэлгэц\проектор\-ээр нийт оролцогчдод үзүүлж хэлэлцэж байгаа асуудлын шийдвэрийн төсөлд оруулахаар олонхийн дэмжлэг авсан саналыг найруулан томьёолж төслийн эцсийн найруулгыг хийнэ.

14Эцсийн найруулга хийсэн төслийг хуралдаанд уншиж сонсгон эцэслэн батлуулснаар тухайн асуудлын хэлэлцүүлэг дуусна.

 

                                        Ес. Санал хураалт явуулах журам

1.Холбогдох хууль тогтоомжид санал хураалтыг нууцаар явуулж шийдвэрлэхээр зааснаас бусад тохиолдолд санал хураалтыг илээр явуулна. Ил санал хураалтыг гар өргөж явуулна.

2.Шаардлагатай гэж үзвэл санал хураалтыг төлөөлөгчийн нэрээр явуулж болно. Төлөөлөгчийн нэрээр санал хураахад хуралдаан даргалагч, санал хураалтын дүнг төлөөлөгч нэг бүрээр танилцуулж протоколд тэмдэглүүлнэ. Нэрээр санал хураах эсэхийг санал хураалтаар шийдвэрлэнэ.

3.Санал хураалтыг эхлээд бодлогын хорооны хурлаар дэмжсэн болон дэмжээгүй санал нэг бүрээр санал хураана. Санал хураалтыг “Бодлогын хорооны дэмжсэн \олонхийн санал авсан\ саналыг дэмжих”, “Бодлогын хорооны дэмжээгүй \олонхийн санал аваагүй\ саналыг дэмжих” гэсэн томьёоллоор явуулна.

4.Бодлогын хорооны хуралдаанаар дэмжсэн \олонхийн санал авсан\ саналыг төлөөлөгчдийн олонхи нь дэмжвэл уг санал зөвшөөрөгдөж батлагдсанд тооцож шийдвэрт тусгана.

5.Бодлогын хороо дэмжсэн \олонхийн санал авсан\ санал Хурлын хуралдаан дээр төлөөлөгчдийн олонхийн санал аваагүй тохиолдолд бодлогын хороо болон санал гаргасан төлөөлөгч нэг удаа тайлбар хийж болно.

6.Тайлбар хийсний дараа дахин нэг удаа санал хураалт явуулна.

7.Бодлогын хорооны хуралдаанаар дэмжээгүй \олонхийн санал аваагүй\ саналыг төлөөлөгчдийн олонхи нь дэмжээгүй тохиолдолд бодлогын хороо болон асуудал оруулагч этгээд тус бүр нэг удаа тайлбар хийж болно.

8.Тайлбар хийсний дараа дахин нэг удаа санал хураалт явуулна.

9.Бодлогын хорооны хуралдаанаар дэмжээгүйг \олонхийн санал аваагүй\ төлөөлөгчийн олонхи нь дэмжсэн тохиолдолд уг асуудлыг дахин авч үзэхгүй хасагдсанд тооцно.

10.Тухайн асуудлаар хуралдаан дээр төлөөлөгчдөөс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд тусгах эсэх талаар санал хураана.

11.Хуралдаанд оролцсон төлөөлөгч нь санал хураалтад заавал оролцож тухайн асуудлыг зөвшөөрсөн, татгалзсан гэсэн хоёр саналын аль нэгийг өгнө.

12.Тухайн асуудаар санал хураалт явуулсны дараа санал хураалтад цөөнх болсон 3 хүртэл төлөөлөгч тайлбар хэлж болно. Хэрэв цөөнх дахин санал хураалгахыг хүсвэл эхний санал хураалтаар олонхийн дэмжлэг авсан томьёоллоор дахин санал хураалт явуулна. Эхний санал хураалтаар олонхийн дэмжлэг авсан санал дахин олонхийн санал авбал батлагдсанд  тооцно. Харин 2 дахь санал хураалтад олонхийн  дэмжлэг авч чадаагүй бол 2 дахь  санал хураалтад цөөнх  болсон 3 хүртэл төлөөлөгч тайлбар хийж болно. Хэрэв 2 дахь санал хураалтад цөөнх болсон төлөөлөгчид дахин санал хураалгахыг хүсвэл дахин  нэг удаа санал хурааж, олонхийн санал авсан томьёоллыг батлагдсанд тооцно.

13.Санал тэнцсэн тохиолдол бүрд дахин санал хураалт явуулна.

14.Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцно.

Арав. Хуралдааныг цахимаар зохион байгуулах дэг

1.Энэ дэгийн 1.5-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулахад дэгийн энэ зүйлийг мөрдөнө.

