Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан-Уул аймагт “ТАРИАЛАНЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН-2016” болж байна

2016-04-13

Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй “Тариаланчдын улсын зөвлөгөөн” Дархан –Уул аймагт 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаагаар эхэллээ. Үзэсгэлэн, худалдааг нээж ХХААЯамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд үг хэлэв.

Тэрбээр “Газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд тухайн бүс нутгийн хөрс, байгаль цаг уурын онцлог, үйлдвэрлэлийн цар хэмжээнд тохирсон дэвшилтэт техник, технологийг цаг алдалгүй нэвтрүүлэх явдал туйлын чухал юм. Тиймээс зөвлөгөөн, үзэсгэлэнг зорин ирсэн тариаланчид та бүхэн үзэсгэлэнд тавигдсан техник, бүтээгдэхүүнийг биечлэн үзэж, үйлдвэрлэгч, борлуулагчийн зүгээс үзүүлж буй боломж, саналтай танилцан улмаар гэрээ, хэлцэл хийж үзэсгэлэндээ өндөр ач холбогдол өгч оролцохыг урьж байна” хэмээсэн юм.   

Энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн тенхик, сэлбэг тоног төхөөрөмж, үр, бордоо ургамал хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг, энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг 20 гаруй аж ахуйн нэгжүүд өөрсдийн худалдаалж буй техник бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцууллаа.

Мөн үзэсгэлэнгийн үеэр мэргэжлийн хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож судалгаа шинжилгээний үр дүн, таримал ургамлын нутагшсан болон ирээдүйтэй сорт, технологийг танилцуулж бордоо, ургамал хамгааллын бодисыг хэрхэн зохистой хэрэглэх талаар технологи арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

“Тариаланчдын улсын зөвлөгөөн 2016”-ын албан ёсны хурлын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат баяр хүргэж  үг хэлсэн бөгөөд Дархан-Уул аймгийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдал болон, энэ салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн зүгээс баримталж буй бодлогыг танилцуулсан юм. Тэрбээр "2016 он бол та бидний хувьд маш хариуцлагатай, ажлын ачаалалтай жил байх болно. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбарын үйлдвэрлэлд гарсан сэргэлтийг цаашид хэвээр хадгалж, үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах нь энэ салбарын хойшлуулшгүй зорилт болж байна. Цаашид аймгийн газар тариалангийн салбарын хэтийн зорилго нь газар ашиглалтыг сайжруулж, зөв сэлгэж тариалснаар хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх,  нэгж талбайгаас авах ургацын хэмжээг өсгөх замаар аймгийн хүн амын үр тариа, төмс, хүнсний ногооны  хэрэгцээг бүрэн хангаж, улмаар зах зээлд нийлүүлэх явдал байх юм." гэв.

 2016 онд Дархан-Уул аймгийн газар тариалангийн салбарт:

  •   Газар тариалангийн үйлдвэрлэлийн технологид нийцсэн техникийн шинэчлэлт хийхэд түлхүү анхаарч, 35 хувьд хүргэх
  •   Үр тарианы газрыг УГТХүрээлэнтэйгээ хамтран хөрс, агрохимийн  шинжилгээнд бүрэн хамруулах
  •   Чанар сайтай 13500 га талбайд уринш боловсруулах
  •   Үр тариа 9500 га талбайд тариалж 10.5 мянган тонн ургац хураах, өмнөх оноос 6.0 мянган тонноор нэмэгдүүлэх 
  •   Төмс 600 га талбайд тариалж, 7200 тн ургац хураах
  •   Ургацын хэмжээг 11.0 хувиар өсгөх
  •   Хүнсний ногоо 950 га талбайд тариалж, 11400 тн ургац хураах, өмнөх жилийн мөн үеэс ургацын хэмжээг 6,7 мянган тонноор нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг тавьжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%