Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Н.ЧИМИДДОРЖ: ЭРЧИМ ХҮЧЭЭ ХӨГЖҮҮЛЬЕ ГЭВЭЛ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ ХЭРЭГТЭЙ

2018-05-31

Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Чимиддоржтой ярилцлаа.

-Танай станц өнгөрсөн өвлийн их ачааллыг хэрхэн давж туулав? Ямар нэгэн хүндрэл бэрхшээл учирсан уу?

-Дарханы Дулааны Цахилгаан Станц төрийн өмчит хувьцаат компани 2017-2018 оны өвлийн их ачааллын үед зургаан зуух, дөрвөн машины горимтойгоор оргил ачааллын үедээ 44 МГв-ын горимоор ажилласан. Үндсэн үйлдвэрлэлээрээ 2017 онд үндсэндээ 1986 оны гүйцэтгэл буюу Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хамгийн өндөр төлөвлөгөөтэй байсан жилтэй дүүцэж байна. Монгол Улсын эрчим хүчний системд анх удаагаа бүхий л хүчин чадлаараа буюу 1000 мегаватт хүрсэн ийм гайхамшигтай амжилтыг үзүүлсэн. Энэ нь мэдээж сайшаалтай боловч Монголын эрчим хүчний системд эрсдэл бий болж байнаа гэдгийг л харуулж байгаа юм. Яагаад вэ гэвэл тухайн үед бүх станцууд ажиллаж байсан дөрвөн генератор бүгдээрээ ажилласан. Түр хугацаанд ганцхан трубин генератор сул зогссон. Гэтэл бүх хүчин чадлаараа ажиллаад Монголын эрчим хүчийг хангаж чадахгүй байна гэдэг бол том эрсдэл гэж үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 2017-2018 оны их урсгал засварыг чанартай маш сайн хийсэн учраас жилийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлж чадсан гэж дүгнэж байгаа. Манайх энэ онд тавьсан зорилтоо зуун хувь биелүүлж гарсан. Энэ бол манай хамт олны хүчин чармайлт амжилт, хичээл зүтгэл юм.

-Дархан хот нь хойд бүсийн тулгуур төв гэж явдаг. Эрчим хүчний хувьд цорын ганц эх үүсвэртэй байдаг. Энэ талаар танай байгууллага ямар бодлого чиглэл баримталж байна вэ?

-Энэ бол яах аргагүй станцын дан ялангуяа удирдлагын төвшинд яригдах ёстой асуудлын нэг юм. Цахилгаан станц маань 53 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн үеийн ОХУ-ын стандарт нормоор бол үндсэн тоноглолуудыг 30-35 жил ажиллах ёстой гэж заасан байдаг ч бид энэ нормоо хоёр дахин давуулан ажиллаж байна. Их, урсгал засваруудыг хийж байна гэвч бидний өнөөдрийн элэгдлээр тогтоосон хөрөнгө оруулалт бол энэ элэгдлийг гүйцэхгүй байна. Ингэхээр бид яах ёстой вэ гэвэл гадны хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэх зайлшгүй шаардлагатай. Тэр тусмаа хойд бүсэд байгаа томоохон аймаг болох Дархан-Уул аймаг ганцхан эх үүсвэртэй байна гэдэг бол томоохон эрсдэлийг дагуулж байна гэж үзэх ёстой. Өнөөдөр магадгүй их урсгал засвараас үл шалтгаалан, тавьсан хөрөнгөө зарж чадахгүй байж байтал эрсдэл осол гарах юм бол Дархан хотыг хүйтний улиралд хөлдөөх энэ том аюул байгаа учраас бид энэ аюулыг сөрж зогсох урьдчилан сэргийлж харах хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байнаа л гэж үзэж байгаа. Өнөөдөр манай байгууллагад бодлогын хэмжээнд 2011 оноос хойш нээлтээ хийгээд шинэ төслийн ажил явагдаж байна. Энэ маань ХБНГУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар шалгарсан компани нь БНХАУ-ын Тянжинь хотын компани шалгараад үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү 35 МГв-ын трубин генератор ашиглалтад орсноор станц цаашид 15-20 жил үндсэн тоноглолоороо тогтвортой ажиллах боломж бүрдэж байгаа юм.

