Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Б.ХҮРЭЛТОГОО: ДУЛААНЫ АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД ИРЭХ 7-8 ДУГААР САРД ШААРДЛАГАТАЙ ҮНЭ ТАРИФУУДАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

2018-06-08

 Х.СОЁЛ-ЭРДЭНЭ
Бусад салбартай харьцуулахад дулааны шугамын бүх засвар шинэчлэлийн ажлыг 5 дугаар сарын 15-нд дулаан хааж, 9 дүгээр сарын 15-нд халаалт өгөх хүртэлх 3,5 сарын хугацаанд хийж дуусгадаг онцлогтой. Түүнээс биш халаалт өгсний дараа шинэчлэлийн ажлыг хийнэ гэдэг зүйл байхгүй. Иймд тус ажлыг хариуцан гүйцэтгэж буй ДДС ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Хүрэлтогоотой ярилцлаа.

- Халаалт зогсож зуны их засварын ажлууд эхэллээ. Энэ жилийн хувьд шугам сүлжээний засвар шинэчлэлийн ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

- Энэ өдрийн мэндийг нийт ДЭХ хэрэглэгчдэдээ хүргэе. “ДДС” ТӨХК 2017-2018 оны өвлийн их ачааллыг аваар осол, техникийн сааталгүй амжилттай даваад 2018 оны зуны горимдоо ороод ажиллаж байна. 2018 оны 5 дугаар сарын 17-ний өдрөөс эхлэн графикийн дагуу зуны их засварын ажлууд эхэлсэн. Энэ жил Их засвараар 683,12 сая төгрөгөөр 8 зүйл 34 ажил, ТЗБАХ-ээр 139,18сая төгрөгийн 8 төрлийн сэргээн сайжруулалт, шинэчлэлийн ажлууд, Хөрөнгө оруулалтаар 255,2 сая төгрөгийн 21 нэр төрлийн бараа материал, ажил үйлчилгээ худалдан авахаар бизнес төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна. Мөн ноднин Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8 дугаар сард ажил нь эхэлсэн К14-К27 худгийн хоорондох буюу манайхны хэлж заншсанаар консулын уулзвараас Монгол алтны уулзвар хүртэлх Ф600 мм-ийн голчтой 2,6 хос км магистраль шугамын шинэчлэлийн ажил 4 дүгээр сарын 20-ноос эхлэн өнөөдрийн байдлаар 40%-ийн гүйцэтгэлтэй явж байна.

- Өнгөрөгч намар халаалт өгөх ажил нэлээн оройтож багагүй бухимдал араасаа дагуулсан. Яагаад тэгж саатах болов? Ирэх намар тийм асуудал давтагдахгүй гэх баталгаа бий юу?

- Уг магистраль шугамын тендерт “Одкон Холдинг” ХХК шалгаран 2017 оны 08 дугаар сарын 23-ний өдөр гэрээ байгуулан ажлаа эхэлсэн ба тухайн компанийн труба хоолойн нийлүүлэлтээс тодруулбал уг труба хоолой нийлүүлж байсан БНХАУлсад спортын тэмцээн зохион байгуулагдсантай холбоотой тээвэрлэлтийг нь зогсоосноор материалын нийлүүлэлт оройтож шугамын угсралтын болон дулаан залгах ажил 10 дугаар сарын 03 хүртэл хойшилсон. Ийнхүү 2017 ондоо дуусах ёстой байсан ажлын хугацааг ЭХЯ, ЭХХТ хүсэлт тавьж сунгуулснаар энэ жил 4 дүгээр сарын 20-ноос уг ажил маань үргэлжлэн хийгдэж байна. Гүйцэтгэгч “Одкон Холдинг” ХХК-ийн батлагдсан төлөвлөгөөгөөр 2018 оны 07 дугаар сарын 07-нд ажлаа дуусгаж хүлээлгэн өгөх ёстой. Аймаг орон нутгийн зүгээс хэрэглэгчдийг хэрэглээний халуун усаар таслахгүйгээр угсралтын ажлыг хийх шаардлагыг гүйцэтгэгч компанид тавьж байгаа. Өнөөдрийн байдлаар Консулаас зүүн тийш шинэ дарханы хэрэглэгчдийн хаалттай буюу ялтсан халаагчаар дамжуулан үүнээс наашхи хуучин дарханы хэрэглэгчдийг нээлттэй буюу нэг шугамаар хэрэглээний халуун усыг түгээж байна. Угсралтын ажлыг цаг хугацаанд чанартай гүйцэтгүүлж дуусгуулах талаар манай зүгээс мөн аймгийн захирагчийн албанаас байнга шаардлага тавьж ажиллаж байна. Угсралтын график хойшлох, өөрчлөгдөх тухай бүрд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарыг хүргэж байх болно.

