Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг 4 эгнээтэй, нэгдүгээр зэрэглэлийн зам болгоно

2017-01-30

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон яамны холбогдох удирдлагууд, Замын цагдаагийн алба, МХЕГ-ын төлөөллүүд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нөхцөл байдалтай өнгөрсөн баасан гарагт танилцав.

Энэ чиглэлийн замд осол аваар их гардаг, замын эвдрэл ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэрэг хамгийн эрсдэл ихтэй хэд хэдэн цэг байдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгааг газар дээр үзэж танилцав. Тухайлбал Борнуурын гүүр, Тахилтын даваа, Сэтэрхийн хөтөл, зэрэг газарт үзэгдэх орчин хязгаарлагдмал, хажуугийн хөвөө стандарт бус учраас осол аваар ихэвчлэн гардаг “хар цэг”-т тооцогддог байна. Мөн Цайдамын хөндий буюу 200 дахь км-т газар нутгийн онцлог буюу хөрс шорооны онцлогоос шалтгаалж ихээхэн эвдрэл үүссэн тул осол аваар ихээр гардаг аж. Улаанбаатараас Дархан чиглэлийн зам нь 4 дүгээр зэрэглэлийнх бөгөөд тус замаар хоногт 600 орчим тээврийн хэрэгсэл зорчих ёстой байтал хоногт 3500-3800 авто машин зорчиж буйг албаныхан хэллээ. Тиймээс энэхүү замыг зайлшгүй 4 эгнээтэй, 1 дүгээр зэрэглэлийн зам болгох шаардлагатай байгаа аж.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Хөдөлгөөний эрчим ихтэй хоёр гол зам бий. Улаанбаатар-Налайх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамууд. УБ-Дархан чиглэлийн 230 км зам 4 дүгээр зэрэглэлийн зам учир ачааллаа дийлэхгүй нөхцөл байдалд хүрээд байна. Түүнчлэн осол аваар их гарч байна. Тиймээс энэхүү замыг яаралтай өргөтгөж 4 эгнээтэй, цемент бетон хучилттай нэгдүгээр зэрэглэлийнх болгон шинэчлэхээр төлөвлөж байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэлийн цементийг ашиглаж, чанартай зам барих боломжтой” хэмээн хэллээ. 

Хүйтний улиралд цемент бетон хучилтаар барьж байгуулах стандартыг батлах, нөхцөл байдалтай нь танилцах, зураг төсөл хийх зэрэг бэлтгэл ажлыг хангаж дулаарч эхлэхэд зам барих ажлыг шуурхайлахаар төлөвлөөд байгаа аж. Замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын компаниуд энэхүү стандартыг нутагшуулж, цемент бетон зам барьж, байгуулах боломж буйг салбарын сайд хэллээ. Мөн хөрөнгө санхүүжилтээ гадны болон дотоодын хөрөнгө оруулалтыг босгохоос эхлээд бүх хүч, нөөц бололцоогоо нэгтгэж энэхүү замыг барьж байгуулна хэмээн онцоллоо.

Мэдээллийн эх сурвалж: Монцамэ агентлаг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%