Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Соёл, урлаг-Булган 2021” форум цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

2021-06-23

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар “Соёл, урлаг-Булган 2021” форумыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.

Цахим форумд аймгийн ИТХ-ын дарга, Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний төв номын сангийн төлөөлөл, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт яруу найрагч С.Оюун, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюунчимэг, Гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Отгонбат нарын зэрэг олон урлаг, соёлын зүтгэлтнүүд, орон нутгийн соёл, урлагийн байгууллагын төлөөлөл, сумдын удирдлагууд, агентлагын дарга нар оролцож байна.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн соёлын бодлого, аймгийн соёл, урлагийн байгууллагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүх, соёлын өв, дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт зэрэг сэдвээр илтгэл, мэдээлэл сонсож, санал солилцох юм.

Соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний өв уламжлалыг залгамжилж, орчин үеийн соёл урлагийн чиг хандлагатай хослуулан хөгжүүлэхээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэхэд энэ форумын зорилго чиглэж байна.  

Тус форумын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ. Тэрээр:

Аймгийн соёл, урлагийн салбарт тулгамдаж буй алдаа, оноо, гарц, шийдэлээ хэлэлцэх зорилго бүхий энэхүү цахим форумыг тохиолдуулан Та бүхэнд аймгийн ИТХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Булганчууд бид өнө эртний баялаг түүхтэй, бахархах соёлтой ард түмэн. Бид түүх, соёлын нандин өв уламжлалаа өнөө хүртэл хадгалан хамгаалж, баяжуулан хөгжүүлж, түүгээрээ эх орныхоо соёлын сан хөмрөгт үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. 

Өнөөдөр дэлхий дахинд хүмүүсийн амьдралын хэв маягт ихээхэн өөрчлөлт орж, соёл гэдэг ойлголтыг зөвхөн дуулж, бүжиглэх төдийгөөр ойлгож ирсэн уламжлалт хандлагыг илүү өргөн хүрээнд ойлгох цаг болсон. Тухайлбал хувь хүний соёл, гэр бүлийн соёл, байгууллагын соёл, нийгмийн соёл, харилцааны соёл гэх мэт маш олон хэлбэрээр соёлыг ойлгож, түүнд хандах хандлагаа өөрчлөх шаардлагатай байна. Тэгэхээр аливаа хөгжлийг тодорхойлох хамгийн чухал суурь шалгууруудын нэг нь соёл юм.   

Иймд энэ салбарыг хөгжүүлэхэд дан ганц соёл, урлагийн ажилтнууддаа найдаад орхих бус төрөөс тодорхой хүрээнд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Энэ цаг үед “Соёл, урлаг-Булган 2021” форумыг санаачилж, өргөн төлөөллийг оролцуулан зохион байгуулж байгаад аймгийн Засаг даргад талархал илэрхийлье.

Дэлхий дахинд даяарших явц эрчтэй өрнөж буй эдүгээ үед үндэстний язгуур өв, уламжлалт соёл, ёс заншил, зан үйл, үнэт зүйлс бүдгэрэн мартагдаж, уламжлагдан үлдэх нь багасах хандлагатай болж байна. Энэ нөхцөлд бид түүх, соёлынхоо өв уламжлалыг танин мэдэж, өвлөн хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, ойлголт хандлагыг нь нэмэгдүүлэх зүй ёсны шаардлага тулгарч байна.

Аймгийн ИТХ-ын зүгээс соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний өв уламжлалыг залгамжлан, орчин үеийн соёл, урлагийн чиг хандлагыг хослуулан хөгжүүлэх чиглэлд бодлого, үйл ажиллагаагаа хандуулан ажиллаж байна.

Түүнчлэн орон нутгийн соёлын байгууллагын материаллаг баазыг өргөтгөн шинэчлэх, техник, тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангахад анхаарч, соёл, урлагт зарцуулах санхүүжилтийн хэмжээг хүрсэн түвшнээс бууруулахгүй байж жил бүр бололцооныхоо хэрээр өсгөн нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллана гэдгийг Та бүхэнд илэрхийлье.

Цаашид салбарын хэмжээнд дараах хэдэн асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг Та бүхнээс хүсье. Үүнд:

  1. Цаашид соёлын салбарын менежментийн бодлогыг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчнийг орон нутгийн бодлогоор бэлтгэн, мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажиллах.
  2. Соёлын үйл ажиллагаа нь өв уламжлал, шинэчлэл, орчин цагийн эерэг өнгө аясыг тусгасан, чанартай, хүртээмжтэй, нийт үзэгч, хүүхэд залуучуудад төрөлх эх орон, байгаль, өв соёл, үнэт зүйлсээ хайрлан хамгаалах, түүгээр бахархах үзэл санааг төлөвшүүлэхэд чиглүүлэх
  3. Булганчууд бид өөрсдийнхөө бусдаас ялгарах онцлог зан заншил, өв соёл, аж амьдралаа судлан мэдэж, түүгээр дамжуулан ЯЛГАРАЛ бүхий соёлын бренд үйлчилгээг шинээр бий болгож, сурталчлан дэлгэрүүлэх
  4. Бүх шатанд ажлын хариуцлагыг дээшлүүлэх, соёл, урлагийн байгууллага, ажилтнууд манлайлан, нийгмийн шаардлагад нийцсэн шилдэг уран бүтээл, соёлын бүтээлч ажил, үйлээр үлгэр дууриалал үзүүлж, үзэгч, олон түмнээ соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх, иргэний соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэх зэрэгт тус тус үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Ингээд соёлын үрийг тарьж, соёлын үнэт өв, дурсгалаа хадгалан хамгаалж улс, аймаг, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа соёл, урлагийн салбарын нийт хамт олон, ажилтан, ажиллагсад, уран бүтээлчид, эрдэмтэн, судлаачид Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг бүхнийг хүсэн ерөөе.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%