Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

С.НАСАНБАТ: НИЙСЛЭЛИЙН ХҮН АМЫН МЕХАНИК ӨСӨЛТИЙГ БУУРУУЛАХАД БИД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХАД БЭЛЭН

2018-03-13

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай өнгөрсөн онд хийж бүтээсэн томоохон ажлууд болон энэ онд хийхээр төлөвлөн эхэлж байгаа ажлуудынх нь талаар ярилцлаа.

-Өнгөрсөн онд ямар ямар гол ололт амжилт гаргав? Өмнөх оны амжилт нь дараагийн жилийн ажилд онцгой үүрэгтэй байдаг гэж ярьдаг даа?

-Тэгэхээр 2017 он манай аймгийн хувьд эдийн засаг, нийгэм ИТХ-аараа батлагдсан төсөв мөнгөний хүрээнд амжилттай бүрэн дүүрэн хэрэгжсэн он байлаа. Дархан-Уул аймаг олон жил ярьж ирсэн Дархан хотын цэвэрлэх байгууламжийн иж бүрэн шинэчлэлийн асуудлуудыг АХБ-ны 20 сая ам.доллараар хэрэгжүүлэх төслийг өнгөрсөн оны 7 дугаар сард хурлаар батлуулж тендерийг нь зарлаад гүйцэтгэгчдийг нь шалгаруулж гурван багц тендерийн хоёр туслах ажлын тендерийн ажлыг эхлүүлсэн. Мөн 1987 оноос хойш солигдоогүй байсан 30 жилийн түүхтэй Дархан хотын үндсэн магистрал шугам болох дулааны магистрал шугамын ажлыг эхлүүлж төсөв хөрөнгийг нь шийдвэрлүүлж 4,6 тэрбум төгрөгийн ажлыг эхлүүллээ. Түүнчлэн тус аймагт төдийгүй Монгол Улсад хойт бүсийн эрчим хүчний нүүрс, технологийн нүүрс, хүн амын хэрэглээг хангаж байдаг Шарын голын уурхай оршдог Шарын гол сумын дулаан хангамжийн үндсэн магистрал 300-гийн шугамыг 3,9 тэрбум төгрөгөөр шинэчлэх ажлыг хэрэгжүүлж ажилласан зэрэг манай аймагт тулгамдаж байсан томоохон асуудлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэлээ. Түүнчлэн 2011 оноос хойш яригдаж байгаа Дархан хотын цахилгааны эх үүсвэрийг 35 мегаваттын трубин шинэчлэлийн асуудлыг УИХ-аар батлуулж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниар гүйцэтгүүлэх ажил эхэлж энэ онд бас томоохон асуудлыг шийдвэрлэлээ. Ингээд Дархан-Уул аймаг дулаан, цахилгаан, цэвэр ус хангамж, хотын доторх цэвэр усны хангамж бохир усыг татан зайлуулах зэрэг ажлын бүх нөхцөл бололцоог бий болгож хотын дэд бүтэцийн тулгамдсан үндсэн асуудлуудыг шийдвэрлэж чадсан ийм сайхан он байсан гэж дүгнэж байна.

-Сая та өнгөрсөн онд хийгдсэн томоохон хөрөнгө оруулалттай ажлуудын талаар ярилаа. Энэ хугацаанд цаг үеийн шинжтэй ямар ямар ажлууд хийгдсэн бэ, заримаас нь дурдахгүй юу?

