Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ГАНЖУУР ЗАЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

2022-10-26

Монгол Ганжуурыг дахин хэвлэж, түгээх ёслол XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх хар барс жилийн намрын дунд сарын шинийн арван наймны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Төв аймгийн Манзушир хутагтын Даш Чойнхорлин хийдэд боллоо.
Монголын орчуулгын түүхэнд томоохон байр эзлэх их хөлгөн судар Ганжуур Данжуур нь эртний болон дундад зууны Энэтхэг Төвдийн их бага таван ухаан болох дуун, учир шалтгаан, дотоод, тэжээх, урлах ухаан зэрэг шашны болоод иргэний таван мянга орчим ном зохиолыг багтаасан аугаа их цомирлог юм.
Ганжуур нь Бурхан багшийн сургаал айлдварын эмхэтгэл "Зарлигийн хураангуй" гэсэн утгатай 108 ботиос бүрдэх бөгөөд XVI зуунд Алтан хааны зарлигаар ихэнх судар нь монгол хэлнээ хөрвүүлэгдэн Лигдэн Хутагт хаан 1628-1629 онд Ганжуурыг алт мөнгөөр бүтээлгэж байжээ.
Ганжуур залах ёслолд Энэтхэг улсаас хансүр лам Лувсанжалцан, Чойнбол Содба Лхаранба лам, Энэтхэгийн олон улсын Бурханы шашинтнуудын холбооны төлөөлөгч Дебудатта нар лам нарын хамт энэхүү баярт үйл явдлыг тэмдэглэхээр хүрэлцэн иржээ.
Мөн Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма нар болон төр шашны төлөөлөл, сүсэгтэн олон оролцлоо.
Монголын ариун дагшин Ганжуурыг анх 1973 онд Энэтхэгт дахин хэвлэж, дэлхийн номын сангууд болон Буриад, Халимаг, Забайкалье дахь Буддын шашны олон сүм хийдэд тараажээ. Хоёр дахь дахин хэвлэх ажлыг Энэтхэгийн Соёлын яамнаас 2019 онд гар бичмэлийн үндэсний төлөөлөгчийн газрын дэргэд эхлүүлсэнээр, энэхүү төсөл биелэлээ олж сүсэгтэн олонд хүрч буй нь энэ ажээ.
Уг Ганжуурын 108 ботийг Төв аймгийн Манзушир хутагтын Даш Чойнхорлин хийдэд гардуулж өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%