Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2023-06-27

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан энэ сард хуралдаагүй. Бусад ажлын талаар:

АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ТӨСӨВ САНХҮҮГИЙН ТАЛААР

ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газартай хамтран аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд төсөв төлөвлөх, батлах, гүйцэтгэлд тавих хяналтын талаар зохих мэдээлэл, цаашид анхаарах асуудлаар цахим сургалтыг өнөөдөр буюу 2023 оны 06-р сарын 15-ны өдөр зохион явууллаа.

Сургалтаар 2024 оны төсөв батлахад анхаарах зүйл, Аудитын дүгнэлтээр гардаг гол зөрчлүүдийн талаар, ОНӨААТҮГ-ын талаар анхаарах асуудлууд, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих тухай, аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн анхаарвал зохих зарим зүйлийн талаар мэдээлэл өгөх юм. Сургалтад Сэлэнгэ аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 200 гаруй төлөөлөгчид хамрагдав.

 

“ДЭЗЭРЭТ” ОЛОН УЛСЫН ЭНЭРЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Сэлэнгэ аймаг Дэзэрэт олон улсын байгууллагатай 1998 оноос эхлэн хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2023.06.05-ны өдөр тус байгууллагын Ази бүсийн захирал Жонн Маккюне, түүний эхнэр Дэбора Маккюне, Хуульч Кэн Барроу, Хэнри Савстром, Так Мочизуки, Монгол дахь байгууллагын захирал Д.Пүрэвжаргал болон удирдах бүрэлдэхүүнийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар хүлээн авч уулзлаа.

Дэзэрэт олон улсын байгууллага нь өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймагтай нягт хамтын ажиллагаатай байж дараах дэмжлэг, тусламжийг олгосон. Үүнд:

-Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт унтуулгын аппарат, Нэгдсэн эмнэлэгт физик эмчилгээний аппарат

-Сүхбаатар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд иж бүрэн компьютер тоног төхөөрөмж

-Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл

-Гал түймэрт өртөж орон гэргүй болсон Сүхбаатар сумын БААМ-ын байрны 17 өрхөд гал тогооны иж бүрэн хэрэгсэл, нэн шаардлагатай бусад дэмжлэг

-Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Ахмадын сувилалд гал тогооны иж бүрэн төхөөрөмж

-Баянхаан 4-р багт явган хүний 2 гүүр, 20.0 сая төгрөгийн өртөг бүхий авто машины гүүр

-Коронавируст цар тахлын дэгдэлтийн үед Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 10.0 гаруй сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, ПСР оношлуур

- Коронавируст цар тахлын дэгдэлтийн үед Сүхбаатар сумын 30 өрхөд хүнсний багц

-2021 онд Номтхан ӨЭМТ-д үзлэг, шинжилгээ, оношилгооны анхан шатны тоног төхөөрөмж

-2022 онд 17 сум, 6 тосгоны эрүүл мэндийн төвүүдэд 122.3 сая төгрөгийн өртөг бүхий нярайн шарлалтын эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж

-2023 онд Сүхбаатар сумын 6 багийн 7 худгийг ухаалаг системд холбож ухаалаг худаг болгох ажилд 84.0 сая төгрөг

-Жил бүр мод тарих ажилд оролцдог бөгөөд 2023 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа буддын болон христийн сүм, Төрийн банк, Сэлэнгэ цэнгэг ус ОНӨААТҮГ, иргэдтэй хамтран Сүхбаатар сумын 4-р багт байрлах оршуулгын газрыг айлуудаас тусгаарлан мод тарьж хашаажуулсан байна.

Уулзалтад аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Оюунболд, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Оюун, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Я.Мөрөн болон албаны бусад хүмүүс байлцлаа. Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт хийгдэх дараагийн төслийн ажлын талаар санал солилцлоо.

 

"СЭЛЭНГЭ МАРАФОН"-Д АВЛИГЫН ЭСРЭГ "НЭГДЬЕ" АЯН ХАМТРАН

ОРОЛЦОЖ БАЙНА

Энэ онд НҮБ-аас Авлигын эсрэг конвенц батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” уриалгыг дэвшүүлэн, тус конвенцид нэгдсэн улс орон бүр зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан бөгөөд тус жилийн хүрээнд АТГ "Авлигын эсрэг НЭГДЬЕ" үндэсний хэмжээний нөлөөллийн аяныг эхлүүлээд байна.