-Мэдээж цаг үеийн шинжтэй орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай олон асуудал байсан. Үүнд баг, хорооллуудаа тохижуулах, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Тохилог хороолол” түүний дотор гэр хорооллын оршин суугчдын хөгжлийг ижил төвшинд аваачиж ая тухтай орчинд ажиллаж амьдрах бололцоог нь хангуулахын тулд “Орон нутгийн хөгжлийн сан”, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг нэлээд тусгаж ажилласан. Үүний дотроос Дархан хотын гэр хорооллын алслагдсан гэр хорооллын иргэдэд хатуу хучилттай авто зам хүргэх, нийтийн тээврийн автобуснуудын үйлчилгээний чиглэлийг тогтоож явуулсан. Энэ нь Дархан сумын 7, 8 дугаар багийн нутаг дэвсгэр үйлчлэх ажлыг “Од Эн Дэ” компани 680 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хатуу хучилттай авто замыг тавьснаар өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээ энэ багуудад хүрч байгаа. Ингэснээр иргэдтэй уулзах уулзалт бүрт яригдаж уламжилж байсан Дархан хотын алслагдсан гэр хороололд ажиллаж амьдарч байгаа иргэдийн ажилдаа явах, хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт ирэх тухай санал хүсэлтүүд өнөөдөр бодит ажил болоод байна.

-Орон нутгийн засаг захиргааны анхаарлын төвд иргэдийн эрүүл мэнд онцгой байр эзэлдэг. Иргэд нь эрүүл байж л аймгаа, улсаа хөгжүүлнэ. Ингэхэд эрүүл мэндийн салбарт ямар ажлууд хийгдсэн бэ?

-Эрүүл мэндийн салбарын хувьд өрхийн эрүүл мэндийн төвүүд маань өргөжиж салбар эмнэлгүүдээ нээлээ. Уулын бэлд байдаг айлууд, гэр хороолол руу автобус явдаггүй, өрхийн эмнэлгийн үйлчилгээ авахад хол зайдуу унаа явдаггүй учраас алхаж ирдэг. Өвлийн хүйтэнд халтиргаа гулгаа ихтэй байдаг болохоор үүнийг шийдвэрлэж өгөөч гэсэн иргэдийн хүсэлтийн дагуу бид Дархан сумын хоёр багт Монгол Улсын шилдэг өрхийн эмнэлгүүдийн нэг “Гос Хот” өрхийн эмнэлгийн салбарыг “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр байр савыг нь худалдан авч тохижуулж өгснөөр иргэдэд үйлчилгээг нь ойртуулсан. Монгол Улсын хэмжээнд хүн амын тоогоороо их 10 гаруй мянган хүн амтай хамгийн том баг болох Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр Мангирт, Хабитатын хороололд “Меристоп” эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлыг шинээр хийж тэнд холбогдох тоног төхөөрөмжүүдийг нь Дархан сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар тавьж ашиглалтад оруулж уг эмнэлгийн үйлчилгээний цар хүрээг өргөжүүллээ. Мөн өрхийн эмнэлгүүдийн парк шинэчлэлтийг 2017, 2018 онд шийдвэрлэхээр төлөвлөсний дагуу өнгөрсөн онд “Түвшин холбоо” зэрэг өрхийн эмнэлгүүдийн парк шинэчлэлтийг хийсэн.

-Сүүлийн үед төрөөс хийж байгаа ажлыг төр захиргаа дангаараа биш иргэдийн оролцоотой хийдэг болсон гэж их ярих болсон. Танай аймгаас хийж хэрэгжүүлж байгаа ажилд иргэдийн оролцоо хэр зэрэг байдаг вэ?

-Бид өмнө нь Иргэдийн хурлын дэргэд Иргэний танхимыг байгуулснаар иргэдийнхээ дуу хоолойг сонсдог болсон бол өнгөрсөн онд иргэдийнхээ оролцоог хангаснаар 300 орчим сая төгрөгийг иргэдийн хурлаараа шийдүүлж Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгмийн шинжтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үүднээс сонгон шалгаруулалтад иргэдийн оролцоог хангалаа. Зөвхөн орон нутгийнхаа засаг захиргаа, төрөө шүүмжлээд суудаг төдий биш хийж бүтээснийг нь эвдэж хэмхэлдэг, чанартай чанаргүйг нь шүүмжилдэг, өөрсдөө өөрөө оролцоод өөрсдийн баг хэсгээ, өөрийн эрхэлдэг хүмүүнлэгийн, урлаг соёлын, ТББ-ын хүрээнд материаллаг баазаа бэхжүүлж орчноо тохижуулах зэрэг ажлуудыг иргэдийнхээ оролцоотой хэрэгжүүлж эхэлсэн нь Иргэний танхим бий болсон цагаас хойш аймгийн хэмжээнд иргэд өөрсдөө оролцож хэрэгжүүлсэн он жилүүд байлаа.

