ӨРГӨН СЭЛЭНГЭ
Үг Г.Даваацэрэн Ая. Г.Дарамзагд
Өргөн Сэлэнгэ минь холын замдаа
Ой дундуур шуугин урсана
Өтгөн шаргал тариалан минь
Түүний дэнжээр халиуранхан байна
Тунгалаг Сэлэнгийн урсгал дээгүүр
Тээврийн онгоц сэлж явна аа
Тэнэгэр уудам тариалан дундуур
Аварга комбайн хүржигнэнхэн байна.
Өргөн Сэлэнгэ минь хүчтэй байна аа
Өлгий нутгаа чимэгтэй урсана
Өндөр
сайхан барилгууд нь
Өлгий нутагтаа сүндэрлэнхэн байна
Хүйтэн болоод тунгалаг устай
Хүчит Сэлэнгийн сүрлэг чимээтэй
Хөгжил цэнгэл бүтээлийн чимээ
Хүнгэнэн шуугин өрсөлдөж байна.
НАРАНД НААДСАН СЭЛЭНГИЙН БУУДАЙ
Үгийг С.Базарсад Аяыг Н.Чулуунхүү (МУГЖ)
Дуунд ургасан Сэлэнгийн буудай
Дурдан торго шиг өгөөжтэй газар минь
Алтан алим шиг алганд минь бөмбөрөөд
Аадар бороо шиг шаагин асгарна
Наранд наадсан алтанхан буудай минь
Намраа дуулсан Сэлэнгийн буудай минь
Өгөөж баян газрын хишиг
Өрмөн шаргал амин буудай минь
Нарны гэрэл шиг сэтгэл сүлээд
Насны амьдрал тэтгэсэн буудай
Наранд наадсан алтанхан буудай минь
Намраа дуулсан Сэлэнгийн буудай минь
Газарт буусан тэнгэрийн одод
Галд бүлээдсэн зөөлөн уураг минь
Аялгуу хөглөөд талдаа ургалаа
Атраа дуулаад олноо баясгана
Наранд наадсан алтанхан буудай минь
Намраа дуулсан Сэлэнгийн буудай минь
СЭЛЭНГЭ ШҮТЭЭН
Үгийг Н.Баянмөнх Аяыг Т.Сэр-Од
Сэтгэлээ шингээж ургуулсан алтан шаргал тариатай
Сэлэнгийн минь амьд шороо газар эхийн өгөөжтэй
Атрын тэнүүн талбайдаа залуу насны дуулалтай
Амьдрал жаргалын өлгий амгалан Сэлэнгэ бидний нутгаа
Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгийн тунгалаг долгиотой
Хамаг Монголын тэтгэсэн өндөр дээд бидний нутгаа
Есөн эрдэнийг өлгийдсөн тэнүүн сайхан хөндийтэй
Ерөөл эгшиг цалгисан түүчээ цэнхэр долгиотой
Гол голын шувуудтай дуулан мяралзсан
Голт зүрхний шүтээн өргөн Сэлэнгэ бидний нутгаа
Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгийн тунгалаг долгиотой
Хамаг Монголын тэтгэсэн өндөр дээд бидний нутгаа
Эрин зуунаар өртөөлсөн баатар түүхийн эзэдтэй
Элгэн халуун нутагтаа өөдлөн дэвжихийн ерөөлтэй
Буудайн шаргал тарианы шуугьсан давалгаатай
Буурал дээдсийн өлгий буян хишигтэй нутаг минь
Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгийн тунгалаг долгиотой
Хамаг Монголыг тэтгэсэн өндөр дээд бидний нутгаа
СЭЛҮҮН ДЭНЖИЙН ЯРГУЙ
Үгийг Ж.Лхагва, Н.Сүхдорж Аяыг Ц.Чинзориг
Угаасан ус нь таны рашаан
Ундаа юу минь таны шүүдэр ээ
Уужуухан сэтгэл минь Таны цараа
Уяхан дуу минь таны боргио