- Холбогдох газрууд биднээс шалтгаалах хүндрэл байхгүй хэмээн мэдэгддэг. Гэтэл эцсийн хэрэглэгч дээр очоод халаалт доголдох явдал гардаг. Энэ нь юутай холбоотой вэ?

- Дулааны Эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үйл ажиллагаа маань Эх үүсвэр, ДШС, Хэрэглэгч гэсэн гурвалсан холбооны үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг. Эх үүсвэр, ДШС нь засвар үйлчилгээгээ хийчихээд байхад хэрэглэгчид маань үйлчилгээгээ хийхгүй бол чанарын шаардлага хангасан дулаанаар хангах асуудал маань доголдоод байдаг. Мөн олон жил болсон ашиглалтын хугацаа нь дууссан шугам сүлжээгээ сольж шинэчлээгүйгээс дундын эзэмшлийн шугам хоолойд бөглөрөлт үүсэх, нэвтрүүлэх чадвар хүрэлцэхээ болих зэрэг сөрөг үзэгдлүүд маш их нөлөөлж байна. Ер нь хэрэглэгчдийн маань инженерийн шугам сүлжээний насжилт, хуучин барилгуудын дулаан алдагдал нь дээрх байдлыг үүсгээд байна. Иймд хэрэглэгчид айл өрхүүд маань засвар шинэчлэлт, дулаалгаа цаг тухай бүрд чанартай хийж хэмнэлттэй хэрэглээнд суралцмаар байна. Манай компанийн зүгээс НЗОСБ-ын айл өрхүүдэд 24 цагийн үйлчилгээ үзүүлдэг тусдаа нэгж ажиллаж, өөрт хамаарсан дуудлагыг шуурхай барагдуулахын төлөө тасралтгүй ажиллаж байна.

-Дулааны алдагдал манай аймагт хэр байдаг вэ?

- Манай компанийн хувьд дулаалгын гадаргуугаар алдагдах дулааны алдагдал 13-15%-тай гэсэн статистик тоо баримт байгаа. Дулааны алдагдал ихтэй барилгуудыг судлаад үзэхэд угсармал орон сууцны хуучин барилгууд мөн орчин үеийн шинэ барилгууд барьсан материалаасаа шалтгаалаад дулааны алдагдал харьцангуй их байдаг. Иймд айл өрхүүд маань намар халаалт залгахаас өмнө гэрийнхээ хаалга цонхыг сайтар дулаалж бэлтгэл ажлаа сайн хангах шаардлагатай байна. Манай компани энэ жил барилгын дулаан алдагдлыг хэмжиж тодорхойлдог TESTO фирмийн дулааны камерийг худалдаж авсан. Цаашид НЗОСБ-ын дулааны алдагдлыг нэг бүрчлэн тодорхойлж төсөл боловсруулан ажиллахаар төлөвлөөд байна.

- Бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. Нэг талаас зам засварын ажил, нөгөө талаас шугам сүлжээний шинэчлэлийн ажил давхардах тохиолдол хэр байна? Зассан замыг нь ус, дулаан зэрэг шугам сүлжээний ажилчид эвдээд байгаа мэт ойлгох тохиолдол гардаг.

