Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2025-05-30

АЙМГИЙН ИТХ-ЫН 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2025 оны 05 дугаар сард хуралдаагүй. Хурлын дарга, Бодлогын хороо, Ажлын албанаас дараах ажлууд хийгдсэн байна. Үүнд:

Бүсчилсэн хөгжил, дэд бүтэц, хөдөө аж ахуйн бодлогын хороо хуралдав

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бүсчилсэн хөгжил, дэд бүтэц, хөдөө аж ахуйн бодлогын хороо 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагаас хуралдлаа. Хурлаар ХАА-н газраас Атрын 4-р аяны бэлтгэл ажлын явц, ЖДҮ-ийн сангийн зээл олголт, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас сумдын газар зохион байгуулалтын талаар мэдээлэл сонсов.

Сумдын итх-ын дарга нартай цахим уулзалт хийв

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бүсчилсэн хөгжил, дэд бүтэц, хөдөө аж ахуйн бодлогын хорооноос 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14.00 цагаас Атрын 4-р аяны бэлтгэл ажлын явц, ЖДҮ-ийн сангийн зээл олголт болон сумдын газар зохион байгуулалтын талаар мэдээлэл сонсож хуралдсан. Уг асуудлаар сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай /түймэр гарсан сумдаас бусад/ цахим уулзалт хийж мэдээллийг холбогдох газруудаар өгүүлэн санал солилцсон юм. Уулзалтад газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох "Гэгээлэг трейд" ХХК-ийн захирал Ц.Чулуун, "Түмэн бут" ХХК-ийн захирал Х.Даваахүү, "Цэгээн хуст" ХХК-ийн захирал Б.Ганболд нар оролцлоо.

Яаралтай тусламжийн нэгдсэн “112” дугаарлалттай болох асуудлаар уулзалт хийлээ

Монгол Улсын Засгийн газрын “Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн даргаар ахлуулсан ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар 2025 оны 05 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч уулзаж санал солилцлоо.

Уулзалтаар яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх болсонтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцлээ. Улсын хэмжээнд яаралтай тусламжийн нэгдсэн 112 дугаарлалттай болсноор яаралтай тусламжийн дуудлагыг ямар ч үед (үүрэн холбооны сүлжээ үл харгалзан), хаанаас ч түргэн тусламж, гал команд, цагдаагийн дуудлагыг 112 дугаарт өгч цаг алдалгүй тусламж авах боломжтой болох юм.

Яаралтай тусламжийн дуудлага мэдээллийг нэгдсэн “112” дугаарлалтад шилжүүлэх ажлын хүрээнд программ хангамж шинэчлэх, систем өргөтгөхөд шаардагдах зардлыг 2026 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх юм.

Аймгийн ИТХ-ын Ажлын алба Орхонтуул, Баруунбүрэн, Сант, Орхон, Сайхан суманд ажиллав

Аймгийн ИТХ-ын 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 17 сумын ИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагаанд зөвлөн туслах ажил хийгдэж буй. Ажлын алба 2025 оны 05 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Орхонтуул, Баруунбүрэн, Сант, Сайхан, Орхон суманд ажиллалаа.

Зөвлөн туслах ажлын хүрээнд "Ажлын албаны зохион байгуулалтын ажил" (Хурлын тухайн жилийн төлөвлөгөө, гүйцэтгэл, Байгууллагын болон албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, Захирамжлалын баримт бичгийн хууль эрх зүйн үндэслэл, стандарт, Хяналт шалгалтын ажлууд), "Хууль тогтоомжийн хэрэгжилт" (Шилэн дансны хуулийн хэрэгжилт, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийн ашиглалт, Мэдээлэл сурталчилгаа, олон нийтийн оролцоо), "Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа" (Хуралдааны материалын бүрдүүлэлт, Захиргааны актын хувийн хэргийн хөтлөлт, Баримт бичгийн эмх цэгц хадгалалт хамгаалалт, Өргөдөл гомдол хүлээн авах шийдвэрлэлтийн байдал гэх мэт ) зэрэгтэй танилцан шаардлагатай асуудлуудад зөвлөн туслах юм.

Аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдав

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 11.00 цагт хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

1. Аймгийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгээс ирсэн албан бичгийн тухай

2. Аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчдөөс ирсэн саналын тухай

3. Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Хуралд аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 6 гишүүн танхимаар, 1 гишүүн цахимаар оролцож хурлын ирц 100 хувь байв.

Аймгийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчид мод тарилаа

“Бүх нийтийн мод тарих өдөр” болон “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний” хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны албан хаагчид 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр аймгийн төвийн Партизаны талбайн урд цэцэрлэгт хүрээлэнд чимэглэлийн 30 ширхэг голтбор модыг тарьж суулгалаа. Цаашид тарьсан модныхоо усалгаа арчилгааг бүрэн хариуцан ажиллах юм.

Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг Орхон аймагт боллоо

Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлыг байгаль орчинд ээлтэй, оновчтой аргаар зохион байгуулах, энэ төрлийн ургамлыг хууль бусаар ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт боллоо.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын 3-р тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрхэсбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, мансууруулах үйлчилгээтэй олсны ургамалтай тэмцэх ажил” сэдвээр танилцуулсан бол “Ботаникийн эцэрлэгт хүрээлэн”-ийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Лянхуа “Мансууруулах үйлчилгээтэй таримал олс ургамлын биологи, тархац, нөөцийн судалгааны үр дүн”, УХЭШХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор О.Ариунаа “Олсны ургамлыг устгах ажлыг үр дүнг чанартай явуулахад анхаарах асуудал”, ШШЕГ-ын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ламчин “Шүүх шинжилгээний ерөнхий газраас мансууруулах үйлчилгээтэй олсны ургамалд хийж буй шинжилгээний үр дүн”, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Отгон “Олсны ургамлын таримал хэлбэр, шилдэг сортууд ба тэдгээрийн тариалалтын өнөөгийн байдал”, УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Б.Батсайхан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа” сэдвээр танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах зориулалттай тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, туршилт, судалгааны талбайг нийслэл болон орон нутагт байгуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй талаар оролцогчид санал бодлоо илэрхийлж байлаа.

Хэлэлцүүлэгт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа П.Сандагсүрэн тэргүүтэй Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар, орон нутгийн Цагдаагийн газрын дарга, Байгаль орчны газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Прокурорууд, алба хаагчдаас бүрдсэн 100 гаруй төлөөлөл оролцлоо.

“Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлгийн төсөл”-ийн урт хугацааны төлөвлөлтэй холбоотой асуудлаар санал солилцлоо

АДРА Олон Улсын байгууллага нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Органик Хөдөө аж ахуйн түншлэл”, “Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлгийн” төслүүдийг 2018, 2022 оноос хэрэгжүүлж байна. “Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлгийн төсөл” 2 дох үе шатандаа хэрэгжиж, Орхон, Хангай үүлдэрийн хонь үржүүлж байгаа малчдын хонины чанар, үүлдэрийг сайжруулах зорилгоор биотехнологийн дэвшилтэт арга болох дурангийн аргаар Австрали улсаас импортлон оруулж ирсэн өндөр ашиг шимт үүлдрүүдийн гүн хөлдөөсөн үрийг ашиглан үр шилжүүлэн суулгах ажлыг нийт 680 хонинд үр дүнтэй зохион байгуулж гүйцэтгэжээ.

2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ГХБХБГ-ын дарга С.Саруултөгс, ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэнгэлсайхан нар АДРА Олон Улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, төслийн цаашид хэрэгжүүлэх урт хугацааны төлөвлөлттэй холбоотой асуудлаар санал солилцож, зөвлөлдлөө.

 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9243
7567 / 82%
1037 / 11%
304 / 3%
335 / 4%