Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ИРГЭНИЙ ТАНХИМ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ БАЙХ ЁСТОЙ

2014-10-16

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнийн Нутгийн удирдлага сэтгүүлийн 6 дахь дугаарт өгсөн ярилцлагаас.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ямар бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ? Өмнөх  хурлуудаас ялгарах онцлог нь юу вэ?
2012 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал МАН-ын 22, АН-ын 11, МАХН-ын 2 төлөөлөл буюу нийт 3 улс төрийн хүчний 35 төлөөллөөс бүрдэж байна. Бүтцийн хувьд хурлын чөлөөт цагт бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх эрх бүхий 7 тэргүүлэгч, хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий 7 хороотой.
Дүүргийн  ИТХ-д төлөөлөлтэй улс төрийн 2 нам үзэл баримтлалынхаа хүрээнд нутаг дэвсгэрийн бодлогыг тодорхойлох, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор бүлэг байгуулан ажиллаж байна. Түүнчлэн Ажлын алба нь Хурлын өдөр тутмын үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байнгын алба бөгөөд 2 хэлтэс, 19 хорооны Иргэний танхимын ажилтан гээд нийт 40 ажилтантай. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан болон Тэргүүлэгчдийн хурлаар дээрх бүтцийн ажиллах журам, бусад бодлогын баримт  бичгүүдийг батлан гаргаад үйл ажиллагаандаа мөрдөж байна.
Өмнөх хурлуудаас ялгарах онцлог гэвэл улс орны болоод нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засгийн амьдралд оролцох Иргэдийн оролцоог төлөвшүүлэхэд ихээхэн анхаарч буйгаараа ялгарах болов уу. Энэ ажлыг зангидаж авч явах Иргэний оролцооны хэлтсийг Хурлын ажлын албанд шинээр бий болгон ажиллаж байна.
Иргэний оролцооны хэлтэс, иргэний танхим нь иргэдийн оролцоог хэрхэн бий болгож байгаа бол?
Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 17 дугаар тогтоолоор Хурлын ажлын албанд иргэдийн оролцоог хангах чиг үүрэг бүхий Иргэний оролцооны хэлтсийг  бий болгосон. Иргэний оролцооны хэлтсийн гол зорилго нь Хурлын байгууллагаас бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Төрийн бодлого шийдвэрийг таниулах, иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авах, тэдэнтэй ойр дотно хамтран ажиллах, тулгамдаж буй асуудлыг олон талаас нь дүгнэсэн, иргэдийн ашиг сонирхолд нийцсэн зөв шийдвэр гаргах, Төлөөлөгч-иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм.
2014 онд бүх хороодод Иргэний танхим байгуулагдаж, энэ ажлыг  хариуцсан ажилтнууд томилогдон ажил тогтмолжиж, хороо бүрт иргэдийг чадваржуулах, шинэ мэдээ мэдээлэл олгох сургалтууд тасралтгүй явуулж байна.

Иргэний оролцооны хэлтэс, Иргэний танхимаар дамжуулан дүүргийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах нь чухал байна. Иргэдийн оролцоог сайжруулснаар төр, захиргаа, иргэдийн холбоо бэхжиж, харилцан ойлголцох, аливаа шийдвэрт нутаг дэвсгэрийн онцлог, иргэдийн санаа бодол тусгагдах боломж бүрдэхээс гадна гарч буй шийдвэрт иргэдээс тавих хяналт дээшлэх ач холбогдолтой. Дүүргээс  гаргах  бодлогын томоохон шийдвэрийн төслүүдэд иргэдээс санал авч, оролцоог нь бий болгох нь тухайн шийдвэр амьдралд бодитой хэрэгжих үндэс болох юм. Энэ ажлын гол үндэс нь иргэдийг мэдээллээр хангах явдал учраас дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2013 онд Нийтийн зар мэдээний журмыг батлан гаргасан.
Нөгөөтэйгүүр Иргэний танхим иргэдийн хөгжлийн төв байх ёстой. Тиймээс тодорхой хуваарийн дагуу тасралтгүй сургалт зохион байгуулж байна. Эрүүл мэнд, эрх зүйн чиглэлээр болон хувь хүнийг чадавхижуулах, зарим төрлийн мэргэжил олгох сургалтуудыг зохион байгууллаа. Иргэд шинэ мэдээ мэдээллийг нэг дороос авч, тодорхой түвшинд хөгжиж, зарим мэргэжлийг эзэмшиж чадвал бидний ажлын үр дүн тэр.
Гэхдээ иргэдийн оролцоог зөвхөн санал авахаар хязгаарлаж болохгүй. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 2013 оныг “Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” жил  болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд дүүрэг, хорооноос хийгдэж байгаа аливаа ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднээс гарсан санал санаачилгыг дэмжин,  бүлэг байгуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхэд нь тусалж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор  “Таны санал-Нэг ажил” зорилт дэвшүүлэн хороо бүрт бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлсэн. Мөн өнгөрсөн жилээс хороодод бүлэг үүсгэх ажлыг эхлүүлсэн. Одоогоор Чингэлтэй дүүргийн хэмжээнд 15 хороонд 26 бүлэг байгуулагдан, 198 иргэн хамрагдаад байна. Бүлгийн гол зорилго нь хамтын  хөдөлмөрөөр амьдрах орчноо сайжруулах, бүлгээрээ хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх юм. ОНСХ-ийн 20.0 сая хүртэлх төсөвт ажлыг тухайн хорооны иргэдийн бүлгээр гүйцэтгүүлэх, бүлэгт анхан шатны сургалт явуулах болон зээлд хамруулах зэргээр дүүргийн зүгээс дэмжин ажиллаж байна.
Иргэний оролцоог дэмжихдээ бид бүхий л  насныханд жигд хүртээмжтэй хүрэхийг зорьж байна. ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд “Хүүхдийн эрх-оролцоо-манлайлал”, “Сайн засаглалд хүүхдийн оролцоо”, “Шийдвэр гаргахад хүүхдийн оролцоо” сэдэвт сургалтыг үе шаттайгаар зохион байгуулсан.

Харилцан санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлснээр хүүхдийн оролцоо идэвхжиж, хүүхдүүд эцэг эх, эргэн тойрны томчууддаа нөлөөлөх, шийдвэр гаргахад оролцох талаар ойлголттой болж буйгаараа ач холбогдолтой юм.
Дүүрэг, хорооны үйл ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор “Хорооны хөгжилд-залуучуудын оролцоо”, “Иргэдийн сайн дурын бүлэг  байгуулах нь”, “Хууль өөрөө амьдрал”, “Амжилтын гараа”, “Залуучууд хөгжилд хамтдаа”, “Залуусын нийгмийн хамгаалал” зэрэг сургалт өдөрлөгийг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна.
Иргэний оролцоог хангах чиглэлээр зохион байгуулж байгаа ажилд маань Олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагууд идэвхтэй хамтран ажилладагт талархаж байдгаа энэ дашрамд хэлмээр байна.
Дүүргийн ИТХ бүрэн эрхийн хугацаандаа ямар зорилт тавьсан бэ? Зорилтдоо хүрэхийн тулд ямар ажлуудыг зохион байгуулж, хэр үр дүнд хүрч байна вэ?
Дүүргийн ИТХ эмхлэн байгуулагдсан цагаасаа барьж ажилласан гол зарчим маань аливаа асуудлыг шийдвэрлэхдээ намын үзэл баримтлал, хувь хүний эрх ашгийн үүднээс хандахгүй, иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө хамтарч ажиллах ёстой гэсэн байр суурь байсан.  Дүүргийн Иргэдийг төлөөлөн ажиллаж байгаа төлөөлөгчид маань энэ зарчимд нэгдсэн цагт бидний гаргаж байгаа шийдвэр иргэдэд ээлтэй байх төдийгүй хэрэгжих боломжтой.
Дүүргийн Нутгийн өөрөө удирдах байгууллагад хуулиар хүлээсэн маш олон үүрэг байгаа. Энэ бүх үүргийг хэрэгжүүлж ажиллана. Түүнээс гадна Чингэлтэй дүүрэг иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулж, дүүргийнхээ тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, “Ногоон дүүрэг” болох зорилт тавьсан. Дээрх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дүүргийн хэмжээнд хэрэгжих бодлогын бичиг баримт “Ногоон дүүрэг” хөтөлбөрийг батлан гаргалаа. Засаг даргын харьяа бүх хэлтэс, тасаг, албадад сургууль цэцэрлэгийг хариуцуулан ажиллуулж, ногоон төгөл байгуулах ажлыг хамтран зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгч байна.
Манай дүүргийн онцлог нь нийт хүн амын маань 80 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг тул амьдрах орчныг нь сайжруулахад түлхүү анхаарч байна. Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн тохижилтын ажил хотын төвөөс  гэр хороолол руу тэлж байгаа. Ингэхдээ иргэдийн өөрсдийнх нь санаачилгад тулгуурлж, оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Түүнчлэн иргэд маань ажил хөдөлмөр эрхэлж, ашиг орлоготой болж, амьдралаа өөд нь татах асуудал чухал. Энэ чиглэлээр хэд хэдэн хөтөлбөр батлан гаргаж, үр дүнг тооцон ажиллаж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр 1 тэрбум 140 сая төгрөгийн зээлийг 60  аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд олгож,  шинээр 94 ажлын байр бий болгосон.
Түүнчлэн Дүүргийн Хурлын байгууллагын бас нэг зорилт бол анхан шатны хурлын байгууллагаа бэхжүүлэх, чадавхжуулах явдал. Хороодын Иргэдийн Нийтийн Хурлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор  сард 2 удаа  сэдэвчилсэн сургалт тогтмол зохион байгуулж,  арга зүйн зөвлөгөө өгч, эргэх холбоотой ажиллаж байна.
Бүрэн эрхийн хугацааны дараа Чингэлтэй дүүргийн өнгө төрх, иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарсан байх бол?
Би ирээдүйг гэгээлгээр харж байна. Ямартаа ч бүрэн эрхийн хугацааны дараа дүүргийн иргэдийн амьдрах орчин сайжирсан байна. “Ногоон дүүрэг” болох зорилтоо хэрэгжүүлж, хүүхэд багачуудын сурч хүмүүжиж байгаа сургууль цэцэрлэгийн орчин иж бүрэн ногоон төгөл болсон байхаар төсөөлж байгаа. Иргэд санаачилгаараа Иргэний танхимдаа хүрэлцэн ирж, асуудлаа хэлэлцдэг, шийдвэрлэдэг болно гэж бодож байна. Ийм ирээдүйн төлөө ажиллах болно.
Зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлж байгаа өнөө үед төсвийн мөнгийг хэрхэн зарцуулах, юунд хүчээ төвлөрүүлэхийг дарга биш иргэд шийднэ гэж ярьдаг. Бодит амьдрал дээр энэ нь хэр биеллээ олж байгаа бол?
Монгол Улсын Төсвийн хууль 2012 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуульд  төвлөрлийг сааруулах, орон нутгийн төсвийн эрх мэдлийг  иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх асуудал тусгалаа олсон.
Манай дүүргийн хувьд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар хорооны иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулж, гарсан саналыг Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэн, ач холбогдлоор нь эрэмблээд, саналаа дүүргийн хөгжлийн бодлоготой уялдуулан төсвийн төсөлд тусгаж,  Дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлснээр санал нэг бүрийг хэлэлцэн баталж байгаа. Хэдийгээр ОНХС-ийн талаар иргэдийн ойлголт, идэвх оролцоо нэмэгдэж байгаа ч мэдээллийг улам сайн хүргэх шаардлагатай нь ажиглагдаж байна.