- Энэ тал дээр харьцангуй гайгүй шүү. Манай компани Аймаг болон Захирагчийн албатай маш сайн уялдаатай ажиллаж байгаа болохоор асуудлыг тухай бүрд нь шийдээд явж байгаа. Энэ жилийн хувьд К14-К27-ийн магистраль шугамын ажилтай холбоотой хээтэйгийн арын болон хорооллын дундах туслах замуудыг сэтлэх ажлууд графикийн дагуу хийгдэнэ. Хийгдэж дууссаны дараа Гүйцэтгэгч компани маань замууд болон ногоон байгууламжуудыг буцааж хэвэнд нь оруулах ажлыг гүйцэтгэх юм.

- Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлт, тохижилтын ажил гүйцэтгэдэг байгууллагуудын уялдаа холбоо муу байна гэж иргэд үздэг. Санал нийлэх үү?

- Энэ нь улсын төсвийн ажил хийгдэж байгаа том компаниуд дээр харьцангуй гайгүй. Харин орон нутгийн чанартай ДШС-нд холбогдох гэж байгаа хэрэглэгчдийн гадна дулааны шугамыг угсарсан компаниуд дээр ийм байдал ажиглагдаад байдаг. Манай компанийн хувьд жил бүрийнхээ их засварт нөхөн сэргээлт болон байгаль орчныхоо зардлыг суулгасан байдаг тул угсралт хийгдсэн тохиолдолд нөхөн сэргээлтийг байнга хийгээд явж байгаа. Өвөл газар хөлдүү үед гэмтэл устгасан үеийн нөхөн сэргээлтийг зуны улиралд гүйцээгээд хийж байна.

- Тэгвэл Дулааны сүлжээ, СӨХ, оршин суугчдын уялдаа холбоо ямар байна вэ?

- “ДДС” ТӨХК нь Дархан хотод НЗОСБ-уудын зоорийн давхар дахь инженерийн шугам сүлжээг хариуцаж буй 38 СӨХ-той хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна. Өвлийн их ачааллын үед СӨХ-ны харъяа шугам хоолой, тоноглол гэмтэл гарах асуудал их гардаг. Слесарьгүй хэдэн СӨХ-ны захирлууд манай компанид хандаж материалыг бэлдэж өгсний дараа солих ажлыг нь манай компани гүйцэтгэж байгаа. Сүүлийн жилүүдэд аймаг, сумын төсвийн хөрөнгөөр НЗОСБ-уудын инженерийн шугам сүлжээг сольж шинэчлэх ажил хийгдэж байгаагаас харьцангуй СӨХ-ны харъяа шугам хоолойд гарч байгаа гэмтлийг багасаж байна. Бид айл өрхийн дуудлагын давтамжийг арилгах, дуудлагыг шуурхай барагдуулах, хяналт тавих зорилгоор “Дуудлагын программ”-ийг ажиллуулж дуудлагыг бүртгэдэг болсон. Хуучин байрууд ашиглалтад орсоор бараг 30-50 жил болж байна. Гэтэл энэ байруудын дундын шугамын шинэчлэлтийн ажил мөн хугацаанд хийгдээгүйгээс айлуудын дундын /5 айлын/ өмчлөлийн шугам хоолой бөглөрч, хаг хусам их хэмжээгээр тогтсон байдаг. Манай компанид ирж байгаа дуудлагын судалгаа дээр үндэслэн манай компаниас хэд хэдэн байруудын айл өрхүүдэд дундын шугамаа шинэчлэх талаар засварын шаардах хуудас хүргүүлсэн боловч иргэд өөрсдөө их санаачлагагүй, сольж шинэчлэхгүй байдагтай холбоотой дараа жил нь мөн л халахгүй асуудлаа яриад сууж байдаг. Үүн дээр иргэд маань сайн анхаарах хэрэгтэй байна.

- Ажаад байхад эцсийн хэрэглэгч дээр гол хүндрэл төвлөрч байх шиг байна?

