Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан 2025 оны 04 дүгээр сард 1 удаа хуралдаж 16 асуудал хэлэлцэн 21 тогтоол баталлаа. Үүнд:
1.“Аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай” асуудлыг хэлэлцээд аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж үнэллээ.
2. “Аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа. Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичгээс 40, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөтөлбөрөөс 20, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-аас 1, “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-өөс 16, “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-өөс 272, “Ногоон хөгжлийн бодлого 2030” бодлогын баримт бичгээс 10, нийт 274 заалтыг хэрэгжүүлэхээр боловсруулан тусгажээ.
3. “Сумдад 2025 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны хязгаар тогтоох тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.
4. “Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд 4038860 нэгж талбарын дугаартай хот суурин газар дахь хөдөө аж ахуйн бүс газраар төлөвлөгдсөн 39,19 га газрыг бүхэлд нь, 4038927 нэгж талбарын дугаартай үйлдвэрийн бүс газраар төлөвлөгдсөн 136.49 га газраас 17 га газрыг нийт 56,19 га газрыг орон сууц олон нийтийн бүс болгон өөрчлөн баталлаа.
5. “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай” асуудлыг хэлэлцээд Сүхбаатар сумын 4, 8 дугаар багийн 100 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний 34 дүгээр байршлын урд байрлах амины орон сууц байхаар төлөвлөгдсөн 2 айлын газрыг үйлчилгээтэй нийтийн орон сууцны зориулалттай болгож шинэчлэн баталлаа.
6. “Санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцээд Үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалтаар Сайхан, Орхон сумын нутаг дэвсгэрт 1 байршлын 145.88 га газрыг “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжлээ.
7. “Үндсэн хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох, худалдах хөрөнгийн доод үнийг тогтоох тухай”, “Үндсэн хөрөнгө балансаас баланст шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай”, “Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах тухай” зэрэг орон нутгийн өмчийн асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
8. “Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Журам батлах тухай” 29 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.13-т заасан “аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч “ гэснийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга гэж өөрчлөх, мөн зөвлөлийн бүрэлдэхүүнд шинээр аймгийн Авто тээврийн төвийн дарга, Тээврийн Цагдаагийн албаны Төмөр замын Цагдаагийн газрын Сүхбаатар зангилааны чиглэлийн ахлах ажилтан гэж тус тус нэмж баталлаа.
9. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн баталлаа.
10. "Журамд нэмэлт оруулах тухай" асуудлыг хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны “Журам шинэчлэн батлах тухай” 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Орон нутгийн байгууллагыг гавьяат үйлстний нэрэмжит болгоход мөрдөх журам”-ын Хоёр-т 2.5 дахь хэсэг болгон “Иргэдийн амь нас, эрүүл мэнд болон төр, олон нийтийн өмч хөрөнгийг авран хамгаалах үйлсэд баатарлаг гавьяа зүтгэл гарган амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, мөн эсэн мэнд байгаа иргэн” гэж нэмэлт оруулан баталлаа.
11. "Нэрэмжит болгох тухай" асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 36 дугаар ангийг Майдарын Батхааны нэрэмжит болгон тогтоолоо.
12. "Зөвшөөрөл олгох тухай" болон "Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай" асуудлыг хэлэлцээд Мандал суманд буддын шашны “Хараагийн Дарь эх” хийд байгуулж дүрмийн дагуу шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар, Сайхан суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Хөтөл долоо дахь өдрийн адвентист”, Баянгол суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Эзний давалгаа” сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар тус тус сунгалаа.
13. "Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай" асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг 2025 оны 09 дүгээр сард, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг 2025 оны 09 дүгээр сард, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг 2025 оны 08 дугаар сард, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг 2025 оны 07 дугаар сард тус тус тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрлөө.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА
