Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2019-01-25

     Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар:
 1. Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Дархан өртөөний орчимд үйл ажиллагаа явуулах Худалдааны төвийн журмыг батлах тухай
2. Татварын орон тооны бус байцаагчдын ажиллах журмыг батлах тухай
3. Төрийн дээд одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. 
   Дархан сумын ЗДТГ-аас Худалдааны төвийн ажиллах журмын төслийг боловсруулж, Зөвлөлийн гишүүд, багийн Засаг дарга нар, талбай түрээслэх хүсэлтэй иргэдийг хамруулан 3 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний саналыг авч тусган, Тэргүүлэгчдийн хуралдаанд ирүүлснийг Дархан сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр танилцуулав.

   Журмын зорилго нь  Дархан сумын 4 дүгээр багийн  Дархан өртөөний орчимд үйл ажиллагаа явуулах Худалдааны төвд төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, сүү, цагаан идээг худалдан борлуулах  үйл ажиллагаанд эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийж, хяналт тавихад чиглэгдэж байна.
   Тус худалдааны төв нь өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих замаар иргэдэд эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, шинээр ажлын байрыг бий болгох зорилгоор байгуулагдаж байна.
   Журмын төсөлд Худалдааны төв нь өөрийгөө санхүүжүүлж ажиллах, санхүүжилтийн эх үүсвэрийг төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, сүү цагаан идээг худалдан борлуулах иргэдийн талбайн түрээсийн орлогоос бүрдүүлэх, ашгийн бус зарчмаар ажиллах талаар тусгасан байна.
    Худалдааны төвд 100 орчим ажлын байр бий болох бөгөөд эдгээр ажлын байранд түрээслэгчдийг хамруулахдаа 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Дархан Өртөөний орчимд байнга худалдаа эрхэлж буй иргэдээс  50 хувь, Дархан сумын иргэдээс 20 хувь, Хонгор сумын иргэдээс  10 хувь, Шарын гол сумын иргэдээс 10 хувь нь ногдохоор хуваарилж,  аль болохоор хөдөлмөр эрхлэхийг хүссэн ахмадуудыг хамруулахыг зорьж байна. 
   Журмын хэрэгжилтэнд холбогдох мэргэжлийн агентлагууд хяналт тавьж, Худалдааны төвийг удирдлага зохион байгуулалтын хувьд Дархан сумын Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” удирдлагаар хангаж, шийдвэр гаргана.   Харин Худалдааны төвд төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, сүү, цагаан идээг худалдан борлуулах  иргэдэд талбай түрээслэх, тус төвийн өдөр тутмын ажлыг эрхлэн явуулах ажлыг Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоолын дагуу аймгийн Ахмадын хороо гүйцэтгэнэ.
   Журам нь 9 бүлэг, 52 заалттай боловсруулагдсан байна.  Журмын төсөлтэй холбогдуулан Тэргүүлэгчид асуулт тавьж, хариулт авч, журмын төсөлд тусгах саналаа  илэрхийллээ. Тэргүүлэгчид хэлсэн үгэндээ түрээсийн төлбөрийг тогтоохдоо Худалдааны төвийн үйл ажиллагааны зардлыг үнэн зөв гаргаж, түрээслэгчдэд дарамт үзүүлэхгүй хэмжээнд бодитой тооцохыг анхааруулав.
    Хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн саналыг тусган, Худалдааны төвийн ажиллах журмыг батлан гаргалаа. 

    Дархан сумын хэмжээнд татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, татвар төлөгчдийн бааз суурийг өргөжүүлэх, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх зорилгоор татварын орон тооны бус байцаагчийг томилон ажиллуулах талаар журамд заасан байна.
     Татварын орон тооны бус байцаагч нь хувиараа үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, бэлэн мөнгөөр арилжаа наймаа хийгч иргэд, багийн оршин суугчдаас хувь хүний орлогын, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн, үл хөдлөх эд хөрөнгийн, галт зэвсгийн албан татварын хуулийн дагуу албан татварыг хураан авч, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг байна.
     Дархан сумын хэмжээнд 2018 оноос татварын орон тооны бус 5 байцаагч ажиллаж байна. Журмын төсөл нь 6 бүлэг 24 заалттай.
    Журмын төсөлтэй холбогдуулан Тэргүүлэгчид асуулт тавьж, хариулт авч, журмын төсөлд тусгах саналаа  илэрхийллээ. Тэргүүлэгчид татварын орон тооны бус байцаагч нь зан харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг баримтлан, татвар төлөгчдөд хүндэтгэлтэй  хандаж ажиллахыг  зөвлөж, Татварын орон тооны бус байцаагч ажиллуулах журмыг дэмжлээ.

     Тэргүүлэгчид төрийн дээд одон медальд нэр дэвшүүлж ирүүлсэн 2 хүний материалыг дэмжиж, уламжлав.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%