Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Ерөө суманд “МАК" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн сургууль баригдана

2020-09-16

Намрын тэргүүн сарын цагаан бич өдөр буюу энэ сарын  сарын 13-нд  Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн хүчин чадалтай Ерөнхий боловсролын сургуулийн шинэ байрны шав тавих ёслол боллоо.

Төр, нийгмийн зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор Тамжавын Бямбаагийн нэрэмжит Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийг Бямбаагийн Нямтайшир түүний гэр бүл, үр хүүхдүүд санаачлан “Монголын Алт” (МАК) ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьж өгөхөөр болсон байна.

Хичээлийн шинэ байрны барилгын ажлыг “Хос Фрейндс” компани гүйцэтгэх бөгөөд ирэх онд ашиглалтад оруулан, улсад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.

Барилгын шав тавих ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Бодлогын Зөвлөлийн Дарга Б.Нямтайшир болон тус сумын хөдөлмөрчдийн төлөөлөгчид, сургуулийн үе үеийн төгсөгчид, сургуулийн хамт олон бусад төлөөлөл оролцжээ.

Хичээлийн шинэ байртай болсноор багш, сурагчдын суралцах, ажиллах орчин улам сайжирч, эрүүл, аюулгүй таатай нөхцөл бүрдэхийг сургуулийн хамт олон илэрхийлж байлаа.

Төр, нийгмийн зүтгэлтэн Т.Бямбаа нь Ерөө сумын бага сургуулийн ууган сурагчдын нэг юм. Энэ онд 100 жилийнх нь ой тохиож байгаа Т.Бямбаа нь Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх техникум, Монгол Улсын Их Сургууль, Тимирязевын нэрэмжит Москвагийн Хөдөө Аж Ахуйн Академийг дүүргэсэн. Тэрээр ХААДС-ийн хичээл ангийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, ШУА-ийн Бэлчээр, тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ахлах ажилтан, тасгийн эрхлэгчээр ажиллаж, МАХН-ын Төв Хорооны болон Ардын Их Хурлын депутатаар гурван удаа сонгогдож байжээ.Түүний хөдөлмөр зүтгэлийг залуу хойч үедээ мөнхжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийг Тамжавын Бямбаагийн нэрэмжит болгосон билээ.


“Монголын Алт” (МАК) ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдах  Ерөө сумын 420 хүүхдийн багтаамж бүхий сургууль, 960 хүүхдийн хүчин чадалтай болсноор хүрэлцээ хангамж сайжирч, нэг ээлжээр хичээллэх боломж бүрдэх юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9556
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%