ПАГВАЖАВЫН НЯМДАВАА
(1947-2025)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Шинжлэх Ухааны Академийн гишүүн, Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Улсын Их хурлын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд асан төр, нийгмийн зүтгэлтэн, Сэлэнгэ нутгийн бахархалт хүү Пагважавын Нямдаваа нь 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Академич ПАГВАЖАВЫН НЯМДАВАА нь 1947 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрж, 1966 онд Улаанбаатар хотын Хүн эмнэлгийн техникумыг Хүний бага эмч-эх баригч, 1971 онд Монгол Улсын Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч, 1977 онд БНАГУ-ын Берлин хот дахь Хумбольдтын их сургуульд Анагаах ухааны доктор, 1989 онд ЗХУ-ын Анагаах ухааны академийн Москва хот дахь Д.И.Ивановскийн нэрэмжит Вирус судлалын хүрээлэнд АШУ-ны докторын зэрэг хамгаалсан. Монгол Улсад Анагаах ухааны вирус судлалыг үндэслэгч, Монгол Улсын ШУА-ын гишүүн, Монголын анагаах ухааны академийг үүсгэн байгуулагч нэрт эрдэмтэн юм.
Тэрээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт амьдралынхаа 59 жилийг зориулсан төдийгүй эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ түвшинд гарахад үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. Тэрбээр Анагаах ухааны дээд сургуульд багш, Эрүүл ахуй, халдвар, нян судлалын Улсын институтэд эрдэм шинжилгээний ажилтан, вирус судлалын лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, Эрүүлийг хамгаалах яамны урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн орлогч сайд бөгөөд Улсын ариун цэвэр, халдвар судлалын ерөнхий байцаагч 1991-1996 он, 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, 1998-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нийгмийн бодлогын зөвлөх, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн зэрэг албыг нэр төртэй хашиж, эрүүл мэндийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгон шинэчилсэн төдийгүй Монгол Улсын анагаах ухааны вирус судлалыг үндэслэгч, Шинжлэх Ухааны Академийн төрөлжсөн академи болох Монголын Анагаах Ухааны Академийг үүсгэн байгуулагч анхны ерөнхийлөгч, нэрт эрдэмтэн байлаа.
Мөн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Тайланд улсын Рангситын Их сургуулийн хүндэт доктор, Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йоркийн Шинжлэх ухааны академийн гишүүн, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Зүүн Өмнөд Азийн Бүсийн хорооны Эрүүл мэндийн зөвлөх хорооны гишүүн, Гүйцэтгэх хорооны гишүүн, Номхон далайн Баруун Эргийн Бүсийн хорооны “Улаанбурхан өвчний тахалт тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах” бүсийн хорооны гишүүн, Вакцин дархлаажуулалтын Глобал альянсын Удирдах зөвлөлийн гишүүн, Томуу болон амьсгалын замын бусад вируст халдварыг судлах олон улсын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, Оросын Холбооны Улсын Анагаах Ухааны академийн сэтгүүлийн эрхлэгчдийн зөвлөлийн гадаад гишүүнээр тус тус ажиллаж байв.
Тэрбээр монгол, англи, орос, герман хэлээр нийт 900 гаруй бүтээл хэвлүүлж, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хөндлөнгийн хянан магадлагаа (Peer-reviewed) сэтгүүлд нийтлүүлсэн бүтээл, түүнээс эш татсан тоогоороо Монголын анагаахын эрдэмтдийг тэргүүлдэг, дэлхийд танигдсан эрдэмтэн байлаа.
Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж Монгол Улсын болон олон улсын нэр хүндтэй шагналуудаар шагнажээ. Тухайлбал, 1995 онд Тайланд улсын Рангситын их сургуулийн хүндэт доктор, 2001 онд Монгол Улсын АУИС-ийн хүндэт доктор, 2001 онд Монгол Улсын “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, 2004 онд Нийслэлийн “Хангарди” одон, “Алтангадас” одон, 2007 онд Монгол Улсын “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан”, 2015 онд ШУА-ийн “Хубилай хаан” алтан медаль, 2021 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн.
Төр нийгмийн нэр зүтгэлтэн П.Нямдаваагийн эрүүл мэнд болон шинжлэх ухааны салбар, Сэлэнгэ сайхан нутагтаа оруулсан үнэтэй хувь нэмэр, нөр их хөдөлмөр, төлөв даруу зан чанар бидний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР