Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.БЯМБАА: Хурлаас гарч байгаа шийдвэр бүр иргэдийн санаа бодолд тулгуурласан, хүсэл эрмэлзлэлд нь нийцсэн, шинжлэх ухаанд суурилсан байх ёстой.

2018-07-19

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бямбаатай сүүлийн үеийн ажил байдал, Хурлын байгууллагаас гаргасан бодлого шийдвэрийн талаар цөөн хором ярилцсанаа толилуулж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Төрийн ажил хууль, журмын хүрээнд явагддаг хэдий ч “ИТХ-ын дарга Г.Бямбаагийн үед” гэж онцлох ямар ажлыг хийв? Мөн ямар ажлыг төлөвлөж байна вэ?

-Зуны адаг сарын шинийн 4-ний билэгт сайн өдрийн мэнд хүргэе. Аймгийн ИТХ-ын даргын ажлыг аваад 2 жил болж байна. Энэ хугацаанд Сэлэнгэ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын баримт бичгүүдийн 90 гаруй хувийг Хурлаас баталж шийдвэр гарган өгч, бодлогоор дэмжин  ажиллалаа. Үүний зэрэгцээ Сэлэнгэ аймагт үеийн үед яригдаж ирсэн мал аж ахуй, газар тариалангийн хоорондын зөрчлийг шийдвэрлэх, төрийн бодлогоор зохицуулах шаардлага өнгөрсөн хугацааны гол хүндрэлтэй асуудлын нэг байсан. Энэ асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэн Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгуулах саналыг Монгол улсын Засгийн газарт удаа дараа хүргүүлж үүнийхээ хойноос тууштай хөөцөлдсөний үр дүнд манай аймгийн 16 сумын 44 багийг Газар тариалангийн бүс нутаг болгон тогтоож энэ бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх шийдвэрийг гаргуулсан нь онцлох ажил гэж үзэж байна. Цаашид аймгийн 1.5 сая толгой малыг эрчимжүүлэх үйл ажиллагаанд шилжүүлэх, малын тоо толгойг цөөлж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр сурталчилгаа хийх, малчдын зөвлөгөөнийг хийж ярилцахаар төлөвлөж байна.

Улстөрчийн хувьд та багагүй хугацаанд аймгийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгчээр сонгогдон ажилласан. Харин энэ удаад индэр дээрээс хурал удирдаж байна. Хэцүү эсвэл хялбар байгаагийн ялгааны тухайд?

-Би улстөрийн үйл ажиллагаанд 2000 оноос оролцсон. 2000-2004 онд Сүхбаатар сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр, 2004-2016 он хүртэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр, 2016 оны сонгуулийн үр дүнгээр аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байна. Хурал удирдах, хуралдаа суугаад явахын хооронд ялгаа зааг бий. Хүндрэл бэрхшээлийн тухайд харьцангуй бага. Хуралд бүхэл бүтэн аппарат ажиллаж байна. Мөн Хуралдааны нийтлэг дэгтэй, Хурлын хуралдаанд асуудал өргөн барихаас эхлээд хэлэлцэн шийдвэрлэх хүртэлх бүх процедурыг заачихсан “Аймгийн ИТХ болон Тэргүүлэгчдийн хуралдаанд асуудал өргөн барих, шийдвэр гаргуулах журам”-ыг боловсруулан батлуулсан. Энэ журмаараа асуудал өргөн баригдаад, ажлын алба хянаж нягтлаад, Тэргүүлэгчдээр, бодлогын хороодын хурлаар хэлэлцэгдээд явдаг учраас хүндрэлтэй зүйл байхгүй дээ. Бид сонгуулиас хойш улс төржиж танай манай гэх юм манай хуралд байдаггүй. Нэг намын бодлогыг олон жил хэрэгжүүлж ажиллаж байгаа аймгийн хувьд тогтвортой байдал нэлээд хангагдсан гэж боддог.

Та ажилдаа ямар тулгуур зарчмыг баримталдаг вэ?

-Ямар ажил хийж байгаагаас хамаарч тухайн хүний баримтлах зарчим тодорхойлогдох байх гэж бодож байна. Миний хувьд Хурлаас гарч байгаа шийдвэр бүр иргэдийн санаа бодолд тулгуурласан, хүсэл эрмэлзлэлд нь нийцсэн, шинжлэх ухаанд суурилсан байх ёстой гэдэг зарчимтай байдаг. Энэ бол миний ажилдаа баримталж буй зарчим. Өөрийн мөн чанар зарчим гэвэл хэлсэн үгэндээ эзэн байх, хүн үгийг чихээрээ сонсоод, толгойдоо шүүгээд, амаараа илэрхийлдэг учраас бодлогогүй, чадал хүрэхгүй зүйлийг хүнд амладаггүй, хэлсэн үгэндээ эзэн байхыг хичээж явдаг даа.

Сэлэнгэ аймгийг Засгийн газраас Газар тариалангийн бүс нутгаар хэдийнэ тогтоосон ч гэлээ үүний дараа тавигдах хөгжлийн гол барьц аль салбар байх вэ?