-Иргэн баян бол улс баян гэдэг. Танай аймгаас иргэдийнхээ элбэг хангалуун амьдрах бололцоог бий болгох талаар ямар ажил зохион байгуулсан бэ?

-Монголын үндэсний спортыг хөгжүүлэх үүднээс сурын харваа, сурын нум, сум урлаачдыг бид дэмжиж ажилласан бол ахмадын туршлагыг судлуулах төсөл хөтөлбөрүүдийг дэмжсэн бол орон нутгийнхаа хэмжээнд газар тариалан эрхлэгчдийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж ялангуяа өрхийн тариалан хүнсний ногоо таригчдыг дэмжих үүднээс “Бордоо” төслийг хэрэгжүүлж орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл, тэр дундаа өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоо хэрэгцээ шаардлагыг хангах зэргээр ажиллаж ирлээ. Үүнд манай аймгийн иргэд ихэд сэтгэл хангалуун байгаа. Тэд орон нутгийнхаа хөгжил дэвшилд өөрсдийн оролцоог нэмэгдүүлж тулгамдсан асуудлаа өөрсдөө шийдвэрлэж ирсэнд нь сэтгэл хангалуун байна. Ингэж ойлголцож хамтарч хийж бүтээж ирснээ энэ онд үргэлжлүүлж хийхээр олон арван санал ирээд байгаа.

-Танай аймаг өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилтдоо нийгмийн асуудалд онцгой анхаарал тавьсан байна. Чухам ямар ямар гол ажлууд хийгдсэн бэ?

-Аймгийн боловсролын байгууллага 2016-2017 оны хичээлийн жилд ЭЕШ болон сургалтынхаа чанараар улсад хоёрт элсэлтийн шалгалтаар гуравт орсон нь их том амжилт юм. ЭЕШ-ыг 11 сурагч 800 оноо авсан. Бид аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан “Спортлог Дархан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Биеийн тамир, Спортын газар улсын аварга шалгаруулах найман удаагийн тэмцээнийг Дархан-Уул аймагт зохион байгуулж явууллаа. Дархан-Уул аймгийн тамирчид улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 200 гаруй медалийг авч ирлээ. Дархан хотын 15 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч н.Лхагвадулам оюуны спортод амжилт гаргаж Дэлхийн дээд амжилт тогтоож Дархандаа 2017 оны бахдам сайхан амжилт үзүүллээ. Дэлхийн аваргын тэмцээнүүдээс манай хүүхдүүд мөнгө хүрэл медалиудыг авлаа. Бид 2016-2017 оны хичээлийн жилд багшийг хөгжүүлэх, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажлын байран дээр нь богино хугацааны сургалтуудыг хөдөөгийн сумдаасаа эхлүүллээ. Шарын гол сумын 2, 6 дугаар дунд сургуулиудад Монгол Улсын гавьяат багш Д.Амгалангийн ахалсан Дархан хотын шилдэг ахмад багш нараас бүрдсэн багуудыг орон нутагт ажиллуулж ажлын байран дээр нь амралтын өдрүүдээр очиж цуврал сургалтуудыг явуулж багш нарыг давтан сургах, 12 дугаар ангийн төгсөгч хүүхдүүдийг тусгайлан авч ЭЕШ-ын үндсэн хичээлүүд болох монгол хэл, математик, хими, физик, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэлний сургалтуудыг явуулснаар багшаа ч, сурагчдаа ч сайн хөгжүүлж авснаар сурагчдын үзүүлэх амжилтын тоо ахилаа. Шарын голын сургууль нь аймгийн нийт 19 сургуулиас 14-т явж байсан бол эхний тавдугаар байрт ортлоо амжилтаа ахиуллаа.

