Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Төлөөлөгчид хамтраад бодитой ажил хийвэл иргэддээ ч хэлэх үгтэй, хийсэн юмтай үлдэнэ

2014-09-18

Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн баазын дарга, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Н.Оюунгэрэлтэй ярилцлаа.

Төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах олон арга хэлбэр байдаг. Таны хувьд сонгогч  иргэдтэйгээ хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоод хамгийн түрүүнд сонгогч иргэдтэйгээ их ойр байх ёстойг ажигласан. Тиймээс иргэдтэй байнга уулзаж, санал бодлыг нь сонсохын тулд 7 хоногийн Лхагва гараг бүрт иргэдийг хүлээн авч уулзаж байна. Иргэд ч үүнийг хүсэн хүлээдэг, ач холбогдол өгдөг. Нэг удаагийн уулзалтад багадаа 5-6 хүн заавал ирнэ. Ирэхдээ ярих сэдвээ бэлдчихсэн байдаг. Заавал Лхагва гаригт гэхгүйгээр бусад өдрүүдэд ч утсаар байнга холбогддог. Хэн ч залгасан би утсаа авдаг, завгүй үедээ эргээд залгая гэхэд маань иргэд таатай хүлээж авдаг. Иргэдтэй зүгээр нэг уулзаад өнгөрөх биш хэлсэн санал, хүсэлт бүрийг боломжтой талаас нь шийдвэрлэхийг хүсдэг. Ажил ихтэй, зав зай муутай төлөөлөгч ч гэсэн сардаа нэг удаа сонгогч иргэдтэйгээ уулзаад, санаа бодлыг нь сонсож, хийж буй ажлаа танилцуулж байх хэрэгтэй юм билээ.
Хорооны иргэдийн өмнө тулгарч буй хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг тэднийхээ хамтын оролцоотойгоор шийдэж, чамгүй их зүйлийг хийж бүтээлээ. 19 дүгээр хороонд Иргэний танхим нээгдсэнээр давхардсан тоогоор 2500 гаруй иргэнтэй уулзалт ярилцлага хийж, хороонд тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцон, хамтарч ажиллалаа. 2013 онд иргэдээс газар өмчлөл, иргэний бичиг баримт, тэтгэвэр тэтгэмж, сургалт, шилжилт хөдөлгөөний асуудлаар болон зээл, тусламж дэмжлэг хүссэн, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бололцоог хангах талаар өргөдөл хүсэлтүүд ирсэн. Нийтдээ 169 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрлүүллээ.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтын 4, 5, 6 дугаар гудамжны 20 иргэн, Доод Салхитын 4, 5, 6, 7, 8, 10 дугаар гудамжны 51 иргэн, Ар Согоотын 1 дүгээр хэсгийн 18 иргэн, 2 дугаар хэсгийн 12 иргэн, Шадивлангийн зуслангийн 85 иргэний өргөдөл хүсэлтийн дагуу иргэдтэй уулзаж, явган замын талаар санал бодлоо солилцож, гудамжинд үүссэн намаг, хур хог, бие засах газрын бохир, үерийн усаар орж ирсэн сул шороог хусаж тээвэрлэн, нийт 2 ковшийг 20 өдөр ажиллуулж, 34 машинаар 108 рейс хийлгэж, хайрга дайрга асган сайжруулсан шороон зам болгож засварласан.
Манай 19 дүгээр хорооны хувьд нөхцөл их хүнд. Ялангуяа Доод Салхитын айлууд явах аргагүй намган дунд амьдардаг. Дээд талдаа тэр чигтээ уул хад. Өвөлдөө цас ихтэй, машин явах аргагүй. Өнгөрсөн жилүүдэд хийсэн гудамжны ажлаа энэ жил дахиад л хийлээ.  
Айлуудаар хэд хэдэн удаа орлоо. Өнгөрсөн өвөл хэвтрийн, группын, өрх толгойлсон, нэн ядуу нийтдээ 230 орчим айл өрхөөр орж, амьдрал ахуйтай нь танилцсан. 19 дүгээр хороо зуслангийн өрхийг оролцуулан 3000 гаруй өрхтэйгээс 1500 нь байнга суурьшдаг. 1000 гаруй ахмадтай, 1200 гаруй өндөр настантай.

Иргэдтэй уулзаж ярилцахад голчлон юу хүсч, юуг санал болгож байна вэ?

Иргэдээс их олон санал ирдэг. Тэр бүрийг өөрөө зохицуулж, боломжийнхээ хэрээр шийдвэрлэдэг. 3 хүний газрын асуудлыг шийдсэн. Хэвтрийн болон өвчтэй зовлонтой хүмүүс мөнгөн тусламж хүсдэг. Үүнийг төлөөлөгчийн урамшууллын мөнгөөрөө шийддэг. Зарим нь амьдрал ахуйн нарийн ширийн зүйлээ ч ярина. Тэр бүхнийг сонсож зовлонг нь хуваалцана.
Манай хорооны хувьд нийтлэг яригддаг асуудал нь худаг, зам, гэрэл цахилгаан, тээврийн үйлчилгээ гээд дэд бүтцийн асуудлууд байдаг. Автобусны үйлчилгээ өвөлдөө их оройтдог, цаашаа Гүнт рүү явдаггүй, автобусны буудал хол, гэрэлтүүлэггүй гэсэн асуудлууд бий. Мөн намаг шалбааг, хад чулуу ихтэй, хазгай газар байдаг айлуудын гудамж, замыг тэгшлэх, хайрга асгах асуудлыг байнга тавьдаг. Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулна гэдэг нь оршин суугаа газар буюу амьдрах орчныг нь сайжруулах явдал гэж би ойлгодог. Иргэдээ эрүүл саруул орчин, дэд бүтэц сайтай гудамж талбайд амьдруулах нь төр засгийн үндсэн чиг үүрэг байх. Гэтэл төр засаг маань энэ үүргээ төдийлөн сайн биелүүлэхгүй байна. Би өөрийн нөөц бололцоонд тулгуурлан хорооныхоо иргэдийн дэд бүтэц, амьдрах орчинг сайжруулах зорилго тавин, сонгогдсоноосоо хойш давхардсан тоогоор нэлээд ажил хийлээ. Гудамжны замыг янзалж тэгшлэх ажил нэлээд хийсэн. Хад, хайргатай газрын янзалсан замууд их сайхан болсон. Нурж эвдрэхгүй нүдэн дээр харагддаг бол намаг шалбаагтай газарт хийсэн ажил сарын дараа л байхгүй болчихдог тал бий.
Иргэдийн хүсэхээс ч аргагүй асуудал бол зам, худаг. Дүүргийн мод үржүүлгийн талбай руу явдаг замын хойд замыг тэгшлүүлсэн. Ар Согоотод нэлээд хэдэн зам янзалсан. Ар Согоотоос уруудаад Дамбадаржаа руу эргэдэг цагдаагийн пост хүртэлх бүх гудамжийг  янзалсан. Түрэх ямар ч боломжгүй нэл шавар шавхай болсон гудамжуудыг шороо асган тэгшилж янзалсан. 8 дугаар сард гэхэд л 10 дугаар гудамжийг тэр чигт нь янзалж, үерийн усны турба тавьж өглөө.
Манай хороо саяхан Иргэний танхимын ажилтантай болсон. Цаашид Иргэний танхимын ажилтнаа дэмжиж ажиллах бодолтой байгаа. Иргэний танхимын ажилтандаа жижиг өрөө тохижуулж өглөө.  
Миний бодлоор, нэг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, Нийслэл, дүүргийн төлөөлөгчид хамтраад нэг цогц ажил бүтээдэг болмоор байна. Нэг сайхан зам эсвэл худаг бариад өгчихвөл иргэддээ хэлэх үгтэй, хийсэн юмтай байна. Иймэрхүү бодит зүйлүүдийг шийдээд явбал зүгээр санагддаг.

Иргэдтэй уулзаж явахад амьдрал ахуй нь ямархуу байна вэ?

