Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

САР ШИНИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2018-02-15

Монгол улс, Дархан хотынхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд, Дархан хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж байгаа нийт иргэд, Дарханы маань ирээдүй болсон хүүхэд, залуус та бүхэндээ айлчлан ирж буй 17 дугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын мэндийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нэрийн өмнөөс  болон хувиасаа хүргэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, ажил төрөл тань өөдрөг, санасан бүхэн тань сэтгэчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Улиран одож буй 2017 он төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх Үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын  2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тухайн жилийн олон ажлууд биелэлээ оллоо.

Аймгийн хэмжээнд 2017 онд “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх замаар Төрийн албаны хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах”, “Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх” зорилтыг дэвшүүлэн тавьж, уг зорилтын хүрээнд иргэдийнхээ санаа бодлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гарах шийдвэрүүдэд тусган хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлуудад томоохон ахиц гарсан жил боллоо. 

Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлж ажиллах Үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлогын томоохон хөтөлбөрүүд болох 18 дэд хөтөлбөрийг батлан хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна. 

Тухайлбал аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Дархан сумын 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Үндсэн тосгоны 19 байрыг дахин төлөвлөлтөд оруулахаар  шийдвэрлэж, аймгийн ИТХ-ын 9 дүгээр Хуралдаанаар Үндсэн тосгоны дахин төлөвлөлтийн санхүүжилт болох 2,5 тэрбум төгрөгийг батласан бөгөөд 2018 оны 4 дүгээр сараас барилгын ажлыг эхлүүлэхээр болсон нь олон нийтийг талархалыг хүлээсэн ажил боллоо.

Мөн Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан  “Жишиг хороолол-5” төслийг хүрээнд Дархан сумын 5 дугаар багт хэрэгжүүлж гадна тохижилт, авто машины зогсоол, явган хүний зам, ногоон байгууламжийг хийж иргэдэд хүлээлгэн өгч, "Тохилог хороолол" төслийн хүрээнд Дархан сумын 6, 7, 8, дугаар багийн нутаг дэвсгэрт 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4,9 км хатуу хучилттай авто зам, Дархан сумын  2, 3, 7, 13, 15 дугаар багуудад 228 ширхэг лед гэрэлтүүлэг, “Шилэн эмнэлэг” төслийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг бүрэн хэмжээнд камержуулж, дугаарлалтыг цахимжуулан, яаралтай тусламжийн авто машинуудад GPS төхөөрөмжийг суурилуулсан нь иргэдийн цаг завыг хэмнэн, хүлээгдэл хүнд сурталыг арилган, иргэдийн талархалыг хүлээж байна. 

Түүнчлэн 2017 онд ‘’Төрийн үйлчилгээний нэгдсэн төв’’-ийг шинэ байртай болгож,  иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос, хүнд сурталгүйгээр шуурхай хүргэж байна. 

Дарханы хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх Хүүхэд хөгжлийн ордон, Залуучууд хөгжлийн төвтэй болж залуу үеийг амьдрах ухаанд сурах нөхцөлийг бүрдүүлснийг зэрэгцээ ажлын байр нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Дархан Эрдэнэ” мах комбинат нээлтээ хийж, 40 хүнийг байнгын ажлын байртай болголоо.  

Манай аймгаас "Улсын аварга малчин”-аар Хонгор сумын Зулзага багийн малчин Мишигийн Дорлиг, Хонгор сумын Зулзага багийн малчин Лхамрагчаагийн Тамирхүү, Орхон сумын Энхтал багийн малчин Санжийн Гантөмөр, "Улсын аварга тариаланч"-аар Орхон сумын тариаланч Базарын Ариунболд, Орхон сумын тариаланч Далайгийн Сүхболд нарыг шалгаруулсаныг дуулгахад таатай байна.

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан ИТХ нь бүрэн эрхийнхээ хугацаанд баримталж ажиллах бодлогын Үндсэн чиглэлийнхээ хүрээнд 2018 онд “Аймгийн ИТХ-ын хороодын  ажлыг жигдрүүлэх”, “Багийн Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг тогтмолжуулах”, “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнуудыг чадавхижуулах” зорилтыг дэвшүүллээ.

Мөн аймгийн хэмжээнд ахмад мэргэжилтний залуу хойч үедээ зөвлөн туслах үйлчилгээг өргөжүүлэх, ахмадуудын нийгмийн хамгаалал, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох орчин нөхцлийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оныг аймгийн хэмжээнд  “Ахмадын жил” болгон зарлаж, Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чанартай, нээлттэй ил тод болгох, Хотын соёлыг төлөвшүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 

2018 онд Дарханчууд та бид олсон ололт амжилтаа бататган түүчээлж, тавьсан зорилтоо амжилттай бүрэн хэрэгжүүлж, аймаг, орон нутаг минь хөгжин дэвшиж, айл өрх, иргэн бүрт буян хишгээ хайрласан жил байх болно гэдэгт итгэлтэй байна. 

Учран золгож байгаа “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилдээ айл бүр, ахан дүүс, хотол түмнээрээ сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%