-Дархан Дулааны цахилгаан станц нь орон нутагтаа үлгэр жишээ болсон байгууллага. Улсын хэмжээнд ТОП-д байнга шалгардаг. Танай байгууллага бас аймгийн хөгжил дэвшилд том хувь нэмэр оруулж ирсэн. Нийгмийн хариуцлагын хувьд одоогоор орон нутагтаа ямар хувь нэмэр оруулж байна вэ?

-Улсын хэмжээнд ТОП аж ахуйн нэгжээр тасралтгүй 15 жил шалгарсан Дархан-Уул аймгийн хувьд таван жил дараалан шилдгээр шалгарсан. Энэ хамт олны хийж бүтээсэн юм бол цаглашгүй их гэж би боддог. Нийгмийн хариуцлагын хувьд аймаг, сумынхаа удирдлагуудтай нягт хамтран ажилладаг. Тодорхой хэмжээний мөнгөн тусламж бас хандиваар өгч байсан түүх бий. Эдгээрийг эргэн дурсаж ярихад бидний үе үеийн хамт олон, удирдлагууд маань сайхан сайхан бүтээн байгуулалтуудыг хийж ирсэн байдаг. Жишээлбэл: “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-д “Хилэнцийн орд”-ыг хийж бүтээж байсан. Одоо хүртэл бид ашиглалтыг нь хариуцдаг. Бид бас 50 жилийн ойгоороо “Дархан хотын цаг”-ийг бүтээсэн. Өнөөдрийг хүртэл бид бас арчилгааг нь хариуцаад явж байна. Аймгаас “Эрчим хүчний гудамж” гэж нэрлэсний дагуу тэр гудамжныхаа гэрэлтүүлгийг, зам засвар, тохижилтыг бид бас л хариуцаад ажиллаж байна. Мөн багуудтай хамтарч ажилладаг. Жишээ нь: 2018 оны засварын хүрээнд хоёр томоохон ажлыг хийж гүйцэтгэе гэж манай хамт олон явж байна. Үүний нэг нь багуудтай хамтарч хүүхдийн тоглоом, амарч зугаалах сандал, саравчийг засч янзлан, хогийн савуудыг сэргээн засварлаж хүлээлгэж өгсөн. Мөн Гэр бүл, Хүүхэд хөгжлийн төвтэй хамтарч хүүхдийн зуслангийн тоглоомуудыг сэргээн засварлаж янзалж хүлээлгэн өглөө. Мөн зарим нэгэн хэрэгцээт газарт нь өөртөө хамааралтай болон хамааралгүйгээр мөнгөн тусламжийг их хэмжээгээр өгсөн үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 2017 онд 6,8 сая төгрөгийг нийт ажилтан хамт олныхоо сайхан сэтгэлийн дэмээр хандив болгож өгсөн байгаа.

-Дархан Дулааны цахилгаан станц бол орон нутагтаа ажил олгогч төдийгүй орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд онцгой хувь нэмэр оруулж байгаа томоохон байгууллага. Ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх талд дээр онцгой сонин ямар ажил хийж байна вэ? Танайх Үйлдвэрчний Эвлэлийн хороотойгоо хийсэн хамтын гэрээг уншиж үзэхэд шинэ зүйл нэлээд тусгасан байсан?

-Эхний ээлжид тогтвор сууршилтай ажиллаж байгаа энэ хамт олныг байгууллагын хувьд цалингаар жиших ёстой. Бусад байгууллагууд ямар төвшинд байна, бид хаана явж байна гэдэг дээр компанийн удирдлага тэр тусмаа гүйцэтгэх захирал анхаарах ёстой. Энэ дээр миний хувьд бол ямар ч байсан 2018 онд хамтын гэрээгээ үйлдвэрчний хороотойгоо байгуулсан. Гэрээнд томоохон дэвшил болсон 3-4 заалт байгаа. Зарим нэг нь үргэлжилсэн заалт байгаа бол зарим нь тасарсан заалтыг гүйцээсэн байгаа. Үүний тодорхой жишээ гэхийн бол бид ямартай ч үндсэн цалингаа 10 хувь нэмж чадлаа. Компани өнөөдрийн байдлаар хөрөнгө санхүүгийн хувьд тогтвортой байж байна. Тиймээс ажилчдынхаа урам зоргийг сэргээх үүднээс ийм үйл ажиллагаа хийлээ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудаа орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Миний өмнөх захирлууд бол орон сууцны дэмжлэг үзүүлэх журам гэж мөрддөг байсан нь тодорхой хэмжээний ажилласан жилээр харгалзуулан мөнгөн тусламж үзүүлэх энэ хэлбэрээр явагдаж байсан. 2016-2017 онуудад энэ үйл ажиллагаа зогссон байсан. 2018 онд бид энэ ажилд 200 сая төгрөгийг төсөвлөж тавьсан байгаа. Үүгээр нийт ажилтнуудынхаа ажилласан жилийг харгалзуулан журмын дагуу олгохоор төлөвлөөд ажиллаж байна. Үйлдвэрчний Хорооны хамтын гэрээнд тусгасан хамгийн том ажил бол 144 айлын орон сууцыг барихаар бид гэрээ хийгээд байна. Энэ ажил маань энэ жил эхэлж дараа жил хүртэл үргэлжилнэ. Тиймээс бид ажилтнуудаа хямд үнэтэй орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлж эхлэх болно.

-Танай станц чинь “Эрүүл байгууллага” гэсэн батламжийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас авч байсан санагдаж байна. Ер нь ажиллагсдын ажлын байрны эрүүл ахуйд яаж санаа тавьж анхаарч юу хийж байна вэ?

-Өмнө нь ДЭМБ-аас эрүүл байгууллагаар шалгарч байлаа. Манай байгууллага нь зөвхөн 2017 онд л гэхэд Дархан-Уул аймгийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарсан. Үүний хүрээнд аймгийн Эрүүл Мэндийн газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад ажиллаж байна. Эхний ээлжинд “Эрүүл амьдарцгаая” аяны хүрээнд элэгний вирус тодорхойлох шинжилгээнд нийт ажилтнуудаа үнэ төлбөргүй хамрууллаа. Эрүүл мэндийн байгууллагаас үүнийг дэмжсэн учраас 1, 2, 3 дугаар шатлалыг бүрэн хийж дуусгасан. Мөн эрүүл мэндийн үзлэгийг жил болгон явуулдаг. Энэ үзлэгийг чанартай байлгах үүднээс бид Улаанбаатар хотоос нарийн мэргэжлийн эмч нарыг урьж авч ирдэг байгаа. Эрүүл мэндийн үзлэгээр ямар нэгэн өвчний илэрцтэй гарсан ажилтнууд бий. Ийм ажилтнуудаа бид цаашид нарийн шинжилгээ хийлгэж, эмчилгээнд хамруулж эмчлүүлэх ажлыг хийж байна. Энэ ажлыг бид аймгийн Эрүүл Мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулдаг.

-Танай байгууллагад олон жил ажилласан дадлага туршлагатай ажилчид байдгаас гадна сүүлийн үед ихээхэн залуужиж байгаа юм байна. Тиймээс залуу боловсон хүчнийг сургаж дадлагажуулах талаар ямар ажил хийж байна вэ?.