"Сэлэнгэ марафон"-д оролцогчид хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх, авлигыг үл тэвчих үзэл, хандлагыг төлөвшүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигын эрсдэлийг бууруулж, иргэдийг авлигын эсрэг шүгэл үлээхэд түлхэц үзүүлэх тус аяныг дэмжин нэгдлээ. Уг ажлыг аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулалтыг хариуцан ажиллалаа.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ

АЖИЛЛАВ

Сэлэнгэ аймагт Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Маргаан хянан шалгах газрын ахлах шинжээч Я.Өлзиймөнх, Захиргаа удирдлагын газрын референт Д.Наран-Отгон нарын бүрэлдэхүүнтэй Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлийн Ажлын хэсгийнхэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяатай уулзан санал солилцоо. Мөн үдээс өмнө Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар сумдын төрийн албан хаагчдын төлөөлөлд сургалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонссон юм. Тус ажлын хэсэг 06 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд аймгийн ЗДТГ болон агентлаг, зарим сумд, аймгийн салбар зөвлөлийн ажилтай танилцан, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.

 

“ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ, ОЛБОРЛОХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах зорилгоор Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2022 онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 99 бүртгэгдэж, 28.6 хувиар өсөөд байна. Эдгээрийн дотроос хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг 59 бүртгэгдэж 25.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд орон нутаг дахь төрийн байгууллагуудын зүгээс хэрхэн анхаарал хандуулж ажиллах талаараа хэлэлцэн зөвлөлдлөө.

Хэлэлцүүлэгт Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хэсэг, Сэлэнгэ аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд, Ерөө, Хүдэр, Орхонтуул, Мандал сумдын ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга нар, албаны бусад хүмүүс оролцлоо.

 

СУМДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БОЛОН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сумдын ИТХ-ын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарыг чадавхжуулах, салбар зөвлөлийн ажлын үр дүнг сайжруулах зорилгоор өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр аймгийн ГХУСАЗСЗ-өөс сургалт зохион байгуулж байна.

Сургалтаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар аймгийн Цагдаагийн газрын мэдээлэл, Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах талаар аймгийн Онцгой байдлын газрын мэдээлэл, аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, сумдын салбар зөвлөлөөс авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар аймгийн Прокурорын газрын мэдээлэл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах чиглэлээр аймгийн ИТХ болон Засаг даргаас батлан гаргасан тогтоол шийдвэрийн талаар аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн мэдээлэл, Тагнуулын газрын мэдээлэл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, бодлого, чиглэлийн талаарх МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн мэдээлэл, Сүхбаатар сумын ГХУСАЗСЗ-өөс авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ туршлагын талаарх болон салбар зөвлөлийн гишүүдээс ажлын чиглэл өгөх зэрэг сэдэв агуулгаар явагдаж байна.

Сургалтад Сэлэнгэ аймгийн 17 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар оролцож байна.

 

KHURAL.MN САЙТЫН СУМДЫН АДМИНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас khural.mn сайтын хөтлөлт хөгжүүлэлтийг сумдад хариуцан ажилладаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга, Хурлын ажлын албаны ажилтнуудад 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр khural.mn вэб сайтын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг khural.mn вэб сайтыг шинэчлэн хөгжүүлж буй Онлайн солюшнс ХХК-ийн захирал, багш Д.Соёл-Эрдэнэ удирдан явуулж Khural.mn веб сайтын тухай, хөгжүүлэлтийн өнөөгийн байдал, шинээр хийгдсэн модулиудын танилцуулга, мэдээ, мэдээлэл оруулах, тогтоол шийдвэрийн бүртгэл, ИТХ-ын Төлөөлөгчдийн бүртгэл, асуулт хариулт, дасгал ажил зэрэг сэдвээр хийгдлээ.

Уг сайт нь Швейцарийн Засгийн газрын санхүүжилттэй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн дэмжлэгээр бий болсон Монгол улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас юм.

Сургалтад Сэлэнгэ аймгийн 17 сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтнууд хамрагдлаа.

                                                                                                                                         

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%