Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлыг байгаль орчинд ээлтэй, оновчтой аргаар зохион байгуулах, энэ төрлийн ургамлыг хууль бусаар ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт боллоо.
Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын 3-р тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрхэсбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, мансууруулах үйлчилгээтэй олсны ургамалтай тэмцэх ажил” сэдвээр танилцуулсан бол “Ботаникийн эцэрлэгт хүрээлэн”-ийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Лянхуа “Мансууруулах үйлчилгээтэй таримал олс ургамлын биологи, тархац, нөөцийн судалгааны үр дүн”, УХЭШХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор О.Ариунаа “Олсны ургамлыг устгах ажлыг үр дүнг чанартай явуулахад анхаарах асуудал”, ШШЕГ-ын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ламчин “Шүүх шинжилгээний ерөнхий газраас мансууруулах үйлчилгээтэй олсны ургамалд хийж буй шинжилгээний үр дүн”, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Отгон “Олсны ургамлын таримал хэлбэр, шилдэг сортууд ба тэдгээрийн тариалалтын өнөөгийн байдал”, УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Б.Батсайхан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа” сэдвээр танилцуулга хийж, мэдээлэл өглөө.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах зориулалттай тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, туршилт, судалгааны талбайг нийслэл болон орон нутагт байгуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй талаар оролцогчид санал бодлоо илэрхийлж байлаа.
Хэлэлцүүлэгт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа П.Сандагсүрэн тэргүүтэй Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар, орон нутгийн Цагдаагийн газрын дарга, Байгаль орчны газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Прокурорууд, алба хаагчдаас бүрдсэн 100 гаруй төлөөлөл оролцлоо.