-Энэ бол маш чухал ажил. Ер нь компаний ирээдүй бол яах аргагүй энэ ажлаар тодорхойлогдоно. Өмнөх удирдлагууд ч мөн үүн дээр маш их санаа зовдог байсан. Өнөөдөр бол үнэхээр манай компаний хувьд тулгамдсан асуудал бол сургалтын энэ байдал. Тухайн үеийн ЗХУ гэж байсан 70-80-аад онд маш сайн бэлтгэгдсэн мэргэжилтнүүд үндсэндээ одоо өндөр насны тэтгэвэрт гараад дуусч байна. Өнөөдөр яг Орос, Англи, Хятад хэлээр төгс ярьдаг ийм мэргэжилтнүүд бидэнд маш их үгүйлэгдэж байна. Тэгэхээр үүнийг бид нөхөж авах боломжийг эрж хайсан ч тийм сайн олдохгүй байна. Төгсөж ирж байгаа боловсон хүчин манай байгууллагад ирэхгүй байна. Үүнийг бид засахаар нээлттэй ажлын байр гурван удаа зарласан. Харамсалтай нь яг цахилгаан, дулааны үндсэн мэргэжилтэй, гадаадын аль нэг хэлийг төгс эзэмшсэн хүн орж ирэхгүй байгаа нь компанийн цаашдын ирээдүйд халтай юм болов уу гэсэн бодол төрж байна. Бид үүнийг шийдэхийн тулд гаднаас харж хүлээж суух биш өөрсдөө хөдөлж эхлэх ёстой гээд дотоодоосоо өөрсдөө боловсон хүчнээ бэлдэж эхлэж байна. 2017 онд Англи хэлний олимпиод зохион байгууллаа. Ингээд шалгарсан 7 ажилнаас хоёрыг нь бүх зардлыг даагаад Филипин улсад Англи хэлний курст суулгасан бол гурван ажилтанг Улаанбаатар хотод вакумжуулсан сургалтад, хоёр ажилтанг Дархан хотод вакумжуулсан сургалтад бүх зардлыг дааж суулгалаа. Мөн хоёр оюутанг ОХУ-ын Эрхүү хотод хэлний бэлтгэлд бүх зардлыг даагаад сургаж байна. Ингэж боловсон хүчнийхээ нөөцийг бэлтгэж авахгүй бол ирээдүйд компанид шууд нөлөөлнө гэж үзэж байгаа тул бид ийм ажлуудыг хийж байна.

-Танайх цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг гол байгууллага. Тиймээс хамтран ажилладаг байгууллагууд олон байгаа. Энэ байгууллагуудын уялдаа холбоо ямар байдаг вэ?

-Манайх бол үйлдвэрлэгч нь бидэнд дамжуулагч, хангагч гэсэн байгууллагууд байдаг. Бид Шарын гол, Багануурын уурхайгаас нүүрсээ авдаг. Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ, Дархан Дулааны шугам сүлжээ зэрэг байгууллагуудтай гэрээ байгуулж ажилладаг. Гэрээгээ улирал бүр дүгнэж үүний хүрээнд ямар нэг асуудал гарсан тохиолдолд талууд харилцан тохиролцож ажилладаг. 2016-2017 онуудад уурхайнуудын хувьд ямар нэгэн өр төлбөр гараагүй. Харин цахилгааны хувьд тодорхой хэмжээний өр төлбөр гарсан. Гэхдээ тэрийг оны эхний улиралд багтааж барагдуулах зэргээр хамтран ажиллаж байна. Өнөөдөр нийгэмд байгаа зарим нэг үйл явцад би санал нийлдэггүй. Яагаад гэвэл эрчим хүчний бодлого хаана яваад байна гэдгийг бид ахмад мэргэжилтэнүүдээс асууж судлах нь зүйтэй санагддаг. Миний хувьд эрчим хүчний системд 22 жил ажиллаж байгаа боловч яг өнөөдрийн Дархан-Уул аймгийн станцын ирээдүй тэдэн он хүртэл гэрэлтэй байнаа гэдгийг баттай хэлж чадахгүй. Яагаад гэвэл станц өнөөдөр өөрийнхөө ашгаар ирээдүйгээ гэрэлтүүлж явж байгаа. Тэгвэл бидний олж байгаа ашиг бол энэ компанид хөрөнгө оруулалт болох хэмжээний хангалттай биш. Өнөөдөр нийгмийн болон цалингийн асуудлаа шийдвэрлээд, урсгал засвар их засварыг багахан хэмжээнд шийдвэрлэх хэмжээнд л байна. Тиймээс эрчим хүчний ирээдүйн байдлыг тодорхойлох ганцхан асуудал бол олон улсын хөрөнгө оруулалтын бодлого л гэж үзэж байна. Тэгэхээр энэ орон нутагт орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг бид дэмжиж урсгалыг нь эрчим хүчинд хандуулж ажиллахгүй бол эргээд бид өнөөгийн байгаагаас илүү ихийг алдаж болзошгүй. Тиймээс төрийн бодлогыг нээлттэй, зээлийн системийг маш уян хатан байлгах хэрэгтэй байна.
Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%