-Сэлэнгэ аймаг бол Хөдөө аж ахуйн хоёр том салбарын бүс нутаг. Газар тариалан, мал аж ахуйн салбар хослон хөгжих ёстой гэдэг нь ойлгомжтой. Дээр нь байгалийн баялаг ихтэй, аж үйлдвэр хөгжсөн аймагт тооцогддог манай аймгийн хувьд уул уурхайн салбар хөгжлийн нэг хэсэгт зайлшгүй тооцогдоно. Мөн байгалийн үзэсгэлэнт газрууд, ардын хувьсгалын түүхт газрууд ихтэй учир аялал жуулчлалын салбар манай аймгийн хөгжлийн гуравдагч хүчин зүйл мөн гэж үздэг.  Мөн дээр нь хөгжлийн гарц бол иргэдийн боловсролын асуудал зайлшгүй мөн. Тиймээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс “Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг баталж өгсөн.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гүйцэтгэх засаглалаас ялгарах онцлог нь бодлогын баримт бичгүүдийг нийтээр хэлэлцүүлж боловсруулан батлах байдаг. Аймгийн ИТХ-аас ямар ямар бодлогын баримт бичгийг баталсан бэ?

            -Сэлэнгэ аймгийн ИТХ өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэд хэдэн журам болон 20 гаруй хөтөлбөрийг баталж хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах журам”, “Сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх эцэг эхийн School police журам, “Эрчимжсэн үхрийн аж ахуй”, “Манай гудамж-Миний гэр”, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн хөтөлбөр”, “Сүрьеэгүй Сэлэнгэ”, “Багш, сурагч солилцоо”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн хөтөлбөр”, “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх аймгийн хөтөлбөр”, “Соёл урлаг хүний хөгжилд аймгийн хөтөлбөр”, “Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр”, “Сэлэнгийн бренд”, “Багийн хөгжлийн хөтөлбөр”, “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа”, “Залууст боломж”, “Бид Сэлэнгийн ирээдүй”, “Жаргалтай гэр бүл”, “Сэлэнгэ-төмс, хүнсний ногоо” зэрэг хөтөлбөрүүдийг баталж гаргасан. Үүний дотроос “Сэлэнгэ аймгийн гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг онцолмоор байна. Аливаа улс орон хөгжихдөө гадаадын тусламж дэмжлэг, хөрөнгө оруулалтгүйгээр, гадны туршлагыг өөрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэхгүйгээр хөгждөггүй. Тиймээс гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр манайд нэлээд үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа. 2007 онд баталсан Сэлэнгэ аймгийн хөгжлийн хөтөлбөр 2021 он хүртэл хэрэгжих хэдий ч бид энэ онд багтаад “Сэлэнгэ аймгийн тогтвортой хөгжлийн зорилт-2030” бодлогын баримт бичгийг боловсруулан батлахаар ажиллаж байна. Энэхүү баримт бичгийн боловсруулалтын явц мэдээллийг аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанаар төлөөлөгчдөд танилцуулсан. Үүнийг ард иргэддээ сонордуулж, хэлэлцүүлээд энэ онд багтаан эцэслэн батлахаар төлөвлөж байна. “Сэлэнгэ аймгийн тогтвортой хөгжлийн зорилт-2030” бодлогын баримт бичиг бол үе үеийн аймгийн дарга, удирдлагуудын хэрэгжүүлэх ажлыг томъёолсон ширээний ном болох юм.

            Хурлын төлөөлөгчдийнхөө чадвар, чадамжыг нэмэгдүүлэх, тэднийг олон нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах үйл ажиллагаа зохион байгуулах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

            -Өнгөрсөн удаагийн орон нутгийн сонгуулиар төлөөлөгчдийн бүтэц бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдсөн. Төлөөллийн байгууллагад сонгогдон ажиллаж байгаа эдгээр төлөөлөгчдөд мэдлэг чадвар олгохоор Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлж буй. Энэ төслийн санхүүжилтээр аймаг, сумдын төлөөлөгч нарт хэсэгчилсэн сургалтыг хангалттай зохион байгуулсан. Үүнд, аймгийн ИТХ-ын дарга нарт манлайллын сургалт, аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн сургалт, БИНХ, багийн Засаг дарга нарын сургалтыг бүсчилэн зохион байгуулсан, бүх сумдын хурлын төлөөлөгчдийн сургалт, аймаг, сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн сургалт зэргээр үндсэндээ бидний хуралтай холбоотой олж авах мэдлэгийг хангалттай өгсөн. Одоо бидэнд газар дээр нь хийж хэрэгжүүлэх ажил л үлдсэн. Бид дөрвөн жилийн хугацаанд төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх, өөрсдөө орон нутагтаа баримтлах бодлогын баримт бичгээ боловсруулах явцдаа мэдлэг, мэдээллээр дутахааргүй сургалт чадамжуудыг олгосон гэж үзэж байгаа.

            Нутгийн өөрөө удирдах байгууллагыг удирдаж яваа хүний хувьд цаашдаа ямар асуудлыг анхаарах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

            -Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дөрөв дөрвөн жилийн цикльтэй явагддаг. Энэ нь Монголын нийгэм эдийн засгийн орчинд тохирохгүй байгаа юм. Сонгуульт хугацааны 2 жил шахам нь өнгөрч байхад бидний сургаж чадваржуулах ажил өндөрлөж, үлдсэн 2 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын жил болж байна. Энэ дөрвөн жилийн давтамжит сонгуулиуд Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд тогтворгүй байдлыг үүсгээд байгаа юм. Тиймээс ард иргэд маань төлөөлөгчдөө улируулан сонгох, мэдлэг туршлагатай хүмүүсээрээ хурлын байгууллагаа бэхжүүлж байх нь тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын тогтвортой байдлыг хангана гэж бодож байна.

            Зав гарган ярилцсан танд баярлалаа.



                                                                                                     ярилцсан Г.Мөнгөнзаяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%