Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хонгор сум энэ жил 11709 га талбайд үр тариа тариалжээ

2016-09-30

Намрын хадлан, ургац хураалт ын ажил ид өрнөж буй тул аймгийн удирдлагууд хөдөө аж ахуй зонхилох газруудад ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд 9 дүгээр сарын 28-ны өдөр Хонгор сумын тариа, ногоо хураалтын явц, хадлан бэлчээр, өвөлжилтийн бэлтгэл ажилтай биечлэн танилцлаа.

Энэ жил цаг агаарын хувьд газар тариалангийн салбарт таатай нөлөөлж арвин ургац авах урьдчилсан судалгаа гарсан. Хонгор сумыг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс болгон хөгжүүлэх бодлогыг цаашид баримтлах юм. Өнгөрсөн хавар 92 ААН, иргэн үр тариа 11709 га талбайд тариалснаас улаан буудай 9672 га-д, арвай 1783 га-д, бусад үр тариаг 245 га-д тариалжээ. Одоогоор улаан буудайн хураалт 50 хувьтай явагдаж байгаа бол гурвалжин буудай, хөх тариа, арвай, овьёос зэргийг тухайн үр тарианы онцлогоос хамаараад хураах хугацаа нь болоогүй тул хураалтын ажил эхлээгүй байна.

Ургац тогтоолтоор 16 мянган тн улаан буудай хураан авах боломжтой байна. Үүнээс 2 мянган тн-ыг  ирэх оны тариалалтад, 2.5 мянган тн-ыг үрийн улсын нөөцөд, 11.4 мянган тн-ыг Тариа эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрлэлд нийлүүлэхээр урьдчилан төлөвлөөд байгаа тухай сумын удирдлагууд хэлж байлаа.

Харин төмс, хүнсний ногоог 400 га-д, тосны ургамал 4700 гаруй га-д, 170 га талбайд малын тэжээлийн ургамалыг тус тус тариалжээ. Урьдчилсан судалгаагаар 250 га-гаас 3.1 мянган тн төмс, 150 га-гаас 1.9 мянган тн хүнсний ногоо, 1.7 мянган тн тосны ургамал, 255 тн малын тэжээл хураан авах дүн гарчээ. Дээрх төмс, хүнсний ногооны хураалт 80 гаруй хувьтай явагдаж байна.

Уулзалтаар сумын удирдлагууд тариаланчдад ногоогоо борлуулах, хадгалах асуудал хүндрэлтэй байгааг ярьж байлаа. Энэ асуудал сүүлийн жилүүдэд ихээхэн хөндөгдөж байгаа тул аймгийн удирдлагуудын зүгээс хүнсний ногоог ААН, иргэдийн гарт ямар нэгэн дамжлагагүй хүрдэг нөхцөлийг бүрдүүлэх, томоохон зооринуудыг байгуулах зэрэг ажлуудыг холбогдох албаныхантай хэлэлцэж ойрын хугацаанд тодорхой ажлуудыг эхлүүлнэ гэлээ.

Хонгор сум мал аж ахуйн хувьд 2016-2017 онд гурван багийн 776 малчин, мал бүхий өрхийн 182500 гаруй толгой мал сүрэг буюу хонин толгойд шилжүүлснээр 331000 гаруй мал өвөлжиж хаваржина. Сумын нөөцөд 3600 орчим боодол өвс хадгалагдаж байгаа бөгөөд 1000 боодлыг нэмж нөөцлөх ажээ. Үүнээс гадна 30 тн малын тэжээл, 35 мянган тн байгалийн хадлан авахаас 33 мянган тн байгалийн хадланг өнөөдрийн байдлаар бэлтгэсэн байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тус сум 49 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 25 ажил бүрэн хийгдсэн байна. Одоогоор 17 ажил хийгдэж байгаа бол гурван ажил ондоо багтаж хийгдэх боломжгүй байгаа юм байна. Тодруулбал, 14 дүгээр сургуулийн дотуур байрны сантехник, дээврийн засвар, уг сургуулийн гал тогооны их засвар болон сумын Уурын зуухны нөөц цахилгаан эх үүсвэрийг бий болгох зэрэг ажлууд хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан энэ онд хийгдэх боломжгүй болоод байгаа бөгөөд сумын удирдлагууд “Өвсний үндэс” хөтөлбөрт хүсэлт тавин асуудлыг хэлэлцүүлж байгаа мэдээллийг сумын Засаг дарга П.Баттөр өгсөн юм.

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд хийгдэж буй Хонгор сумын цэвэрлэх байгууламжийн засвар 10 дугаар сарын 15-ны өдөр дуусна. Сургууль цэцэрлэг, Эрүүл мэндийн төв халаалтаа авсан бөгөөд бусад байгууллагууд 10 дугаар сарын 1-ний өдрөөс авах юм байна. Ийнхүү Хонгор сумын тариа, ногоо хураах, хадлан хадах ажил эд өрнөж байгаа байгаа бөгөөд сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%