-2018 оны эхний улирал шувтрах шатандаа орлоо. Энэ онд танай аймаг ямар гол зорилт дэвшүүлэв. Өнгөрсөн оны ажлын ололт амжилт дараа жилийнхээ ажилд эерэгээр нөлөөлөх нь мэдээж. Ажил хэр зэрэг явж байна вэ?

-Энэ 2018 оныг бид “Ахмадын жил” болгож зарласан. Бид ахмадууддаа зориулж тэдний нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээ авах зэрэгт олон ажлыг зохион байгуулахаар аймаг, сумдынхаа ахмадын холбоодтой аймгийн Засаг дарга, түүний тамгын газраас хамтарч хоёр удаагийн хэлэлцүүлэг хийгдэж тэдний саналыг авч улмаар нэгдсэн төлөвлөгөө гаргаж талууд харилцан ярилцаж батлаад ажилдаа ороод явж байна. Тэхээр бид энэ онд аймгийн ахмадуудад тулгамдсан асуудлуудаа дотооддоо шийдвэрлэж явнаа. Монгол Улсын Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний тухай хуулийн хүрээнд тухайн байгууллагын сарын цалингийн 1-3 хүртэлх хувийг ахмадын үйл ажиллагааг дэмжихэд зарцуулна гэсэн заалтыг анх удаа оруулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай аймагт нэг томоохон асуудал бол Алтанбулаг-Дархан-Улаанбаатарын чиглэлийн хатуу хучилттай авто замын өргөтгөлийн асуудал 2018 онд бэлдэж УИХ-аар оруулж соёрхон батлуулж ажлаа эхлүүлээд энэ ажлын хэсэгт орж яваа. Энэ нь бидний олон жил ярьсан олон арван төсөл хөтөлбөрөөр ороод биеллээ олоогүй байсан хамгийн сүүлд Хятад улс концесст орсон сая хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар хүчингүй болсон байгаа. Энэ 225 км авто замын хучилтыг зарим шаардлагатай гэж байгаа осол аваар давтамжтай гарч хүний амь эрсэддэг гэж яригддаг эргэлт бүхий газруудад нь өргөтгөл хийх замаар сайжруулах замын ажлыг тендер боловсруулах ажлыг Азийн Хөгжлийн банк, Зам, Тээврийн яамтай хамтран ажиллахаар саналуудаа солилцож байна.

-Дархан хотод хоёрдох түүхий эдээр бүтээгдэхүүн хийдэг нэг үйлдвэр Мангирт хороололд байдаг. Гэтэл дахиад бас нэг үйлдвэр хог хаягдал боловсруулах чиглэлээр байгуулагдахаар гэрээ байгуулах тухай яригдаж байсан санагдаж байна. Тэр юу болсон бэ?

-Тэр байгаа АХБ-ны буцалтгүй тусламжийн хүрээнд Японы ядуурлыг бууруулах сангийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын 1965 оноос хойш хуримтлагдсан хур хогийг дахин боловсруулах үйлдвэрийг барихаар АХБ, Дархан-Уул аймаг хоёр санал нэгдэж гэрээ, төслөө хамтарч хийгээд Японы Засгийн газарт уламжилж оруулахаар ажиллаж байна.

-Хонгор сумын нутагт байгуулагдсан Монгол Улсын малын удмын санг хамгаалж хөгжүүлэх эрдэм шинжилгээний байгууллагын цогцолбор ашиглалтад орсон гэсэн. Энэ нь танай аймагтай ямар холбоотой байх вэ? Мэдээж нутаг дэвсгэр дээр нь байгаа гэдэг утгаараа ойр дотно байх уу? Бусад холын аймгууд шиг байх “зайдуухан” байх уу?

