Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

2018-12-20

Аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Энхзаяа, аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх нар /2018.12.19/ Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Ёланда Ф.Ломмэнтэй уулзалт хийлээ. Азийн хөгжлийн банкнаас Дархан-Уул аймагт олон салбарт бодитой хөрөнгө оруулалтуудыг хийж байгаад талархлаа илэрхийлээд үндсэн 3 асуудлыг ярилцаж санал солилцсон юм. Тухайлбал: 
1. Дархан-Уул аймгийн Дархан сумын 1,2,3 дугаар баг нь өдгөө 4066 айл өрх 13.851 иргэн оршин суудаг гэр хорооллын бүс юм. 1965 онд үүссэн энэхүү бүсэд агаар, ус, хөрсний бохирдлууд нь хамгийн их тулгамдаж буй асуудал бөгөөд хөрсний бохирдлоос үүдэн Хараа голын сав бохирдох зэрэг сөрөг үр дагаврууд гарч байгааг онцолсон. Аймгийн удирдлагуудын хүсэлтээр 2018 онд Азийн хөгжлийн банк буцалтгүй тусламжаар “Азийн хотуудыг хөгжүүлэх санаачилга” төслийн хүрээнд гэр хорооллын нөхцөлийг сайжруулах судалгааг хийж холбогдох зөвлөмжийг өгсөн бөгөөд зөвлөмжийн дагуу гэр хорооллын айл өрхүүдийг нэгдсэн дулааны системд холбох, ус түгээх байруудыг төвлөрсөн шугамд холбох ажлыг хэрэгжүүлэхээр орон нутгийн зүгээс зураг төслийг хийж экспедицээр батлуулан, шаардлагатай төсвийг улсын төсөвт суулгахаар ажилласан боловч санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй өдийг хүрсэн юм. Иймд аймгийн Засаг дарга С.Насанбат орон нутгаас хийж бэлэн болгосон зураг төсөл дээр Азийн хөгжлийн банкийг хамтран ажиллаж, иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах, агаар, ус, хөрсний бохирдлыг арилгах ажилд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг албан ёсоор тавилаа. 
2. Гэр хороололд тулгарч байгаа дараагийн нэг асуудал бол ариун цэврийн байгууламжийн асуудал байдаг. 2018 оны 3 дугаар сард Дархан-Уул аймагт АХБ-ны төлөөлөгчидтэй хийсэн уулзалт дээр аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийн хэмжээнд Эко нойлыг байгуулахад шаардагдах төсөв, судалгааг өөрөө танилцуулж байсан. Энэхүү судалгаагаар нэг өрх хашаандаа эко нойлыг 1.6 сая төгрөгөөс ч бага зардлаар хийж болох тухай танилцуулсан. Өнөөдрийн уулзалтаар гэр хороололд эко нойл байгуулах төсөлд аймгийн ИТХ, түүний төлөөлөгчид, аймгийн ЗДТГ, Захирагчийн алба, гэр хорооллын иргэд өөрсдөө гээд тал бүрээс оролцох хүсэлтэй байгааг илэрхийлсэн. Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ өмнө нь бид иргэдээ сонсъё гэж ярьдаг байсан бол одоо бид иргэдтэйгээ хамтаръя гэсэн зорилготой ажиллаж байна. Иргэд маань ч төртэйгөө хамтраад өөрсдийнхөө ахуй орчинг дээшлүүлье гэсэн хүсэлтэй болсон. Иймд Азийн хөгжлийн банкнаас дэмжиж Эко нойлын төслийг манай аймагт хэрэгжүүлэх аваас төр, иргэн түншлэн оролцох болно гэдгийг онцоллоо. 
3. Дархан хотод тулгамдаж буй дараагийн нэгэн асуудал бол хогны асуудал юм. Ялангуяа шинэ төлөвлөлтөөр газар олгогдсон Хөтөл хорооллын ойролцоо төвлөрсөн Бараат хогийн цэг байрладаг тул ойр хавийн айлууд руу хог, хогны утаа ихээр орж иргэдийн амьдралд хүндрэл учруулдаг талаар дурдав. Иймд хатуу хог хаягдлын менежмент төслийг хамтран хэрэгжүүлэх талаар хүсэлтийг Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Ёланда Ф.Ломмэноос хүслээ.
Дээрх санал, хүсэлтүүдийг сонсоод Суурин төлөөлөгч хатагтай Ёланда. Ф.Ломмэн аймгийн Засаг дарга болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн удирдлагууд аймаг орон нутаг, иргэдийнхээ төлөө ихэд хичээнгүйлэн ажиллаж байгааг сайшаагаад дээр дурдсан төслүүдийг салбарын яам болон Сангийн яам тус тус дэмжсэн тохиолдолд Азийн хөгжлийн банкнаас бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 
Ингээд аймгийн Засаг дарга С.Насанбат болон бусад төлөөлөгчид өнөөдөр Барилга, хот, байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзаж дээрх төслүүдийг дэмжин уламжлахыг хүсэх юм. 
Салбарын яам болон Сангийн яамаар төслүүд дэмжигдвэл гэр хорооллын айл өрхүүдийн амьдрах орчин нөхцөл сайжирч, иргэд маань дулаахан байшинд, цэвэр усны хангамжтай, ая тухтай амьдрах боломжтой болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%