Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан-Уул аймгийн “Авто тээврийн төв”–ийн дарга Б.Наранбаатартай ярилцлаа.

2018-03-21

АСУУЛТ: Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажил орон даяар эхэлсэн. Энэхүү ажлыг явуулснаар ямар ач холбогдолтой вэ?

ХАРИУЛТ: Манай улс 1990 оноос хойш жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгал өөдөөс ирж яваа жолоочийн нүдийг гялбуулж, үүнээс үүдэн шөнийн цагаар осол гарах магадлалыг ихэсгэдэг нь судалгаагаар харагддаг. Иймд ослыг бууруулахаар НҮБ-аас гаргасан R112 техникийн зохицуулалтын хүрээнд гэрлийн тусгалыг зөв болгох ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд бүх судалгаа, туршилтыг хийж шаардлагатай тоног төхөөрөмж, бэлдцүүдийг бэлэн болгосноор энэ ажил орон даяар хэрэгжиж эхлээд байгаа юм.

АСУУЛТ: Дархан-Уул аймгийн тухайд энэ ажил хэзээнээс хэрэгжиж эхлэв? Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд нийт хэчнээн машинд энэ үйлчилгээг үзүүлээд байгаа вэ?

ХАРИУЛТ: Дархан-Уул аймгийн хэмжээнд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж байна. Эхний ээлжид Н4 “галегон” ламптай 100 гаруй мянган тээврийн хэрэгслийн гэрлийг солихоор төлөвлөсөн ба үзлэг, оношилгоонд орохоор ирэхэд нь гэрлийг сольж өгч байна. Иргэд төлбөрөө төлчихвөл бэлдцээ аваад өөрсдөө ч сольж болох давуу талтай.

АСУУЛТ: Аймгийн хэмжээнд хэчнээн тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх шаардлагатай байгаа вэ?

ХАРИУЛТ: Дархан-Уул аймгийн хэмжээнд 2017 онд 12223 ДАХ, 1084 ДАА, 8317 ДАР улсын дугаартай нийт 21624автомашин бүртгэлтэй байгаагаас 14150 нь замын хөдөлгөөнд тогтмол оролцож байна. Үүнээс 6509 буюу 46% нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд эдгээрийн гэрлийг солих шаардлагатай гэсэн үг.

АСУУЛТ: Гэрлийн тусгалыг өөрчлөхөд жолооч нараас тодорхой төлбөр авах уу?

ХАРИУЛТ: Тийм ээ. “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын захирлын А/51 тоот тушаалаар гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэц, наалт, ажлын хөлсийг баталсан. Тээврийн хэрэгсэл эзэмшигч нар 1,650 төгрөгөөр энэ үйлчилгээг авах боломжтой .

АСУУЛТ: Тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилснөөр зам тээврийн осол хэр хэмжээнд буурна гэж үзэж байгаа вэ? Ер нь гэрлийн тусгалыг өөрчлөх ажилд улсаас хэчнээн төгрөг зарцуулж байна вэ?

ХАРИУЛТ: Монгол Улсад гарч буй нийт зам тээврийн ослын 76%-ийг буруу талдаа жолооны хүрдтэй автомашин эзэлдэг ба ихэвчлэн шөнийн цагаар гарсан байдаг тухай судалгааг Замын цагдаагийн албанаас гаргасан. Энэ оныг ЗТХЯ-наас замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил болгон зарласан бөгөөд энэхүү гэрлийн тусгал өөрчлөх ажил нь зам тээврийн ослыг тодорхой хэмжээгээр бууруулахад нөлөөлнө гэж үзэж байна. Энэ ажилд “Авто тээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-аас нийт 229 сая төгрөг зарцуулж байгаа.

АСУУЛТ: Энэ ондоо багтаж гэрлийн тусгалаа зөв болгож солиулаагүй тээврийн хэрэгслүүдийг цаашид хэрхэн хамруулахаар төлөвлөж байна вэ?

ХАРИУЛТ: Эхний ээлжид зөвхөн Н4 “галегон” ламптай гэрлийн тусгалыг өөрчлөх ба энэ ажлыг жил жилээр төлөвлөн хэрэгжүүлэх тул бүх тээврийн хэрэгслүүд хамрагдах боломжтой.

АСУУЛТ: Тээврийн хэрэгсэл бүр жилд нэг удаа заавал оношилгоонд хамрагдах үүрэгтэй. Дархан-Уул аймгийн хэмжээнд жолооч нар үзлэг оношилгоондоо хэр хамрагдаж байна вэ?

ХАРИУЛТ: Жолооч нар татвараа төлөх хугацаатайгаа андуураад хугацаа хэтрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 14.7.10.2-т заасны дагуу 50.000 торгуулдаг. Жишээ нь Өнгөрсөн оны 7 дугаар сарын 21-нд орсон бол энэ жилийн тэр хугацаандаа л орох ёстой. Тус авто тээврийн төвийн ТХТХҮзлэгийн төвөөр өдөрт дунджаар 60-90 тээврийн хэрэгсэл үзлэг, оношилгоонд хамрагдаж байна.

МТА-ны мэргэжилтэн Л.Буянхишиг 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%