- Дээр хэлсэнчлэн “ДҮТ” ХХК-аас өгсөн горимыг барьж ажиллаж хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж байна. Гол нь хэрэглэгчдийн өөрсдийн харъяа гадна болон дотор системийн шугам хоолой, тоноглолын ашиглалтын байдлаас хамаарч халаалт доголдох асуудал гарч байгаа. Хэрэглэгчид нь гол төлөв мэргэжлийн сантехникийн ажилтнуудыг ажиллуулдаггүйгээс дулааны талаар мэдлэг дулимаг, дотор шугам системд үзлэг, үйлчилгээ хийдэггүй, шугам хоолой амархан зэвэрч муудах, бөглөрөх зэргээс болж халахгүй байна гэсэн гомдлыг хэлдэг. Уг нь цаг тухайд нь үзлэг үйлчилгээ хийгээд, шугам хоолойгоо угаагаад байвал энэ хүндрэлээс гарах боломжтой. Ер нь манай компаниас хэрэглэгч хариуцсан Ашиглалтын албаны ажилтнууд байнга зөвлөмж зөвлөгөө өгдөг хэдий ч санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж шугам тоноглолдоо засвар үйлчилгээ хийх, шинэчлэлтийн ажил хийх нь тун ховор байдаг. Хэрэглэгчид шугам цоорсон тохиолдолд л хэсэгчилсэн байдлаар солих маягаар амь зогоосон ажлуудыг хийдэг. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд ААНБ-уудад зуны засварын шаардах хуудас хүргүүлж ажиллаж байна.

- Айл өрхийн 1 м.кв дулааны үнэ аймгуудын дунджаас ямар байдаг вэ? Хэрэглэгчээс үүсэн өр авлага ямар байна вэ?

- Аж ахуйн нэгжийн хувьд УБ, Орхон аймагтай харьцуулах манай компанид мөрдөж байгаа дулааны үнийн тариф 6-22%-аар бага байгаа. Харин айл өрхийн хувьд 1м.кв-ын үнэ адил байгаа. Өнөөдрийн байдлаар айл өрхөөс авах авлага 800-аад сая төгрөг байна. Айл өрхийн хувьд дулааны төлбөрөө төлөх байдал нь тун хойрго. Бидний хийсэн судалгаагаар гэр хороололд амьдарч байгаа айл өрхийн түлшиндээ зарцуулдаг зардал орон сууцны байранд амьдардаг айл өрхийн халаалтын төлбөрөөс 2-3 дахин их гарсан. Эндээс харахад НЗОСБ нь оршин суугчдыг халуун дулаан, тав тухтай өвөлжүүлсэн хэрнээ гэр хорооллын айлуудаас хямд зардал гаргадаг болох нь харагдаж байна. Иймд ард иргэд маань дулааныхаа төлбөрийг цаг тухайд нь төлж бидний ажилд туслалцаа үзүүлж байхыг хэлье.

- Цаашид Дулааны үнэ тарифт өөрчлөлт орох уу?

- Манай компани зах зээлийн хүндрэлтэй үед айл өрхийн болоод ААН-ийн дулааны үнийн тарифт өөрчлөлт оруулаагүй 3 жил болж байна. Дархан хотод мөрдөж байгаа ДЭХ-ний дундаж үнэ ДЭХ-ийг дамжуулан түгээлтийн өртөгөөс 132,7%-аар бага байна гэсэн тооцоо гараад байгаа. Сүүлийн жилүүдэд шинээр баригдаж байгаа нийтийн орон сууцны байрнуудын гадна шугам, тоноглол, хэрэглэгчдийн дундын эзэмшлийн дулааны шугамыг манай компанийн үндсэн хөрөнгөд шилжүүлэн өгснөөр компанийн үндсэн хөрөнгийн элэгдлийн зардалд нөлөөлж их засвараа гүйцэд хийх боломжгүй болж жилд дундажаар 210-243 сая төгрөгийн алдагдалтай ажиллахад хүрч байгаа. 2018 оны хувьд манай компаниас 900 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажиллахаар төлөвлөгөө боловсруулагдсан. Энэ алдагдлыг бууруулахын тулд дулааны үнийн тарифыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа юм. Одоогоор судалгаа тооцоо хийгдэж байгаа ба 7-8 дугаар сард шаардлагатай үнэ тарифуудад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.

