Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Казак иргэд “Наурыз баяр”-аа өргөн тэмдэглэлээ

2017-03-23

Тус аймгийн Казак иргэд үндэснийхээ “Наурыз” баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Дархан хотын  Казак иргэдийн Наурызийн баярт зориулсан баярын өдөрлөг “Буудай” ресторанд болов. Дархан-Уул аймгийн хүн амын гурав орчим хувийг Казак үндэстэн эзэлдгээс Шарын гол суманд 330 гаруй өрх, Хонгор суманд 200, Дархан, Орхон суманд тодорхой тооны өрх оршин суудаг байна.Дархан-Уул аймгийн Казак Иргэдийн холбооны “Цаст Алтайн бүргэд” ТББ-ын тэргүүн Х.Төмөрхан: “Дархан хот дахь Казак иргэд 1998 оноос хойш үндэсний Наурыз баярыг тэмдэглэж ирсэн. Харин Хонгор, Шарын гол суманд үүнээс өмнө нэлээд эртнээс тэмдэглэж ирсэн уламжлалтай. Манай холбоо хоёр дахь жилдээ Наурызийн баяраараа Казак иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг явуулсан бол сагсан бөмбөгийн тэмцээнийг Улаанбаатар хот болон Налайхын Казак иргэдийг оролцуулж өргөн хүрээтэй явууллаа. Мөн энэ жилийн үндэсний бөхийн барилдааныг аймгийн хурц арслан Шаравханы Муратын нэрэмжит болгож зохион байгуулсан. Аймгийн хурц арслан Ш.Мурат нь Дархан хотын Политехник коллежид суралцаж байхдаа үндэсний бөхийн барилдааны гараагаа Дархан хотоос эхэлсэн болохоор түүний нэрэмжит болгож зохион байгууллаа.

-Танай холбоо чухам ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Зарим нэгээс нь дурдаж хэлнэ үү?

-Манай ТББ гишүүдийнхээ дунд үндэснийхээ зан үйлийг залуу үеийнхэнд зааж сургах, урлаг соёлын ажлыг зохион байгуулах, шилдэг тэргүүний хүмүүсээ төр засаг, орон нутгийн шагналд тодорхойлох зэрэг олон ажлыг хийдэг. Миний хувьд энэ сонгуульт ажлыг сарын өмнө хүлээж аваад анхны ажил болох Наурыз баярын урлаг спортын уралдаан тэмцээнийг зохион байгууллаа. Цаашид тус аймаг дахь Казак иргэдийн нарийвчилсан судалгаа гаргахаар бүх сумын багийн Засаг дарга нартай холбоо бариад эхнээс нь судалгаагаа авч байна. Ингэх нь хичнээн ахмад, хичнээн урлаг спортын алдартнууд, амьжиргааны төвшин доогуур орлоготой иргэд хэд байна вэ гэдгийг тогтоож аваад холбооны зүгээс зохион байгуулах ажлаа төлөвлөнө. Мөн дараа жилийн Наурыз баярыг аймгийн Залуучууд театрт зохион байгуулна гэж бодож байгаа. Хэдэн жилийн өмнө ийм санал гаргахад аймгийн удирдлагууд дэмжиж хүлээж авсан ч тухайн үедээ жаахан эзэнгүйдэж хэрэгжиж чадаагүй. Одоо чинь Дархан, Хонгор, Шарын гол сумын Казак иргэд сум сумандаа баярын хурлаа хийж байна. Үүнийг аймгийн хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулдаг болно гэсэн үг юм.

-Наурыз баярыг бас дэлхийн хэмжээний баяр гэж тэмдэглэдэг болсон юм байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Ер нь 2009 оны есдүгээр сарын 30-нд НҮБ-ын Юнескогийн шийдвэрээр Наурыз баярыг хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн төрөлд бүртгэж авсан. Ингээд 2010 оны хоёрдугаар сарын есний өдрийн НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар “Наурыз баяр”-ыг Олон улсын өдөр хэмээн тунхаглаж тогтоол гаргасан байдаг. Тиймээс энэ баяр бол  Мусалман шашинт орнууд төдийгүй Мусалман шашинтан амьдардаг улс орнууд тэмдэглэдэг баяр болсон юм.

-Энэ жилийн Наурыз баяр хэр зэрэг өргөн дэлгэр болж байна вэ? Казак түмний үндэсний энэ их баяр ямар ямар онцлогтой вэ?

-Наурыз баяр маань сайхан өргөн дэлгэр болж байна. Наурыз баяр нь өдөр, шөнө хоёр тэнцдэг гурав­дугаар сарын 22-ныг шинэ он гарч хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг. Манай Казак түмэн Наурызын баяраар "Көже” хэмээх идээгээ бэлтгэж ах дүү, хамаатан садан, айл хотлоороо бие биеэ дайлж баярладаг заншилтай. Наурызын баярын ширээ идээ будаагаар дүүрэн, хэдий чинээ тансаг байна тэр жилийн амьдрал төдий чинээ өнгөлөг, ажил үйлс өөдрөг байдаг хэмээн үздэг нь Монголчууд цагаан сараар аль болох том сүүлтэй ууц тавих гэдэгтэй төстэй мэт. Наурыз буюу “Хаврын баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхийн тухайд Монголчуудын цагаан сартай нэгэн адил замналыг туулсан гэж хэлж болох юм. Наурызыг 1926 оноос хориглосон гэх боловч 1940-өөд оны эцэс хүртэл Баян-Өлгийд тэмдэглэдэг байлаа. 1990 оны ардчиллын уур амьсгалаар үндэсний ёс заншил сэргэснээр өргөн дэлгэр тэмдэглэх болж төр засгаас анхаарал хандуулж өндөр ач холбогдол өгч төрийн өндөрлөгүүд мэндчилгээ дэвшүүлж шилдэг тэргүүний иргэдийг шагнаж урамшуулдаг, бас хөдөлмөрийн хуулиар амардаг болсон нь үндэсний цөөнх хэмээн нэрлэгддэг Казак иргэдээ хүндэлдэгийн жишээ юм” гэв. Наурыз баярыг Дархан сумаас гадна Шарын гол суманд өргөн тэмдэглэж байгаа бол Хонгор суманд нэг насны морь уралдуулж үндэсний бөхийн барилдаан болж  байна. Дархан-Уул аймгийн Казак иргэдийн шүтдэг Мусальман шашны сум Хонгор, Шарын гол сумын төвд байдаг аж.

                                                                                                                                            Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%