Голдуу ажилгүй, ахмад хүмүүс уулздаг. Тэгэхдээ хэзээ ч болж бүтэхгүй байна гэж ярьдаггүй. Тэд зам, гэрэлтүүлэг ярьж бухимдахаас биш манайд гурил талх алга гэж хэлдэггүй. Би нэлээд  олон айлаар орсон. Хүнд нь хүнд, гайгүй нь гайгүй л байна. Гэхдээ л хүнд амьдралтай нь дийлэнх. Амьдрал хүнд хүмүүс уур ихтэй уцаар, бухимдал ихтэй байдаг. Хороо, дүүргээс ямар ч тусламж үзүүлдэггүй мартсан иргэд ч байна. Би ийм 16 айлаар орсон. Хороо бас байдаг юм байна гээд нэг иргэн уйлж байсан тохиолдол ч бий. 

Та хорооныхоо иргэдийн амьдралыг бусдаас илүү мэдэж байгаа. Тэр утгаараа Төр засгаас иргэдийн төлөө ийм зүйл хийгээсэй, энэ асуудалд нь илүү анхаараасай гэсэн бодол бий байх?

Миний бодлоор хороон дарга, ажилтан албан хаагчид иргэдийнхээ төлөө ажилладаг үнэнч шударга хүмүүс байгаасай. Манай танай, тэр энэ намын хүн гэж ялгадаггүй баймаар байна. Одоо бол аль ч хороон дээр ийм зөрчил үүсчихээд байгаа нь нууц биш. Анхан шатны байгууллага зөв явах нь их чухал. Нэг хүнд давуу эрхийг битгий их өгөөсэй. Бүх зүйлийг хорооны даргын гарын үсгээр бүү шийдээсэй гэж хүсдэг.

Хорооны 10000 иргэнд хүрч ажиллах тийм ч амаргүй байхаа?

“Уйлъя гэвэл сохроосоо, өгье гэвэл ганцаасаа” гэж үг байдаг. Нэг хүн байсан ч хийе гэвэл хийнэ, нэг хэсэг хүн байлаа ч хийхгүй бол хийхгүй. Энэ бол ерөөсөө л санаачилга, хүний сэтгэлийн  асуудал. Түүнээс орон тоо их багаас шалтгаалахгүй. Эвтэй айлын үр хүүхэд хүртэл сайхан байдаг шиг хамт олон эвтэй, санаачилгатай байх юм бол бүх зүйл бүтнэ. Хэсгийн ахлагч бол төр иргэн хоёрыг холбогч гүүр юм. Тэдэнд урам маш их хэрэгтэй. Нийслэл, дүүргийн удирдлагууд  ард иргэдийнхээ төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа хэсгийн ахлагч нартаа урмын үгийг  Засаг даргаар дамжуулж хэлэх биш өөрсдөд нь хэлэх хэрэгтэй.

Иргэд амьдарч байгаа орчноо сайжруулъя гэсэн санал санаачилга дээр хэр идэвхтэй хандаж байна вэ?

Надад 30 иргэн гарын үсэгтэй санал өгөхөд нь “Та нар надтай хамжих ёстой. Энэ санхүүжилттэй, төсөвлөгдөж төлөвлөсөн ажил биш.  Би хувь хүнийхээ хувьд өнөөдөр байгаа нөхцөл дээрээ тулгуурлан та нарт дэм болъё, харин та нар чадлынхаа хэрээр надад тусал” гэж хэлдэг. Тусал гэдэг нь би хайрга буулгаад өгөхөд тэрийг нийлээд тараагаад өгөх жишээтэй. Зарим иргэд маш хойрго ханддаг. Зарим нь ч сайхан дэмждэг. Баярлалаа гэж хэлдэг хүн байхад загнах хүн ч гарна. Гэвч сүүлийн үед иргэд маань хийж бүтээе, хамтарч ажиллая гэсэн санаачилгыг их гаргаж байгаад Иргэдийн төлөөлөгч хүний хувьд их баяртай байгаа.
Төлөөлөгч хүн сонгогч иргэдийнхээ дуу хоолой болж тэдний сайн сайхан амьдралын төлөө санаа тавин ажиллавал иргэдийн маань амьдрал ч дээшилнэ, Улс орон маань ч улам цэцэглэн хөгжинө гэж бодож явдаг даа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%