Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Дархан-Уул аймгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

2016-04-04

Улсын Их Хурлын дарга 2013 оны 09 дүгээр сард Чингис  бондоос 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан “Эко ноос” ноосны үйлдвэрт ажиллав. Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм. Тус үйлдвэр жилд 2389.5 тн бохир ноос боловсруулж 1911.0 тн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. 2015 онд үндсэн 13 ажлын байр, түр 16 ажлын байрыг шинээр нэмэгдүүлж одоогийн байдлаар нийт 52 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулдаг байна. 

Хонины бүдүүн, бүдүүвтэр ноосыг Япон Улсын дэвшилтэт техник, технологиор боловсруулан хүний эрүүл мэнд, байгаль дэлхийд хор нөлөөгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэх зорилт тавин ажилаж байгаа талаар үйлдвэрийн удирдлагууд танилцуулсан юм. Дотоодын болон Япон Улсын амины орон сууцны барилгын дулаалгад өргөнөөр ашиглагдах хонины цэвэр ноосоор хийсэн барилгын дулаан, дуу чимээ тусгаарлах материалыг үйлдвэрлэх юм. 

Тус компани одоогийн байдлаар үйлдвэрт хэвшүүлэх туршилтаар нийт 28 тн ноос боловсруулж 200 м3 бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүтээгдэхүүний чанар стандартын сорилт шинжилгээнүүдэд явуулж дотоодын болон Япон Улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж аваад байна. Эдгээр бүтээгдэхүүнээрээ дотоодын барилгын материалын үзэсгэлэнгүүд болон БНХАУ, Япон Улсын үзэсгэлэн яармагуудад “Хаан ноос” нэрээр бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцсон байна. Япон Улсын зах зээлд 2016 оны 07 сараас нийлүүлэхээр тус улсын “Скай групп”-тэй хамтарч ажиллаж байгаа бөгөөд барилгын материалын зах зээлд бүтээгдэхүүнийг борлуулахаар тус улсын хэд хэдэн компанитай хамтран ажиллах протоколд гарын үсэг зурж баталгаажуулсан болохоо Улсын Их Хурлын даргад танилцуулж байв.      Чингис бондын хөрөнгөнөөс дэмжлэг авсан “Эко ноос” үйлдвэр Япон Улстай хамтраад барилгын дулаалгын материалыг хонины ноосны хялгасаар үйлдвэрлэхээр болжээ. Тус үйлдвэрийг Дархан-Уулд байгуулахаар болсон бөгөөд эхний ээлжинд шууд Япон Улс руу гаргах юм. Үүний шалтгаан нь манайд барилгын дулаалгад шилэн хөвөн, хөөсөнцөр зэргийг түлхүү ашигладаг тул худалдан авалт олдохгүй гэж үзсэнтэй холбоотой гэнэ. Гэтэл хонины ноос дотроо хөндий учир дулааныг сайн хадгалдаг давуу талтай. Мөн нанотехнологиор баяжуулснаар галд шатдаггүй, амархан ялзардаггүй, хорхой шавж үрждэггүй болгожээ. Хонины ноосны хялгасаар үйлдвэрлэсэн барилгын материал нь нэгдүгээрт, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл мэндийн шаардлагыг хангахын зэрэгцээ, дулаан хадгалалтаараа ч бусад материалаас давуу талтайг судлан тогтоосон байна. 

Мөн “Дархан минж” компанийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани Улаанбаатар хотод оёдол, Дархан-Уул аймагт арьс шир боловсруулах чиглэлийн 2 үйлдвэртэй бөгөөд 2015 оны 1 дүгээр сард Чингис бондоос 4,9 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. 2015 авсан зээлийнхээ хүүг төлж байсан бол, 2016 оноос эхлэн үндсэн зээлийн төлөлтөнд орсон талаар гүйцэтгэх захирал Б.Байгальмаа Улсын Их Хурлын даргад танилцуулав. “Дархан минж” компани Чингис бондоос авсан санхүүжилтээр арьс шир боловсруулалтын 5 төрлийн төхөөрөмж худалдаж авсан бөгөөд технолгийн шинэчлэлийн туршлага судлуулахаар ажилчдаа БНТУ-д сургалтанд хамруулсан.     Мөн Нэхий гутлын үйлдвэр болон агуулахын зориулалт бүхий сэндвичэн барилга барилгыг Чингис бондоос авсан санхүүжилтээр барьжээ. Тоног төхөөрөмжөө шинэчилснээр бүтээгдэхүүний чанар олон улсын стандартад нийцэх болсон байна. Тус компани монгол хонины нэхийг орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар эх орондоо боловсруулан, чанар стандартын шаардлага хангасан чанарлаг, загварлаг нэхий дээл, арьсан эдлэл үйлдвэрлэн дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Цэрэг, армийн албан хаагч, ажиллагсдын өвлийн хувцсыг чанар, стандартын дагуу үйлдвэрлэн нийлүүлдэг аж. “Дархан минж” компани Турк, Испани зэрэг орны мэргэжилтнээс туршлага судлан хамтран ажилласны үр дүнд, жилдээ 250 мянган ширхэг нэхий боловсруулж,  20-35 мянган төрөл бүрийн загварын нэхий дээл, малгай, бээлий зэргийг үйлдвэрлэдэг байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%