Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Их ялалтын баярын арга хэмжээ Дарханд эхэллээ

2015-04-15

“Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ой” дурсгалын медалийг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдран суугаа ахмад дайчдад гардуулах ёслолын ажиллагаа ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий Консулын газарт боллоо.  

Медаль гардуулахын өмнө Ерөнхий консул А.Ц.Доржиев хэлэхдээ “Аугаа их эх орны дайны ялалт нь Орос болон хамтын нөхөрлөлийн орнуудын төдийгүй бүх хүн төрөлхтний хувьд фашизмын түрэмгийллийг бут цохиход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн онцгой үйл явдал болсон юм. Дайн эхэлсэн дөнгөж хоёр дахь өдөр нь 1941 оны 6 сарын 23-нд МАХН-ын Төв Хороо, Улсын Бага Хурал, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлаар Германы зандалчдын эсрэг тэмцэлд Монгол Улс нь Оросыг дэмжихээ илэрхийлсэн шийдвэр гаргасан нь дэлхийн бусад улс орнуудаас хамгийн эхнийх нь байлаа. Монголын ард түмэн дайны бүхий л туршид Зөвлөлтийн фронтын дайчдад бэлэг болгон дулаан хувцас, шилдэг монгол морьдоо илгээж байсныг бид халуунаар дурсан санадаг. Улмаар “Монгол Ард” нисэх онгоцны эскадриль, “Хувьсгалт Монгол” танкийн цувааг фронтод хүлээлгэн өгсөн нь ялалтын торгон мөч хүртэл эрэлхэг баатарлагаар тулалдсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Зөвлөлт, Монголын дайчид мөр зэрэгцэн тулалдаж Японы булаан эзлэгчдийг бут цохин Хятадын газар нутгийг чөлөөлсөн. Фашизмын эсрэг Орос, Монголын ард түмний хамтын тэмцэл нь хоёр орны ах дүүгийн найрамдлын түүхэн том үеийг ийнхүү улам тодоор баталгаажуулсныг хойч үеийнхэн үеийн үед мартах учиргүй. Өнөөдөр энэхүү хүндтэй медалиар шагнагдаж байгаа Монголын ахмад дайчин бүр эх орны дайны их ялалтанд өөрийн хувь нэмрээ оруулсан билээ. Та бүхэнд ялалтын баярын мэнд хүргэе!” хэмээн онцлон тэмдэглэлээ.    

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зарлигийг уншин сонсгосны дараа Ерөнхий консул А.Ц.Доржиев ахмад дайчдад ялалтын медалийг нь зүүж өгөв. Шагнагдсан ахмад дайчдыг төлөөлөн Дархан-Уул аймгийн Ахмад дайчдын Хорооны тэргүүн Д.Цэрэндаш Орос Улсын төрийн тэргүүнд талархал илэрхийлж, хуран цугласан олонд эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын мэнд хүргэв. Ирэх 5 сарын 9-нд Орос Улсад тэмдэглэх ялалтын баярыг угтсан арга хэмжээ Дархан-Уул аймагт ийнхүү яг нэг сарын өмнөөс гараагаа эхэллээ.


Ө.РАГЧААСҮРЭН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%