Хамгийн эхний хөтөлбөрт Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Булган, Дархан-Уул зэрэг төвийн бүсийн 5 аймгийн хүүхдүүдийн чуулга уулзалтад оролцож буй Тусгай ээлжийн 280 хүүхэд хамрагдсан байна.
“Монгол бахархал” соёлын өвийн хөтөлбөрөөр аймгийн Музейгээс Үндэсний уламжлалт тоглоом наадгай "Хорол, Үйчүүр", "Чүүчамай", "Дөрвөн бух", "Тэмээн таваг" зэрэг хөлөгт тоглоомуудыг зааж сургасан бол аймгийн Хүүхдийн номын ордноос “Угийн бичиг” гэж юу вэ? “Түүнийг хэрхэн хөтлөх, ураг төрлөө танин мэдэхүй” сэдвээр хүүхэд багачуудад сургалт хийж мөн монгол гэрийн бүтэц зохион байгуулалт, монголчуудын уламжлалт ахуйн талаар хүүхдүүдэд танилцуулсан байна.
Цаашид буюу энэ сарын 27-ны өдрөөс эхлэх Зулзага зуслангийн ээлж бүрт Соёлын өвийн хөтөлбөрийг зохион байгуулах бөгөөд манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэг ардын уламжлалт тоглоом наадгайг зааж, угийн бичиг хөтлөх анхан шатны ойлголт мэдлэг олгож, Бий биелэгээ заахаар төлөвлөжээ.