Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Анхдугаар хуралдааны дэг батлах тухай

Огноо: 2020-10-23 Дугаар:02 Нээгдсэн:904

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

 

2020 оны 10 сарын 23 өдөр                       Дугаар 02                           Сүхбаатар сум

 

Анхдугаар хуралдааны дэг батлах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

            1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны дэгийг хавсралтаар баталсугай.

 

 

ХУРАЛДААНЫ ДАРГА Ц.НЯМДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн

02 дугаар тогтоолын хавсралт

 

 

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

АНХДУГААР ХУРАЛДААНЫ ДЭГ

            Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг нээх, удирдах, анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг оруулах, нэр дэвшүүлэх, хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахад энэ дэгийг мөрдөж баримтална.

1.Анхдугаар хуралдааныг нээх

            1.1.Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь нээж удирдана.

2.Анхдугаар хуралдааны хэлэлцэх асуудал, түүний дарааллыг батлах

            2.1.Анхдугаар хуралдаанаар дараах асуудлыг заавал хэлэлцэнэ.

            -Аймгийн ИТХ-ын шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай

            -Аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгох

            -Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх

        2.2.Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг ил санал хураалтаар Төлөөлөгчдийн олонхийн саналаар батална.

3.Шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх

         3.1.Аймгийн ИТХ-ын сонгуулийн дүн, шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоолын төслийг Аймгийн Сонгуулийн хорооны дарга оруулна.

       3.2.Аймгийн ИТХ-ын сонгуулийн дүн, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан төлөөлөгчид асууж танилцана.

            3.3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоолын төслийг ил санал хураалтаар батална.

               3.4.Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

               3.5. Төрийн дуулал эгшиглэнэ.

4.Анхдугаар хуралдааны дэгийг батлах

        4.1.Хуралдааны дэгийн төслийг Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын алба бэлтгэж Төлөөлөгчдөд урьдчилан тараана.

       4.2.Хуралдааны дэгийн төсөлтэй  холбогдуулан төлөөлөгчид асууж тодруулан хариулт авч болох бөгөөд  асуултанд Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын алба хариулт өгөх үүрэгтэй.

        4.3.Дэгийн төсөлд шинээр нэмж оруулах, хасах, өөрчлөх саналаа Төлөөлөгчид дэгийн зүйл хэсэг бүр дээр  тодорхой томьёоллоор гаргана.

        4.4.Дэгийн төсөлд нэмж оруулах, хасах, өөрчлөх талаар Төлөөлөгчдөөс гаргасан зарчмын өөр саналыг ил санал хураалтаар шийдвэрлэж Төлөөлөгчдийн олонхийн санал авсан асуудлыг дэгийн төсөлд тусгана.

          4.5.Хуралдааны дэгийг батлах тухай тогтоолын төслийг батлуулна.

5.Тооллогын комисс байгуулах

       5.1.Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх, Хурлын хорооны даргыг сонгох үйл ажиллагааг нууц санал хураалтаар шийдвэрлэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд санал хураалтыг зохион байгуулж дүнг гарган хуралд танилцуулах үүрэг бүхий тооллогын комиссыг Хурлын төлөөлөгчдийн дотроос дарга, 2 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ил санал хураалтаар сонгон тогтоолыг батална.

         5.2.Тооллогын комиссын бүрэлдэхүүнд орсон төлөөлөгч Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг дарга, Хурлын хорооны даргад нэр дэвшвэл түүний оронд өөр төлөөлөгчийг сонгоно.

         5.3. Тооллогын комиссыг  томилсон тогтоолын төслийг батална.

     5.4.Тооллогын комисс нь дэгд заасан санал хураалтыг зохион байгуулан явуулж, дүнг комиссын тогтоолоор батлан гаргаж хуралдаанд танилцуулна.

6.Хурлын даргыг сонгох

            6.1.Хурлын даргыг Хурлын Төлөөлөгчдийн дотроос нэр дэвшүүлэн сонгоно.

         6.2.Сонгуулийн үр дүнгээр тухайн хуралд хамгийн олон суудал авсан нам эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшсэн хүний талаар товч танилцуулна.

      6.3.Хурлын Төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон өөр бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болох бөгөөд  нэр дэвшүүлсэн хүнийхээ талаар товч танилцуулна.

      6.4.Хурлын Төлөөлөгчид Хурлын даргад нэр дэвшсэн хүний талаар нэр дэвшүүлсэн этгээдээс, мөн нэр дэвшсэн хүнээс асуулт асууж болно.

            6.5.Хурлын даргад нэр дэвшүүлсэн этгээд болон нэр дэвшигч асуултанд хариулна.

            6.6.Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол санал хураалтыг илээр, 2 ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол санал хураалтыг нууцаар явуулна.

            6.7.Тооллогын комисс санал хураалтыг зохион байгуулж явуулна.

            6.8.Санал хураалтын дүнг тооллогын комиссын дарга танилцуулна.

           6.9.Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцож тогтоолыг батлуулна.

           6.10.Хэрэв Хурлын даргад нэр дэвшсэн төлөөлөгчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийг үлдээн дахин санал хураалт явуулна.

             6.11.Шинээр сонгогдсон Хурлын даргад хуралдаан даргалагч тамга гардуулна.

7.Хурлын Тэргүүлэгчдийг сонгох

         7.1.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг Хурлын даргыг оролцуулан 7-11 хүний бүрэлдэхүүнтэй сонгоно.

