📌Манай дүүрэг бусад дүүрэгтэй харьцуулахад малчин айл өрх их бөгөөд 2022 оны жилийн эцсийн байдлаар 170,805 толгой мал тоолуулжээ. Малчид, мал бүхий иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч сонсохын тулд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Малчдын өдөрлөг”-ийг 2023 оны 06-р сарын 27-ний өдөр 3,5-р хороонд зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж ИТХ-ын дарга Т.Отгонболд үг хэлж, ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Засаг даргын орлогч Б.Балжинням нар оролцож малчид, мал бүхий 80 гаруй иргэд “Малчдын өдөрлөг”-т хүрэлцэн ирлээ.
Малчдын өдөрлөгт дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням Малын хөлийн тоо толгой, албан татварын орлого түүний хэрэгжилтийн талаар мэдээ мэдээлэл өгсөн бол Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Р.Өнөржаргал малчид, мал бүхий иргэддээ Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл хүргэлээ.
Уг өдөрлөгийн хүрээнд малчид, мал бүхий иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонсох, төрийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор Дүүргийн Шүүхийн тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, Мал эмнэлэг, Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн монгол Олон улсын байгууллагын Багануур ОНХ, Соёлын ордон, Үсчин, Гоо сайхан, ААНБ-ууд хамтран ажиллаа. Дээрх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаар давхардсан тоогоор 185 малчид, мал бүхий иргэд мэдээ мэдээлэл авлаа.
-Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт Өргөмжлөл”-өөр 3-р хорооны малчин Б.Бямбадорж
-Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт Өргөмжлөл”-өөр 5-р хорооны малчин Ц.Алдар
-Дүүргийн Засаг даргын Жуух бичгээр 3-р хорооны малчин О.Баярсайхан
-Дүүргийн Засаг даргын Жуух бичгээр 5-р хорооны малчин Б.Алтанзул нарыг тус тус шагналаа.
-МУ-ын Татварын тухай хуульд зааснаар малын тоо толгойн албан татвараа хариуцлагатай төлсөн 3-р хорооны малчин Б.Хурцжавхлан, 5-р хорооны малчин Л.Амарзаяа нарт батламж гардууллаа.
-Нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхи санаачлагатай оролцсон Wella salon Мастер үсчин Ө.Болор-Эрдэнэ, Т.Баттулга нарт ИТХ-аас Талархал гардууллаа.
Өдөрлөгийн үеэр өсвөрийн 3 насны ангилалаар хүчит бөхийн барилдаан зохион байгуулж 48 хүүхэд зодоглож, Их нас, Соёолон насны морьд уралдлаа.