Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ЦАХИМААР ШИЙДЬЕ” ИРГЭН БҮРИЙГ ТООН ГАРЫН ҮСЭГЖҮҮЛЭХ АЯН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

2022-05-30

          Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар эцэслэн баталж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтсон. Хуульд зааснаар Улсын бүртгэлийн байгууллага нь гэрчилгээжүүлэх байгууллага бөгөөд Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд таван жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг олгохоор тусгагдсан. Үүний дагуу Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдийг тоон гарын үсэгжүүлэх ажил эхэлсэн билээ.

          Өнөөдөр /2022.05.30/ Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, И-Монголиа академи хамтран иргэн бүрийг тоон гарын үсэгжүүлэх “Цахимаар шийдье” аяныг 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ.

           Аяны нээлтэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, Засаг даргын зөвлөх, Төлөөлөгч Н.Бямбагэрэл, Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг болон дүүргийн 1-19, 20, 24 дүгээр хорооны Засаг дарга, ЕБСургуулийн сурагч, иргэдийн төлөөлөл оролцлоо.

            Монгол улсын 16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсгийг эзэмшиж болох бөгөөд 5 жилийн хугацаатайгаар үнэгүй олгогдоно. Иргэний үнэмлэхийн санах ой буюу чипэнд тоон гарын үсгийг суулгаж өгөх юм байна. Чингэлтэй дүүргийн хувьд одоогийн байдлаар 4000 иргэн тоон гарын үсгээ аваад байгаа бөгөөд иргэд харьяалал харгалзахгүйгээр улсын бүртгэлийн байгууллагад биечлэн очих болон цахим үйлчилгээний машинаар, мөн ухаалаг утасны апп ашиглан тоон гарын үсгээ авах боломжтой юм байна.

            Тоон гарын үсэг гэдэг нь цаасан дээр зурдаг гарын үсэгтэй ижил үүрэг, зорилготой, цахим орчинд таныг бодит хүн гэдгийг баталгаажуулж буй гэрчилгээ юм. Өөрөөр хэлбэл, иргэн тоон гарын үсэгтэй болсноор аливаа цахим системд бүртгүүлэх, нэвтрэлт-танилт хийх, цахимаар гэрээ байгуулах, худалдах-худалдан авах үйлчилгээ авах боломж бүрдэж, иргэний мэдээллийн аюулгүй байдал илүү өндөр түвшинд очих ач холбогдолтой юм.

          Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол улсын 16 ба түүнээс дээш насны 2,2 сая гаруй иргэнд тоон гарын үсгийг олгох юм. Иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлснээс хойш улсын хэмжээнд одоогоор 80 мянга гаруй иргэд гарын үсгээ авсан байна.

Тоон гарыг үсгийг:

 Бүх төрлийн цахим үйлчилгээ

 Гэрээ, хэлцэл байгуулах

 Банк, санхүү, төлбөр тооцоо

 Даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ

 Өргөдөл, хүсэлт, зөвшөөрөл, албан тоот

 Бусад бүх төрлийн цахим серверүүдэд ашиглах боломжтой.

             Иргэд та бүхэн харьяалал харгалзахгүй өөрт ойр байрлах хорооны улсын бүртгэгчид өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ очиж тоон гарын үсгээ аваарай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%