Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

НИЙТИЙН СОНСГОЛД СУРАЛЦАХ НЬ ТӨСЛИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2018-06-22

          Нэгдсэн үндэсний байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Нийтийн сонсголд суралцах нь” төслийг хэрэгжүүлж буй "Нийгмийн дэвшилд эмэгтэйчүүдийн хөдөлгөөн" ТББ-ын Дархан-Уул аймгийн салбар байгууллага төслийн сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Тус сургалтад Дархан сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид болон багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчид, Дархан сумын ЗДТГ-ын ажилтан албан хаагчид хамрагдсан юм.    

            Нийтийн сонсгол гэж хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл ажиллагааг хэлнэ. Иймээс төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан асуудлаар  нийтийн сонсгол зохион байгуулж, төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог тэгш хангах асуудлыг Нийтийн сонсголын тухай хуульд хуульчлан зааж өгсөн байна.

            Нийтийн сонсгол нь хэлэлцэж буй асуудлаасаа хамаарч, дотроо хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэж хуваагддаг. Тухайлбал Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн зарцуулалтын асуудлаар жил бүр  төсвийн хяналтын сонсгол зохион байгуулах бөгөөд төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх юм.
Ирэх 9 дүгээр сард Малчин багийнхан хэлэлцэх асуудлаа сонгож, нийтийн сонсгол зохион байгуулна. Дараа нь Дархан сумын засаг захиргааны анхан шатны нэгж баг бүр иргэдийн эрх ашгийг хөндсөн нэг нэг асуудлыг сонгоод, мөн нийтийн сонсгол хийнэ. Дархан сумын ИТХ дээр ч нийтийн сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байна.

           Баг бүр дээр иргэдийн эрх ашгийг хөндсөн, тулгамдаж буй асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах ажлыг тогтмолжуулж, иргэдийг мэдээллээр хангах, иргэдийн санал бодлыг Хурал, Засаг даргаас гаргах шийдвэрт тусгах үйл ажиллагаанд Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид байнга анхаарч, хичээж ажиллаж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%