Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

УИХ-ЫН ГИШҮҮД БОЛОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ УЛСЫН САЙН МАЛЧИН, ТАРИАЛАНЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

2018-02-12

      Сар шинийн баярын өмнө Улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олныг Монгол улсын Засгийн газраас шалгаруулдаг уламжлалтай. Энэ дагуу Алтан унжлагат гал тахиа жилийн "Улсын аварга малчин”-аар Хонгор сумын Зулзага багийн малчин Мишигийн Дорлиг, Хонгор сумын Зулзага багийн малчин Лхамрагчаагийн Тамирхүү, Орхон сумын Энхтал багийн малчин Санжийн Гантөмөр, "Улсын аварга тариаланч"-аар Орхон сумын тариаланч Базарын Ариунболд, Орхон сумын тариаланч Далайгийн Сүхболд нарыг шалгарсан юм. 
Улсын Их хурлын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат  тэргүүтэй албаны төлөөлөл /2018.02.11/ Орхон сумын Энхтал багийн малчин Санжийн Гантөмөр, "Улсын аварга тариаланч", Орхон сумын тариаланч Базарын Ариунболд, Орхон сумын тариаланч Далайгийн Сүхболд нарт шагналыг нь гэрт нь гардуулан, баяр хүргэлээ. 
С.Гантөмөр нь удам дамжсан малчин бөгөөд малч ухааныг эцэг, эхээсээ өвлөн эзэмшсэн мал маллах арга туршлагатай малчин бөгөөд сүүлийн 3 жилд 500-600 толгой малыг төлөөр нь өсгөн маллаж байна. Мал сүргийнх дотор эх малын 50 хувь хээлтэгч байгаа ба 100 хээлтэгч тутмаас 90-95 хувиар төл авдаг, малын хорогдолгүй, малын ашиг шимийг бүрэн ашиглаж сүүгээр цагаан идээ хийж хүн амын хүнсний хэрэгцээнд эрүүл хүнсийг нийлүүлж, түүний хийсэн цагаан идээ сумын хэмжээнд төдийгүй аймгийн зах зээлд танигдсан, амт чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тэргүүний малчин залуу юм.
Түүний ажил хөдөлмөрийг төр засгаас үнэлж 2012 онд сумын “Сайн малчин”, 2014 онд аймгийн “Сайн малчин”-аар шалгарсан бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр, 2017 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдсан байна. 
Аймгийн удирдлагууд Улсын аварга малчин С.Гантөмөрт аварга малчны цол тэмдэг, өргөө цагаан гэр, мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, гарын бэлгийг гардуулан өглөө.
Харин Улсын аварга тариаланч Б.Ариунболд нь 18 жил тасралтгүй газар тариалан эрхэлж,  жилд дунджаар 15-20 га усалгаатай, 25 га усалгаагүй талбайд төмс, хүнсний ногоо тариалдаг ба  4 хүнийг байнгын ажлын байраар хангаж, жилд давхардсан тоогоор 300 хүнийг түр ажлын байраар ханган ажилладаг байна.  Тэрбээр жил бүр тариалалтаа 10 хувиар нэмэгдүүлж, цаг улирал, жилийнх нь онцлогт тохируулан арчилж ургацын чанарыг нэмэгдүүлдэг бөгөөд дундажаар нийт 40 га талбайд тариалалт хийдгээс шар манжин, хүрэн манжин, сонгино, лууван, төмс, гэх мэт 5 төрлийн таримлыг тарьж, эртний ургацыг тогтмол хураан авч байна. 
Мөн Улсын аварга тариаланч Д.Сүхболд нь 2017 онд 21-га талбайд тариалалт хийснээс төмс 6 га-д 130 тн, лууван 10-га-д 400 тн, сонгино 1 га 25 тн, хүрэн манжин 2 га-д 44 тн, шар манжин 2 га-д 27 тн тус тус тарьж, өндөр ургац хураан авчээ.
Тэрээр тариалангийн газрынхаа хөрсний үржил шимийг сайжруулахад онцгой анхааран ажиллаж агро техникийн шаардлагын дагуу хөрсөө боловсруулан тогтвортой өндөр ургац аван ажиллахын зэрэгцээ хөрсний үржил шимийг сайжруулах талаар идэвхи санаачилгатай ажиллаж, 1 га-д дажаар 25 тн малын бууцыг халаан ялзруулан бордоо болгон тариалангийн талбайдаа ашиглах, мөн ээлжлэн тариалалтын системийг тариалалтандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа манай шилдэг, тэргүүний, туршлагатай ногоочдын нэг юм. 
Улсын аварга тариаланч Д.Сүхболд 2017 оны тариалалтын хугацаанд 4 хүнийг ажлын байраар байнга ханган ажиллуулж, мөн хаврын тариалалтын болон намрын ургац хураалтын үеэр 900-3300 иргэнийг ажлын байраар ханган, тэднийг тухайн үеийн орон нутгийн ханшаар нийт 66.0 сая төгрөгөөр цалинжуулан ажиллуулжээ.
Мөн Голланд улсын сонгины сайжруулсан ‘‘Штутгартер резин- Red barron’’  сортын үрийг импортоор оруулан сум орон нутгийн иргэдэд хямд үнээр ханган нийлүүлж, үнийн түвшинг тогтвортой болгож, өндөр үр бүтээмжтэй ажилласныг нь үнэлж Улсын аварга тариаланчаар өргөмжилсөн байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%