2.Аймгийн ИТХ-ын цахим хуралдааныг цахим техник хэрэгсэл ашиглан зохион байгуулах бөгөөд Төлөөлөгчид цахим хуралдаанд саадгүй оролцох боломжтой техник төхөөрөмж, сүлжээ бүхий байршлаас хуралдаанд оролцоно.

3.Цахим хуралдааны үед төлөөлөгчид дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих боломжтой байна.

4.Хуралдааны зарыг албан ёсны цахим шуудан, холбооны хэрэгсэл ашиглах болон урилга хүргүүлж мэдэгдэнэ.

5.Төлөөлөгчид товлосон цагт бэлтгэлээ ханган ирцээ бүртгүүлэн оролцох үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон цагт ирцэд  бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар үг хэлэх эрхийг хязгаарлана.

6.Хэлэлцэх асуудлын материалыг цахимаар хүргүүлнэ.

7.Хуралдаанд тухайн хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсэг, асуудал танилцуулах хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд цахим хуралдааныг хэвийн явуулах боломж, нөхцөлийг хангаж биечлэн оролцоно.

8.Хуралдааны ирцэд бүртгүүлсэн төлөөлөгч тухайн хуралдаанаас албан ёсоор чөлөө авалгүй цахим хуралдаанаас гарсан тохиолдолд түүнийг тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно. Хэрэв техникийн саатлаас шалтгаалж цахим хуралдаанаас гарсан бол нэн даруй ажлын албанд утсаар болон бусад хэлбэрээр мэдэгдэнэ.

9.Хуралдааны үед намын бүлэг тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  завсарлага авахаар бол хуралдаан даргалагч асуудлыг тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан энэ дэгд нийцүүлэн завсарлагын хугацааг тогтооно.

10.Төлөөлөгчид хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэх,  тайлбар хийх, асуулт асуухдаа цахим хуралдааны даргад мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр үг хэлж асуулт асууна.

11.Цахимаар хуралдаж  байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн Төлөөлөгчийн саналаар 1 удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж тайлбар авч болно.  Төлөөлөгчийн санал хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байна. Төлөөлөгч үг хэлж, асуулт санал тавьж байх үед техникийн саатал гарсан бол саатлыг арилсны дараа хугацааг үргэлжлүүлэн тооцно.

12.Цахим хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг санал хураалтыг илээр явуулж шийдвэрлэх бөгөөд Төлөөлөгчид цахим төхөөрөмжийн дэлгэцэд харагдахуйц байдлаар гар өргөж санал хураалтад оролцоно. Хэрэв тухайн төлөөлөгчийн дүрс дэлгэцэд ороогүй бол өөрийн дуу хоолойгоор нэрээ хэлээд саналаа өгнө. Санал хураалтын дүнг хуралдаан даргалагч нэгтгэн танилцуулна.

13.Хуралдааны дэг зөрчсөн болон цахим хуралдааны хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй зүйл ярих, цахим хуралдааныг хэвийн явуулахад саад учруулсан үйлдэл гаргавал тухайн төлөөлөгчид хуралдаан даргалагч сануулах ба сануулга авсан төлөөлөгч дахин зөрчил гаргавал түүнийг тухайн хэлэлцэж буй асуудлаар асуулт асуух, үг хэлэх эрхийг нь хязгаарлаж, энэ тухайгаа мэдэгдэнэ.

14.Хуралдааны явцыг дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад техник хэрэгсэл ашиглан явуулах ба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба тэмдэглэл хөтлөн цаасан хэлбэрээр архивын нэгж үүсгэн хадгална.

Арваннэг. Хариуцлага

1.Энэхүү дэгийг зөрчсөн төлөөлөгч бусад оролцогчдод эхний удаа Хурлын дарга хуралдааны дэг сахихыг сануулна. Дахин зөрчвөл тухайн хуралдаанд дахин үг хэлэх, санал гаргах эрхийг нь хасна.

Арванхоёр. Хуралдааны шийдвэр хүчин төгөлдөр болох

1.Хуралдааны шийдвэр нь хуралдаанаар  эцэслэн батлагдаж, Хурлын дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

2.Хуралдааны шийдвэрт тусгайлан заагаагүй бол хуралдааны шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс нь дагаж мөрдөн биелүүлнэ.

3.Хурлын шийдвэрт Засаг дарга хориг тавьсан бол уг шийдвэрийг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх  хүртэл түр түдгэлзүүлнэ.

__________oOo__________

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%