УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл нар Сэлэнгэ аймагт ажиллахаар хүрэлцэн ирлээ.
Зочдыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон хүлээн авч уулзаж өнөөдөр болох “Өсвөр насныхан холбогдсон болон хохирсон гэмт хэрэг, түүнд нөлөөлж буй хүчин зүйл” сэдэвт хэлэлцүүлгийн талаар болон Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар санал солилцлоо.
Аймгийн хэмжээнд үйлдэгдсэн өсвөр насныхан холбогдсон болон хохирсон гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийж, улмаар бууруулах арга замыг тодорхойлон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа хамтран гаргах зорилгоор Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газраас хамтран “Өсвөр насныхан холбогдсон болон хохирсон гэмт хэрэг, түүнд нөлөөлж буй хүчин зүйл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2025-04-02) зохион байгуулах юм.