Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ТОРГОНЫ ЗАМ АВТО РАЛЛИ УРАЛДААНЫ ҮЕЭР ЗАРИМ ЗАМЫГ ХААХЫГ АНХААРУУЛЛАА

2019-07-03

“Торгоны зам” авто раллиг 2019 онд манай улс өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх эрх авч оролцогч улс болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 22 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

“Торгоны зам” олон улсын авто ралли уралдааны үед нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалт зохион байгуулахтай холбогдуулан Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Говьсүмбэр аймаг, Налайх дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн дарга нар, аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудтай Цагдаагийн ерөнхий газраас цахим хурлыг өнөөдөр /2019.07.03/ зохион байгууллаа.

Хурлын үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт П.Энхсайхан, Г.Лхагвасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газар болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцож, “Торгоны зам” олон улсын авто ралли уралдааныг зохион байгуулах үеийн аюулгүй байдлын бэлтгэл ажлын явц, шаардлагатай мэдээ, мэдээллийг солилцож, үүрэг чиглэл өглөө.

Энэхүү уралдаан 2019 оны 7 дугаар сарын 9-13-ны хооронд зохион байгуулагдах ба тэмцээнд олон улсын нийт 3,000 гаруй тамирчин оролцох юм.

“Торгоны зам” олон улсын авто ралли уралдаан нь Сэлэнгэ аймгийн Алтанбулгын хилийн боомтоос Өмнөговь аймгийн Гашуунсухайтын хилийн боомт хүртэл гурван салаа замаар өнгөрөх үед төрийн байгууллага, орон нутгаас 4,000 гаруй алба хаагч, иргэдийг дайчлан оролцуулж, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уг өдрүүдэд орон нутгийн замд тодорхой хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах ба уралдаан явагдаж буй замын орчимд аль болох хөдөлгөөн үйлдэхгүй байх, замын ойролцоо малаа хариулгагүй орхих, гэр, майхан барихгүй байх, уралдааны аюулгүй байдлыг хангаж буй алба хаагчдын шаардлагыг биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%