Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

2015-12-31

Уудам Монгол оронд минь он солигдож, хуучныг үдэж, шинийг угтан авч байна. Хүмүүний амьдралын түүх 365 хоногоор баяжиж, хот суурины хөгжил нэгэн жилээр зузаарсан намтар баялаг арвантаван оныг үдэж, цаг хугацаатай уралдан хөдөлмөрлөж бүтээх арванзургаан оныг угтан авч буйгаараа энэхэн өдрүүд онцгой юм. Өнгөрсөнд хийж хэрэгжүүлснээ үнэлж цэгнэн, ирэх цаг хугацаанд бүтээж босгохоо төлөвлөж, зорилго тэмүүллээ тодорхойлдог нь он солигдох мөчийг онцгойлох шалтгаан болдог билээ.    
Чингэлтэй дүүргийн хувьд 2015 он хөдөлмөр бүтээлээр дүүрэн сайхан жил боллоо. Хүн ардын минь хувьд ч ололт, амжилтаар жигүүрлэсэн бүтээлч нэгэн он байлаа. Цаг нартай уралдан сурч, ажиллаж, амжилт өөд тэмүүлсэн иргэн бүр бахархан дурсах эрхтэй нэгэн жил улиран одож байна. 
Нутгийн өөрөө удирдах байгууллагын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2012 оноос бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дүүргийнхээ 19 хорооны 35 мянга гаруй өрхийн 170 гаруй мянган иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газартай нягт хамтран ажиллаж ирлээ. 
2015 он Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд Хүний хөгжилд тулгуурласан, Төр иргэний хамтын ажиллагаанд суурилсан, Дүүргийн нийгэм, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангасан Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх зорилт тавьж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө мэдлэг оюунаа дайчилсан 365 хоног байлаа.        
2015 он мөн “Иргэний оролцооны жил” байлаа. Ая тухтай амьдралынхаа төлөө, оршин сууж буй хороо, дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө иргэн бүр оролцоогоо бий болгож, аливаа шийдвэрт санал бодлоо тусгах боломж бололцоо хороо бүрт байгуулагдсан Иргэний танхимуудаар дамжин нээгдсэн билээ. Бид дүүргийнхээ хөгжилд иргэдийнхээ бүтээлч санаачилга, идэвхтэй оролцоог эрхэмлэн, хамтын ажилллагааг хөгжүүлэхийг зорьж, үндэс суурийг ийнхүү тавьж чадсандаа баяртай байна.
2016 онд иргэдийнхээ ая тухтай амьдралын төлөө зорьж тэмүүлсэн бүхнээ гүйцээн, амьдралын чанарт өөрчлөлт авчрахын төлөө Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бодлого шийдвэрээ чиглүүлэн ажиллах болно.  
2016 он эрдмийн их тахилгат Чингэлтэй хайрхны өвөрт ажил, амьдралаа цогцлоосон хүн бүхэнд, өрх айл болгонд дэгжин дээшлэх ивээл ерөөлийг хайрласан сайхан жил байх болтугай. 
Нийслэл, дүүрэг, орон нутгийнхаа  айл өрх бүрт, хүн бүхэнд шинэ оны баярын мэндийг аз жаргалын дээд, амжилтын амттай хамтатган хүргэе! Сайхан баярлаарай!

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН 
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА 
Дамжингийн БАТ-ЭРДЭНЭ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%