Сэлэнгээ Сэлэнгээ би
Сэлүүхэн дэнжийн чинь яргуй
Сэлэнгээ Сэлэнгээ би
Сэрүүхэн усны чинь дусал аа
Мөрний ундраа нь Таны тэнхээ
Мөнхийн ундрага нь Таны жавхаа
Хөхөмдөг ус нь хайрын цалгиа
Хөвөөнд нь ургасан миний заяа
Сэлэнгээ Сэлэнгээ би
Сэлүүхэн дэнжийн чинь яргуй
Сэлэнгээ Сэлэнгээ би
Сэрүүхэн усны чинь дусал аа
Дуулсан дуу минь Таны ая аа
Дугараанд нэмэх нь Таны цацал аа
Хайрлан суух нь миний баяр аа
Халгин цалгих нь Таны гялбаа
Сэлэнгээ Сэлэнгээ би
Сэлүүхэн дэнжийн чинь яргуй
Сэлэнгээ Сэлэнгээ би
Сэрүүхэн усны чинь дусал аа
Яруу найрагч Д.Гомбосүрэн
СЭЛЭНГЭ ТҮМЭН /найраглал/
Атга бүр нь алтан ширхэгтэй баян шороондоо
Аяга бүр нь рашаан амттай мөрөн голдоо
Ард олон нь дайчин замналтай Сэлэнгэ түмэндээ
Алаг үрийн халуун сэтгэлээр ая өргөе.
Дааган дэл Бургалтайн голоор дамжин нүүдэллэсэн
Даа хүрээнд газар таараагүй Сэлэнгэ нутаг
Дарстыг пүүс, Дарь-Эхийн хийдийг урьж залаагүй
Дансанд идүүлж адисанд номхорч залбирч суугаагүй
Эрдэнэ вангийн татвар гувчуурт эсэргүүцэл тавьж
Их шавийн ажлын хүндэд алба үглэж
Эгэл түмэн Монгол даяар тэмцэн босоход
Эрч хүч дуу хоолойгоо нийлүүлэхийн төлөө
Дарьтай, Шивэрт Бөөн харын занал өрнөж
Далан багийн “Эрүү” Лхамын зарга үргэлжилж
Дарлал гамшгийн хүнд хүчрээс гарахыг хүсэж
Давж заалдсан уур хилэн нь бадран дүрэлзэвч
Хатан зоригт түмний тэмцлийг нэгтгэх эзэнгүй
Хажуу хавирганаас түшиж тулах хань нөхөргүй
Хаад ноёдын хатуу харгислалд улдан ядарч
Харийн дайсны давхар зарлалд сульдан доройтсон
Зоосны нүх шиг нарийн жимтай харанхуй замаар
Зоо нуруундаа хүндийг үүрсэн хөөрхий Монголын
Зовлонт ардын нь сонор чихэнд баяр сонсогдож
Зоригт түмний нь золбоот нүдэнд гэгээ тусаж
Орос нутагт ялж мандсан Октябрийн хувьсгалын
Оч нь үсэрч энэ нутагт гэрэл цацрахдаа
Орхон, Сэлэнгийн сал бэлчрээр зар тарж
Охиндий, Тужийн битүү шугуйгаар мөр дамжсаар
Уудам Монголын зах хязгаарт хил нэвтэрч
Ухаан ихтэй ард олны оюунд хүрлээ
Тохироо бүрдсэн хувьсгалт тэмцлийн дүрэлзсэн хилэн
Тос дусаасан юм шиг тэмцлийн галаар улалзан эхлэхэд
Да хүрээнд далд байсан хувьсгалт бүлгэм
Даяар олны тусын төлөө санаа шийдэж
Дайчин зоригт Сүхбаатарын журамт нөхөд
Даяар дурсагдсан багш Ленинтэй нүүр учрахаар
Зам сүвийг боож сэргийлсэн гамингийн дундуур
Зарааны үс шиг зайгүй сүлбэсэн бууны урдуур
Зориг самбаа ухаан чадлын урнаар нэвтэрч
Зах хязгаар Хиагтыг чиглэн зорьж билээ
Уялга, Хүдэр, Зэлтэр харуулын шударга ардууд
Улс төрийн “битүү” хэргийн учрыг мэдэж