-Энэ цогцолборыг 2017 оны 12 дугаар сард улсын комисс хүлээж авсан энэ оны тавдугаар сард үйл ажиллагаа нь эхэлнэ. “Монгол малын удмын сан”-г бий болгох энэ ажил орон нутагтайгаа яаж уялдах вэ? гэдэг байдлаар энэ сарын дундуур ажлын хэсгийнхэн манай аймагт ирнэ. Бид хүн ам олноор суурьшсан хот гэдгээрээ Дархан хотын мал бүхий иргэдийг хотоос зайдуухан гаргах зайлшгүй шаардлагатай байгаа. Ногоон байгууламжийг устгах, хотын соёлын асуудлыг хөндөх, авто замын зорчих хэсэг дээгүүр мал явах, цаашлаад сүүлийн жилүүдэд малын гоц халдварт өвчний гаралт нэмэгдлээ. Одоогийн байдлаар манай аймгийг тойроод шүлхийн өвчлөл тархаж байгаа энэ үед бид өрсөж амжиж малаа вакцинжуулсан. Тэхдээ мал бүхий иргэдээ хотын зах руу гаргаж нэгдсэн тарилгад хамруулах зэрэгт аймгийн ИТХ-аар 240 орчим сая төгрөгийг батлуулж мал бүхий иргэдийг зүгээр л хотоос хөөгөөд гаргачих биш тэнд нь цахилгаан, худаг ус, мал эмнэлгийн бүх талын үйлчилгээ үзүүлэх бүх боломжоор нь хангах арга хэмжээ авч шинэ суурьшлын бүс бий болгохоор ажиллаж байгаа. Цаашид Монгол Улсын Засгийн газраас Дархан-Уул аймаг Сэлэнгийн бүс нутгийг эрчимжсэн мал аж ахуй газар тариалангийн бүс болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд “Монгол Малын удмын сан” цогцолбор ашиглалтад орж байгаатай холбоотой орон нутгийнхаа хөгжлийн сангаас 286 сая төгрөгийг тавьж үйл ажиллагааг нь дэмжих, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлаа ярьж судалж ажиллаа. Энэ том судалгааны институт манай аймгийн нутаг дэвсгэрт байгуулагдсантай холбоотой бид бас тосож үйлчлэх ёстой тэдний үйлдвэрлэл дээр гарсан туршилтуудыг бодит амьдралд хэрэгжүүлэх зорилтод нь туслах суурьшлын шинэ бүсийг бэлдэж байна. Хойд бүсийн эрчимжсэн мал аж ахуйн суурьшлын бүсийг эхний ээлжид бид орон нутгийн хэмжээнд тавиад эхлүүлж байгаа. Тэдэнд малаа бэлчээрлэх бэлчээр, талбай гаргах, өвс тэжээлийг хэрхэн яаж бэлтгэх зэрэг томоохон ажлуудыг нь хийнэ.

-Дархан хотын зарим барилга байгууламжийг буулгаж дахин төлөвлөлтөд оруулж байгаа гэсэн. Хуучнаа буулгахгүйгээр шинээр баривал хөрөнгө мөнгө бага зарах биш үү?

-Дархан хотод 1961-1969 онд баригдсан Мэргэжлийн Хяналтын газар, Онцгой Байдлын газраас дүгнэлт нь гарчихсан хүн амьдрах нөхцөл бололцоо хангагдаагүй байгаа хуучин барилгуудыг буулган нурааж дахин төлөвлөлтөд оруулж орон нутгаа орон сууцжуулах ажлыг эхлүүлж байгаа. Энэ жил 60 айлын орон сууцыг барих бол цаашид иргэдийнхээ амьдрах ая тухтай орчныг бүрдүүлж ажиллана. Эдгээр хоёр давхар хуучин барилгуудын газрыг газрын дуудлага худалдаанд оруулж орон нутгийн төсөвт хөрөнгийг нь төвлөрүүлэх ажлын хийнэ.

