"Ажилтай айл гаднаасаа андашгүй байдаг. Гадаа нуруулдсан өвс, бэлдсэн тэжээл, малын хот хорооны цэвэр цэмцгэр байдал зэргээс харахад Улсын аварга малчных маань хэчнээн ажилтай айл болох нь илэрхий байна. Буянт сүргийнхээ үр шимийг өөрсдөө төдийгүй өнөр олонтойгоо хамтдаа хүртэж, хөдөлмөрлөсөн хүн түүнийхээ үр шимийг хүртдэг гэдгийг залуу үеийнхэнд үлгэрлэн яваа танай гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг ерөөж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье"
Д.Отгонбаяр, Ү.Гэрэлтуяа нар аав, ээжийгээ дагаж удам дамжин малчин болсон бөгөөд сүүлийн 3 жил дараалан мал сүргээ төрөл тус бүрээр тогтмол өсгөн үржүүлж, 2021 онд 1800 гаруй мал тоолуулжээ. Түүнчлэн мал сүргээ эрүүлжүүлэх, даатгалд хамруулах, орон нутгийн хэмжээнд зохион байгуулдаг малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол идэвхтэй хамрагдаж, эрүүл сүрэгтэн болсон байна. Мөн мал маллах сонирхолтой айл өрхүүдийг туслах малчнаар авч малжуулан, нийгмийн даатгал төлүүлэхийн зэрэгцээ орон нутгийнхаа цэцэрлэг, сургуулиудад сүү цагаан идээ нийлүүлэх зэргээр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүн зондоо тус нэмэртэй, ажилсаг залуу малчин өрх гэдгийг нутгийн хөгшчүүл хэлж байлаа.