Ухаа хонгороор жанжин Сүхэд унаа юүлж
“Улаан Орост” зорих замд нь үдэж гаргасан
Эх орон ард түмнийхээ хүнд байдлыг
Эрхүү хот намын нөхөдтэй холбоо барьж
Элдсэн арьсны наймаа үсэргэх нэр далимаар
“Эрмэлзэх зүйлийн” утга учирт чих тавин
Түмэн ардаа тэмцэлд дуудсан “Монголын үнэн”-г
Түрэн улаагаар тал бүрд тараан дамжуулж
Түлхүүр нууцтай намын нөхдийн захидал бичгийг
Түгшүүр ширүүн үймээн дундуур өвөрлөн давхисан
Жагсаал, ялалтын манлайд өргөх тугийг урлаж
Жанжин баатрын хуяглан мордох хувцсыг бэлтгэж
Эр нөхрөө тэмцэл хөдөлгөөнд үдэн явуулахаар
Эхнэр хүүхэд ч зав чөлөөгүй шамдаж байлаа
Хүн ардынхаа тусын төлөө хүчин зүтгэхээр
Хүдэр, Ерөө Орхон Сэлэнгийн эрчүүл цэрэглэж
Хөдөө хээр, хөвч хангайн зах хязгаараас
Хөтөлгөө морьтой довтолгон ирсэн харчуул нэмэгдэж
Мойлт гуу, Ивцэг, Хярааны битүү шугуйн
Модны цоорхой газрын аятайд сургууль хийж
Монгол ардын журамт цэргийн төв штабын
“Мориндоо!” гэдэг цогтой командыг хүлээж байлаа.
Цагийн байдал ярихын аргагүй хүнд хэцүү
Цас зуднаас сайн салаагүй агт туранхай
Цагаан барон, гамин чандруу аль нь ширүүн
Цалгар хандаж гэнэн хөдөлбөл аминд халтай
Осол аюултай улс төрийн хүнд хэргийн Оньс эрчийг эс олбол төвөг ихтэй
Оролдож тэмцсэн ажил үйлс бүтэлгүй болбол
Олон Монголын амь насанд аюул ихтэй
Бул чулуунд хүндээр дарагдсан Монгол оронд
Бууны дуунаар чимээ өгч тэмцэлд дуудсан
Буман ардын минь гай гамшгаас салгаж авахаар
Буянтай гараа сунгаж тусалсан нөхөн Лениний
Халуун санаа сүүн сэтгэлийн ариун үйлстэй
Хатан зоригт улаан цэргийн цуваа ирэхэд
Хайрт Монгол ард олныхоо нэрийн өмнөөс
Хамгийн түрүүнд Сэлэнгэ түмэн хүлээж авлаа
Балмад нь баяжиж барлаг нь хоосорсон Монгол орныг
Баян хангалуун бахтай жаргалын ороон болгохоор
Байлдах тэмцэлд ард түмнээ нам зоригжуулж
Баатар Сүх шиг цогтой хөвгүүд манлайд нь явж
Нөхөр Ленин Зөвлөлт орны ариун тусламж
Нөмөр Дулаан хан уул шиг түшиг болов
Өлсөж цангахдаа аяга тагшаа хуваан идэж
Өр зүрх нинжин сэтгэлээр ах дүү болов
“Хорошо товарищ” хоёрхон шийн хүчин чадлаар
Хорвоо ертөнцийн учир явдлыг мэдэлцдэг юм чинь
Үгийн ая үсний өнгө үл хайхран
Үнэн сэтгэлийн халуун хайраар итгэлцэж явлаа
Үхэр буу дөрвөн пулемчнтын нүргэх чимээ
Үетэй өндөр Дөрвөлжин сүмийн хавиас дуурсаж
Үй олон журамт цэргийн уриан дуу
Үүрийн гэгээгээр Наймаа хотыг дайран ороход
Хатан тэмцлийн халуун дөлнөөс тасран төрсөн
Ханагар их хувьсгалын тул Алтанд мандаж