    7.2.Хурлын Тэргүүлэгчдэд аймгийн ИТХ-д хамгийн олон суудал авсан нам эхэлж нэр дэвшүүлэх бөгөөд хуралд суудалтай бусад нам, Хурлын Төлөөлөгч нэр дэвшүүлж болно.

         7.3. Хурлын Тэргүүлэгчдэд нэр дэвшигчээс төлөөлөгчид асуулт асууж болно.

      7.4.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох санал хураалтыг нэр дэвшсэн хүн тус бүрээр илээр эсвэл нууцаар явуулна. /Санал илээр эсвэл нууцаар хураах асуудлыг  Төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ./

         7.5.Санал хураалтын дүнг тооллогын комисс гаргаж танилцуулна.

        7.6.Хуралд оролцсон Төлөөлөгчдийн хамгийн олон санал авсан энэ дэгийн 7.1-т тогтоосон тооны Төлөөлөгчдийг Хурлын Тэргүүлэгчдээр сонгогдсонд тооцно.

        7.7.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай тогтоолын төслийг ил санал хураалтаар батлуулна.

8.Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх

         8.1.Аймгийн Засаг даргад тухайн хуралд хамгийн олон санал авсан намын бүлэг эхэлж нэр дэвшүүлэх бөгөөд  хуралд суудалтай бусад нам эвслийн  бүлэг нэр дэвшүүлж болно.

         8.2.Аймгийн Засаг даргад Хурлын төлөөлөгч нэр дэвшүүлж болно.

    8.3.Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн нам эвслийн бүлэг, Хурлын төлөөлөгч нэр дэвшүүлсэн  хүнийхээ талаар товч танилцуулна.

    8.4.Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчийн талаар нэр дэвшүүлсэн этгээдээс болон нэр дэвшигчээс асуулт асууж болно.

     8.5.Асуултанд нэр дэвшүүлсэн  нам эвслийн бүлэг, төлөөлөгч эсвэл нэр дэвшигч өөрөө хариулна.

         8.6.Төлөөлөгчид аймгийн Засаг даргад нэр дэвшигчийн талаар саналаа хэлнэ.

      8.7.Аймгийн Засаг даргад нэг хүний нэр дэвшүүлсэн бол санал хураалтыг илээр, 2 ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол санал хураалтыг нууцаар явуулна.

         8.8.Санал хураалтын дүнг тооллогын комисс гаргаж танилцуулна.

         8.9. Хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгож тогтоол гаргана.

      8.10.Хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийг үлдээн дахин санал хураалт явуулна.

  1. Хуралдааны үйл ажиллагаанд баримтлах нийтлэг зүйл

9.1.Хуралдааны үйл ажиллагаа хууль дээдлэх, дэгээ сахих асуудлыг чөлөөтэй хэлэлцэн цөөнхийн саналыг хүндэтгэж олонхийн саналаар шийдвэрлэх зарчимд үндэслэнэ.

9.2.Хуралдааныг нээлттэй явуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл хаалттай явуулж болно. Хуралдааныг хаалттай явуулах асуудлыг төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

9.3.Нам, эвслийн бүлэг тухайн хэлэлцэж буй асуудлаар шаардлагатай гэж үзвэл хуралдаанаас 1 удаа 2 хүртэл цагаар түр завсарлага авч болно.

9.4.Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглох бөгөөд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцно.

9.5.Хуралдаанаар хэлэлцэж буй асуудал бүр дээр төлөөлөгч эхний удаа 5 минут хүртэл хугацаагаар үг хэлж болох бөгөөд дараагийн удаа 3 минутаас илүүгүй хугацаагаар үг хэлж болно.

9.6.Үг хэлж саналаа гаргаж байгаа төлөөлөгчийн үгийг таслах, эсэргүүцэхийг хориглоно.

9.7. Хурлын хуралдааныг 2 цаг тутамд 15 минутын завсарлагатай явуулна.

9.8.Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохдоо дараах журмыг баримтална. Үүэнд:

9.8.1.Гарах, орох, үг хэлэхдээ хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авах.

9.8.2.Хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариу авах, үг хэлэх.

9.8.3.Хэлэлцэж байгаа асуудлаар санал гарган, тодорхой томъёоллоор санал хураалгах.

9.8.4.Хуралдааны дэгийг чанд сахих.

 

  1. Хуралдаан даргалагчийн эрх, үүрэг

10.1.Хуралдааныг дэгийн дагуу удирдан явуулж төлөөлөгчдөөс дэгээ сахин биелүүлэхийг шаардах.

10.2.Төлөөлөгчдөд үг хэлэх зөвшөөрөл олгож үг хэлэх хугацаа чанд мөрдүүлэх.

10.3.Санал хураалтыг томъёолон явуулах, санал хураалтын дүнг мэдээлэх.

10.4.Хуралдааны шийдвэрийг уншиж сонсгон батлуулах.

10.5.Хуралдааны баримт бичгийг үнэн зөв гаргаж баталгаажуулах.

10.6.Хуралдааны дэг зөрчсөн төлөөлөгчид энэхүү дэгийн 11-д заасан хариуцлагыг тооцно.

 

  1. Анхдугаар хуралдааны дэг зөрчсөн төлөөлөгчдөд хүлээлгэх хариуцлага

11.1. Хуралдааны дэг зөрчигсдөд хуралдаан даргалагч эхний удаа сануулна.

11.2.Хоёр дахь удаа зөрчвөл тухай асуудлаар хэлсэн асуулт, саналыг хүчингүйд тооцно.

11.3. Удаа дараа зөрчвөл хурлын танхимаас гаргана.

 

 

________________оОо________________

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%