Чингэлтэй дүүрэгт худалдан авах ажиллагааг иргэдийн оролцоотой хийж байгаа. 2014 онд хороо бүрээс 2, нийт 43 иргэнийг Үнэлгээний хороонд ажиллах эрх бүхий А-3 сертификат олгох сургалтад хамрууллаа. Дүүрэгт явуулж буй тендерийн үйл ажиллагаанд хяналт тавихад иргэд   шууд оролцож байгаагаас гадна хороодод хийгдэх зарим ажлууд, явган зам, гүүр, шат тавих зэрэг ажилд тухайн хорооны иргэд өөрсдөө оролцож байна. Энэ жил манай дүүрэгт  иргэдийн 30 бүлэг 450.0 сая төгрөгийн ажил хийж байгаа. Иргэн бүр оршин суугаа хорооныхоо асуудлыг шийдэхэд оролцдог байх, нийгмийн баялгийн хуваарилалтаас хүртдэг байх ёстой.
Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадваржуулах талаар Та ямар санаа бодолтой явдаг вэ?
Нутгийн өөрөө удирдах байгууллага бол иргэд олон түмнээсээ сонгогддог,  иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө ажилладаг байгуулпага. Өөрөөр хэлбэл бидний ажлын гол цөм бол Иргэд. Ийм ч учраас Нутгийн өөрөө удирдах  байгууллагыг чадавхижуулах нь нэн чухал байна.
Нөгөө талаас иргэдээ төлөөлөн ажиллах төлөөлөгчдийг чадваржуулах асуудал ч яригдана. Төлөөлөгчид хууль эрх зүй болоод эдийн засаг, нийгмийн  тодорхой ойлголт, мэдээлэлтэй байж сонгогдсон тойргийнхоо  асуудлыг  зөв шийдвэрлэж, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж чадна шүү дээ.
Өнгөрсөн хугацаанд Төлөөлөгч  нартаа шинэ мэдээ мэдээлэл олгох, чадавхжуулах зорилгоор  “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага”, “Шууд ардчилал-Иргэний оролцоо”, “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал-тулгамдсан асуудал”, “Төсвийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх нь”, “Иргэддээ тулгуурласан чадвартай хариуцлагатай иргэдийн төлөөлөгчдийн хурлыг төлөвшүүлэх нь” зэрэг сургалтанд Хурлын Төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчдыг бүрэн хамруулсан.

Иргэдийн боловсролыг дээшлүүлэх нь Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах нэг үндэс юм. Иргэдийн боловсрол дээшилснээр асуудлаа зөв цэгцтэй тодорхойлж, хамтаараа асуудлаа хэлэлцдэг, ярилцдаг, зөв шийдэл гаргадаг болно. Мөн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх төдийгүй төсвийг ойлгож, хянаж сурна.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг чадавхжуулах бас нэг гол зүйл нь Төлөөлөгч иргэдийн хамтын ажиллагаа. Төлөөлөгч-иргэн хоёрын байнгын тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд нутгийн өөрөө удирдах байгууллага амьд оршин тогтнох зүй тогтолтой гэж ойлгодог.
2014 онд манай дүүргийн Хурлын байгууллагаас “Төлөөлөгч иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах” жил болгосон. Хурлын байгууллагаас зохион байгуулж байгаа бүхий л ажлууд иргэд рүү чиглэж байгаа. Бид хороо бүрт төлөөлөгч иргэдтэйгээ хийх өдөрлөг уулзалтыг зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг авч, ажил хэрэг болгохыг зорьж байна.
Эцэст нь хэлэхэд иргэн бүр улс эх орон, хот дүүргээ хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмэр минь гэсэн сэтгэлээр аливаад өөриймсөг хандаж, санал санаачилгатай байгаасай гэж хүсч байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%