-Дархан хот нь Дэлхийн хотуудын холбооны гишүүн хот. Монгол Улсын хоёр дахь том хот гэж явдаг. Тиймээс хотын гадаад харилцаа хэр зэрэг хөгжиж байна вэ?

-Дархан хот 1961 онд байгуулагдсан хот тэр цагаас хойш дэлхийн арав гаруй орны 14 хоттой гадаад харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлж ах дүү хотуудын хүрээнд хамтран ажиллаж байна. Хамгийн анхных нь гэвэл 1967 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хоттой ах дүүгийн харилцаа тогтоосон, 2017 онд 50 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын удирдлагууд ирж манай хотод соёлын өдрүүдээ хийсэн. Хамгийн сүүлийнх нь гэвэл БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хоттой бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа. БНСУ-ын эдийн засгийн бараг 30 гаруй хувийг бий болгодог томоохон аймаг болох Кёнгеду аймагтай харилцаагаа хөгжүүлж тэднээс туслалцаа дэмжлэг авахын зэрэгцээ соёлын салбарт бас хамтран ажиллаж энэ жилийн улсын баяр наадмаар тус Кёнгеду аймгийн Үндэсний найрал чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ манай Дархан-Уул аймагт ирж тоглох санамж бичигт гарын үсэг зурсан. Тус Кёнгеду аймаг нь манай Онцгой Байдлын газарт энэ хотын аюулгүй байдлыг хангах хүрээнд харилцаж эхэлсэн энэ богинохон хугацаанд авто паркийн шинэчлэл болон боловсон хүчнийг нь сургах чиглэлд нэлээд хөрөнгө оруулалт хийлээ. Мөн шинэ ухаалаг сургууль хөтөлбөрийнхөө хүрээнд Кёнгеду болон манай аймгийн Засаг даргын хүрээнд хувийн хэвшлийн болон төрийн өмчийн сургуулиудад хөрөнгө оруулалт хийж өглөө. Цаашлаад бид аялал жуулчлалын салбарт түлхүү ажиллахаар гэрээ хэлэлцээрүүдийн төвшинд санамж бичигт гарын үсэг зурахаар судалгааны ажлууд явагдаж байна. Энэ бүхэн нь тус аймагтай харилцах найрамдалт харилцаа хамтын ажиллагаа маш өргөн хүрээнд өргөжиж боломжтой болсон. Түүнчлэн хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны парк шинэчлэлтийн ажлуудыг буцалтгүй тусламжийн хүрээнд хангаж нийлүүлэх талаар бид хүсэлтээ уламжилж судалгааны ажлууд явагдаж байна. БНХАУ-ын У Хай хот нь өндөр хөгжсөн 1977 онд байгуулагдсан шинэ хот гэхэд 500 гаруй мянган хүн амтай, говь цөл газарт бүтээн байгуулагдсан өндөр хөгжилтэй хот учраас бид тус хоттой харилцаагаа өргөжүүлж байгаа.

-Танайх эдгээр хотуудаас гадна Турк, Чех зэрэг улс орнуудтай боловсрол, эрүүл мэнд болон байгаль орчны чиглэлээр хамтарч ажиллаж байгаа гэсэн. Тухайн салбарын чиглэлээр хамтарч ажиллаад ямар үр дүнд хүрсэн бэ?