Тэнэгэр Монголын сэтгэл татсан дуу нь цалгиж
Тив дэлхийн олон гүрэнд нэр нь цуурайтсан
Шинэ Монгол сүрээ олж нэрээ зарлаад
Шивээ Хиагтыг аялан боссон тэмулийн эрчээр
Морины сайнаар Монгол даяар давхин довтолж
Мохошгүй баатрууд олны төлөө амиа зориулж
Цахиур буу цэнэгийн сумтай дайн орж
Цавчих сэлэм цохих мунатай тулалдаж явахад
Үгээгүй хоосноо дарлан мөнлжсөн ховдог гүрнүүд
Үүлтэй тэнгэрт нсэх онгоцоор хурдалж байлаа
Үүрийн туяагаар нүдээ нээсэн хөөрхий Монгол
Үхэр тэргээр дарь тугалгаа зөөж байлаа
“Хойт эхийн” хатуу гарт өнчрөн зовж
Хотол дэлхийн урт алхаанаас хол хоцроод
Хор буцалж хилэн бадарч явсан боловч
Хорин нэгэн он явуу оронд зам нээжээ
Давших замд Лениний сургаал гэрэл болж
Дайчин тэмцэлд Сүхийн зориг жишээ болж
Дарлагдсан орон эрх чөлөөгөө олж болохыг
Даян дэлхийд Монгол хүн баталж өглөө
Орос Монголын найрсаг түмэн хилийн дагуу
Олон жилээр модны эвийг нийлүүлэн суусан
Зөн билэг хүсэл үорьдол нь хэрэгжин биелж
Зүрх сэтгэлийн бат найрамдлаар мандах боллоо
Хоёр.
Ардын хувьсгалт дайчин тэмцлийн өлгийг хүндэтгэж
Аймшиггүй зоригт жанжин Сүхийн дурсгалыг хадгалж
Ариун сэтгэлт мөнх найрамдлын хаалгыг манаж
Алдарт намынхаа гэгээн замаар урагшлан хөгжихдөө
Халаагаа өгсөн буурал өвгөдийн гал голомтыг
Хар нүдний халуун хараа шиг хайрлан сахиж
Хаа ч цуутай нийгэм журамт улс болгоход
Хатан зоригт Сэлэнгэ түмэн хувиа нэмэрлэсэн
Далайн чинээ өргөн тэнүүн нутаг байсан ч
Дан ганц эрх жаргалаар хол явахгүй дэлхийн чинээ эрдэнэ баялагийг эзэгнэн суувч
Даян дэлхийд эрдэм соёлгүй нэрд гарахгүй
Улаан гэр сүүдэр ший тэргэнд ачиж
Унаа юүлж өртөө дамжин хөдөө явсаар
Урлаг соёл эрдэм гэгээрлийн амтыг мэдүүлж
Улс орондоо намын суртлын учрыг таниулж
Алтанбулагаас арын найман сум хүртэл
Агсам хөлгөөр довтолгон явсан соёлын багш нар
Авдрын нүүр ааруулын дэлгэцээр самбар хийсээр
Ард олондоо эрдэм бичгийг зааж эхэллээ
“Таван зүйл”-ийн чухлын номлохоор хөдөө нутагт
Тайрмал гэзэгтэй хувьсгалч охид өртөөлөн давхиж
Амар хийд вангийн хүрээний суртал нөлөөтэй
Ач тач үзэлцэж байсан тэртээ цагаас
Эрээн бараан алаг, улагтай хүний амьдралыг
Эв нэгдэлд хамтын хөдөлмөрт нэгтгэн жагсааж
Эгэл түмэн ард олноо соёлч болгож
Эрүүл энх сарын хөгжлийн замаар давшихад
Газар тариалангийн Сэлнгэ аймаг хэзээнээсээ
Гайхамшигт сайхан эх орондоо өөрийн түүхтэй
Галтай цогтой охид хөвгүүд нь олны адил
Гавьяа дурсгалт үйл явдлаараа тодрон гарсан
Ахмад партизан Хасбаатарын аялан гарсаар газар