- Дулааны энергийн мөнгө, ус халаасны мөнгө гэдэгт хэрэглэгчид төөрөлддөг. Хоёр газарт мөнгө төлж байна гэж ойлгодог. Энэ яг ямар учиртай юм бэ?

- Дархан хотын ард иргэдийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн халуун усаар хангах, дулаан хангамжийн системийн горим ажиллагааг сайжруулах зорилгоор НЗОСБ-уудын хэрэглээний халуун усыг хаалттай системд шилжүүлэх төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар 80%-ийг хаалттай системд шилжүүлээд байна. Энэ нь цэвэр усыг халуун усаар халаан хэрэглэгчдэд түгээдэг гэсэн үг. Тиймээс “Дархан ус суваг” ХК-д цэвэр усны төлбөрийг төлж, харин манай компанид тухайн цэвэр усыг халаасан дулааны энергийн төлбөрийг төлнө гэсэн үг.

- Албан байгууллага, айл өрхүүд дулаан хэмжигч тоолуур ашиглаж байна уу?

- Дулааны тоолуурыг тавьснаар эзлэхүүнээр тооцож байгаагаас төлбөрийг 40%-аар бууруулж чаддаг. Хэрэглэгчид хэт дулаахан үед заавал халаалт аваад байх шаардлагагүй, тохируулга хийгээд халаалтаа авч болно. Энэ мэтээр ДЭХ-ийг болон төлбөрөө хэмнэх боломжтой юм. Өнөөдрийн байдлаар манай Дархан хотын нийт хэрэглэгчдийн 30 гаруй хувь нь дулааны тоолуураар төлбөр тооцоогоо хийж байна.

- Ер нь Дархан хотод дулааны сүлжээний хүчин чадал ямар байна вэ? Хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд эн түрүүнд шаардагдах зүйл нь юу байна?

- Дархан хотын дулаан хангамжийн системийн хүчин чадлын хувьд дутагдалд ороогүй байна. Магистраль шугамын хувьд 40%-ийн нөөцтэй байгаа.

- Цаашид төвлөрсөн дулаан хангамжийн системд шинэ барилга, байгууламж хүлээн авах нөөц бололцоо хэр байгаа вэ?

- Байгаа. Гэхдээ шинээр хорооллууд төлөвлөхдөө инженерийн шугам сүлжээний байгууллагуудтай зөвшилцөж, 2 дугаар хэлхээний инженерийн шугам сүлжээг шийдвэрлэсний дараа төлөвлөлт, газрын зөвшөөрлийг олгож байх нь зөв юм шиг надад санагддаг. Тэгээгүйгээс болоод зарим хэсэгт хэт их барилга баригдах, мөн 2 давхар хувийн орон сууцны хажууд 12 давхар нийтийн зориулалттай орон сууцны байр баригдаж байгаа зэрэг нь дулааны хангамжийн системийн гидравлик горим, үр ашигт сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн биш хүмүүс ойлгохгүй байгаа нь бэрхшээл учруулж байна.

-Подваль болон сууцны нэг давхарт өргөтгөл хийх техникийн нөхцөл, зөвшөөрлийг танай байгууллага хариуцдаг уу?

- Дархан хотод шинээр баригдах болон өргөтгөл шинэчлэл хийж буй бүх барилгуудад дулааны болон тоолуурын техникийн нөхцөлийг манай компани хариуцан олгож байгаа. Гэхдээ тухайн хэрэглэгчийн дулааны ачаалал 1Гкал/ц-с хэтэрсэн тохиолдолд манай компанийн саналыг авч ЭХЯ-ны комиссын хурлаар шийдвэрлэдэг.

- Хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд хотын нийт барилга байгууламжийн хичнээн хувь нь хамаардаг вэ?

- Өнөөдрийн байдлаар Дархан хотын барилга байгууламжийн 95-98% нь төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон байдаг.

ДАРХАНЫ МЭДЭЭ СОНИН 2018 ОНЫ 6 ДУГААР САР, №29, IV НҮҮРТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%