-Бид зөвхөн хотуудын хооронд гэхээс гадна Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөр, БНТУ-ын Засгийн газрынх нь дэргэдэх байгууллагатай хамтарч Дархан сумын 7 дугаар цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн иж бүрэн анги нээсэн. Яг одоо манай аймагт хойд бүсийн эмнэлгийн мэргэжлийн ажилчин албан хаагчдын “Ажлын байран дээр нь чадавхжуулах сургалт” төслийг аймгийн Эрүүл Мэндийн газар, Нэгдсэн Эмнэлэгтэй хамтарч зохион байгуулж байгаа. Бид цаашид Дархан-Уул аймагт “Спортын дунд сургууль” байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх төслийг хэрэгжүүлэх хүсэлтээ тавиад энэ хүсэлт судлагдаж байгаа. Энэ мэтээр Монгол Улсад суугаа Элчин сайдуудын яамдаар дамжуулаад гадаад харилцаагаа улам бүр өргөжүүлэн ажиллаж байна. 2017 онд хэрэгжүүлсэн нэг томоохон төсөл бол Чех улсын Засгийн газраас санхүүжүүлсэн Монгол Улсын ойн ген фондыг сайжруулах нөхөн сэргээлтийг нэмэгдүүлэх фонд байгуулах ажлыг манай “Домогт Шарын гол” хэмээх мэргэжлийн байгууллага нэг сая долларын өртөгтэй төслийг маш үр дүнтэй хэрэгжүүлж БОАЖЯ-ны загвар сургалтын бааз болж хөгжих боломжтой болж байна. Ингэснээр тун удахгүй манай Дархан-Уул аймгийн энэ компани говь, цөл болон хойд бүсийн хэмжээнд тарьцын томоохон бааз бий болгосноор хотууд ногоон байгууламжтай болж мөн судалгааны ажлууд явагдаж байгаа бөгөөд манай мэргэжилтнүүд Чех улсад очиж суралцлаа. Энэ бүхнээс үүдээд бид зөвхөн төсөв хараад суух биш наашаа гэсэн сэтгэлтэй бүхэнтэй хамтран ажиллаж гадаад харилцаагаа өргөжүүлж буцалтгүй тусламжийн, төсөл хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлж үр дүнтэй, ашигтай байх ёстой гэсэн зарчмаар ажиллаж байна.

-Та Дархан хотын ирээдүйг юу гэж төсөөлж яаж харж байна вэ? Аймгаа удирдаж байгаа Засаг даргын хувьд Дархан хот ойрын ирээдүйд ямар хот болж хөгжих бол? Хүн ам, эдийн засаг, үйлдвэрлэлийн хувьд?

-Дархан-Уул аймаг маань яг өнөөдрийн байдлаар 104 мянган хүн амтай гэж байгаа боловч хатуу хучилттай олон улсын авто замтай, төмөр замтай, эдийн засаг, нийгэм, соёлын төвлөрсөн Монгол Улсын том хотын хувьд яг 130-140 мянган хүн ажиллаж амьдарч байна. Бид эдийн засгаа хөгжүүлснээр орон сууцжуулж мөн аж үйлдвэржүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эхний ээлжид 300 мянган хүн амтай хот болж хөгжих зорилт тавьсан. Энэ бүхэн нь зам харгуй, нийтийн тээвэр, үйлчилгээ боловсрол, соёлын суурь нь нэгэнт бий болсон бол 935 айлын иж бүрэн орон сууцны төлөвлөлтийг хийж Иргэдийн хурлаараа батлуулж мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хорооллуудынхаа инженерийн дэд бүтэц шугам хоолойнуудыг тавьж бид өнөөдөр хорооллоор нь барих чадавх бүхий барилгын компаниудад газар олголт хийхэд бэлэн байна. Бид олуулаа болохыг хүсч байна. Улаанбаатар хотын механик өсөлтийг бууруулахад Дарханчууд бид хувь нэмрээ оруулахад бэлэн. Манай цэвэрлэх байгууламж иж бүрэн шинэчлэгдэнэ. Ингээд орчин үеийн технологи бүхий арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Дарханд татах шийдвэрүүд уг нь эхэлж хэрэгжих шатандаа явж байна. Бид ажлын байрыг нэмэгдүүлэх хүрээнд орон нутгийн зүгээс байнга дэмжиж хамтарч ажиллахад бэлэн байна. Дархан хотын ирээдүй гэрэл гэгээтэй байгаа. Учир нь тэр гэрэл гэгээтэй ирээдүйг Дарханчууд бид өөрсдөө бүтээн байгуулах болно.
Б.Норовсамбуу

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%