Агаарын баатар Дэмбэрэлийн хэлд орсон Бүрэн
Ардын жүжигчин Ц.Цэгмэдийн алиалж өссөн Уялга
Авьяас билэгт Д.Сэнгээгийн дуу шингэсэн дулаан
Бумцэндийн морин хороо давшиж гарсан газар
Буурлын үеэс ундалсан Сэлэнгэ хатан ижии
Булганы мөр зайгүй сүлжсэн торгон хөх асга
Бугын дууны урам хадсан Товхон хан уул
Уухайн дуу хангинуулсан “сурын тохойн” мэргэчүүл
Улс даяар дурсагдах Данзан арслангийн дэвэлт
Удамт хурдан хөлгөөрөө нэрд гарсан Зэлтэрчүүд
Урсгалт Сэлэнгээр овоглосон олон голын савынхан
Анхны мянгач саальчны нэрийг Орхоноос дэвшүүлж
Алдар цуутай баатруудыг атрын талбараас төрүүлж
Ажил хөдөлмөрийн эрчээр даяар олонтой зэрэгцэж
Аварга нандин бүтээлээ эх орондоо бэлэглэлээ
Тариан тэнгисийн битүү хучлагатай Сэлэнгэ нутгийн
Царай нь хүртэл алтан шалгар өнгөөр гэрэлтэж
Хараа, Ерөө, Хүдэр, Зэлтэрийн өргөн хөндийгөөр
Бараа ихтэй төв, суурин ярайн харагдана
Отрын адууны бэлчээр байсан онгон атрыг
Олон түмэн шугам татаж зөөллөн хагалаад
Оготны төдий ч бараагүй байсан төл хөндийд
Огторгуй баганадсан сүрлэг үйлдвэрийг цогцлон босгохдоо
Олны хүч түмний зүтгэлийг нэгтгэн нягтруулж
Оюун билиг эрдэм ажлыг хослон холбосоор
Онгон сарьдагийн нууцыг харах нүд орж
Орхон хонь Дархан хотын нэрийг зарлалаа
Наамал, шахмал зүсмэл, зүймэл банз, дүнз
Нарс ихтэй тужийн хөвчнөөс гүйж ирээгүй
Нарийн гурилын талх, боов тавгийн идээ
Нартын бэл, уртын амнаас хийсэж ирээгүй
Баглаа боодол хувин торхоор чүдэнз, архийг
Баялаг устай Сэлэнгэ мөрөн урсаж авчраагүй
Балчир охидын гарт багтамгүй алимын бөмбөлгийг
Баягаль заяаж “Авгай нуга” хишиг хайрлаагүй
Идээ томтой түргэн болцтой будаа гаргаж
Их ноостой ихэрлэх дуртай хонь бүтээж
Илч хүч эрчим чадлын шугам босгож
Иж бүрэн өвч тоногтой үйлдвэр эзэмшиж
Баруун аймгийн үхэр тэрэгний буулгыг мулталж
Баянхонгорын тэмээн жингийн цувааг амрааж
Замын үүд жанжин Чойрт илчит тэргээр
Завхан, Хэнтийд агаар мандлаар хурдалж байна.
Модон талхи уур муныг ажлаас халж
Мотор, цахилгаан хүрд, хурдыг дэвшүүлэн тавьж
Мохоо тээрэм морин булыг газар булж
Монгол охин гурил талхаа хийдэг боллоо
Урсгалт дөлгөөн Орхон, Сэлэнгийн торгон мандлаар
Усан тээврийн хөлөг онгоцнууд долгио татуулж
Уулын хормойг хөх туузаар давхар эмжсэн
Урт замаар илчит тэрэг довтллон өнгөрнө.
Миний Сэлэнгийн тунгалаг ариун тод гялбаа
Мөрөөдөл, тэмүүллийн туяат царайгаар гэрэлтэн гялалзаж
Мэтгэж бүтээсэн түмэн ардын зүрх сэтгэл
Итгэл баярын их ялалтаар цалгиж байнам.
