Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ХИЙМОРЬ” БРЭНДИЙН ГУРВАН ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

2018-01-03

“Хийморь язгуурт” ХХК-ийн Ерөнхий захирал. 2001 онд ШУТИС, ҮТДС-ийг Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээгч мэргэжлээр бакалавр, 2003 онд магистр, 2015 онд Удирдлагын соёмбо сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. Мэргэжлээрээ 17 дахь жилдээ ажиллаж буй Д.Алтантуулыг “Бүтээлч хүмүүс” буландаа урилаа.  Тэрээр анх 2005 онд “Classic” салон нээж, улмаар 2009 оноос “Хийморь язгуурт” ХХК болгон өргөжүүлжээ. Өөрийн орны үндэсний хувцас, гайхамшигт өв соёлоо дотооддоо болон гадаад орнуудад түгээн дэлгэрүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлж хийц, загвар, чанараа улам сайжруулан экспортлох зорилготой ажиллаж буй түүний сонирхолтой ярилцлагыг хүргэе.

- Сайн байна уу. Саяхан гадагшаа үзэсгэлэнд оролцоод ирсэн гэсэн. Ямар үзэсгэлэнд оролцов?
-Анх 2013 онд гурван улсын үзэсгэлэнд оролцож таван өдрийн дотор өөрт байсан бүхий л бүтээгдэхүүнээ борлуулж дууссан. Үүнээс хойш л аливаа үзэсгэлэн худалдаанд оролцох их сонирхолтой болсон. 
Саяхан өвөр монголд болсон үзэсгэлэнд оролцоод ирлээ. Шинэ он гарангуут дахин явах гээд бэлтгэл ажлаа хийж байна. 
- Өвөрмонголд борлуулалт их байна уу?
- Хэрэглэгчдийн эрэлт их, худалдан авах чадвар сайн байна. Үндэсний хэв шинжийг агуулсан хувцас хунар, эд эдлэл бүхэн өвөр монголчуудын сонирхолд ихэд нийцэж байна. Нэг үгээр хэлбэл үндэсний үйлдвэрлэгчдийг 25 сая хүнтэй ЗАХ ЗЭЭЛ алгаа тосон хүлээж байхад үйлдвэрлэгчид маань мөнгөний урсгалаа дагах нь зүйтэй байгаа юм. 
- Шинэ он гарах гээд хүн бүр ажил амжилтаа дүгнэж байна. Таны хувьд ямар жил өнгөрч байна?
- Энэ жил миний хувьд бүтээн байгуулалт өрнөсөн Хийморь брэндийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нэвтрүүлж зах зээлд гаргаж туршсан он жил байсан. Энэ бол манай хамт олны хувьд томоохон амжилт юм. Цаашид өөрийн бизнесийг тэлэхийн тулд массын үйлдвэрлэл эрхлэх шаардлагатай байна. Тийм учраас үйлдвэрлэл явуулах ажлын байраа барьсан. Одоо заслын ажлаа хийж байна. Мөн хувийн сууцаа хажууд нь барилаа. Энэ бол маш том амжилт шүү. 
- Массын үйлдвэрлэл гэхээр ямар хувцсыг ихээр оёх вэ?  
- “Хийморь” брэндийн гурван төрлийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Эхний брэнд бол бүх насны бүлгээр, улирлын онцлогоор үндэстэн ястан угсаатны онцлогийг харуулсан өргөн сонголттой монгол цамцыг дагнан үйлдвэрлэж байна. Дараагийнх  нь “Эко ноосон өлгий” үйлдвэрлэл юм. Гурван жилийн өмнө би жил дараалаад 2 хоёр хүүхэд төрүүлсэн. Хүүхдүүддээ эко ноос худалдаж аваад дулаан өлгий хийж хэрэглэсэн нь өлгий үйлдвэрлэх санааг өгсөн. Сүүлийн жилүүдэд хүн бүхэн сентфонон хувцас хэрэглэж байгаад их санаа зовдог. Хүмүүс сентфонон хувцсыг дулаахан л гэж боддог. Дутагдалтай талыг нь мэддэггүй. Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаар нь хүмүүс маш их сонирхож байна. Одоо өлгийнхөө логог гаргаж, барааны тэмдгээ авахаар ажиллаж байна. Он гаргаад эко өлгийгөө үйлдвэрлэж, борлуулж эхэлнэ.  -Гурав дахь брэнд нь юу бэ? - Энэ бол Дарханы онцлогийг харуулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг Хийморь нэрээр гаргах явдал юм. Өнөөдөр манай аймгийн хажуугаар Хоймор нутаг руу жилд дунджаар 300 гаруй мянган аялагч явж өнгөрч байна. Иймээс манай хот аялал жуулчлалыг дэмжигч бүтээгдэхүүн үйлдвэрлэх хот болох боломжтой. Бидний үйлдвэрлэлээс төрөл бүрийн өөдөс, чамин хээнцэр торго, даавуу, гоёл чимэглэл их үлддэг, үүгээр монгол үндэсний хэв соёлыг харуулсан, чамгүй тансаг бэлэг дурсгалын зүйлс хийж болно. Эхний ээлжид дээрх 3 чиглэлээр массын үйлдвэрлэл эрхэлнэ. 2020 он хүртэл өргөжүүлж ажиллах тооцоо судалгаагаа хийсэн. Ажлын байраа ашиглалтад оронгуут хүн хүчээ нэмээд үйлдвэрлэлээ эхлүүлнэ дээ. - Хэчнээн хүнийг ажлын байраар хангах боломжтой вэ?  - 2020 оны хүртэл 30-аад хүнийг ажлын байраар хангаж, дунджаар 500.0-1500.0 төгрөгөөр цалинжуулах төлөвлөгөөтэй байгаа. Жилдээ 1000 аад бүтээгдэхүүн үйлдвэрлэж 5 цэгээр тогтмол борлуулна. 

-Ажлын байраа хаана барьж байгаа юм бэ? 

- Ажлын байраа Дархан сумын  хоёрдугаар багт буюу Ширээ нуруунд сонгосон. Яагаад ийм захдуу газар барьж байгаа юм гэж хүмүүс асуудаг. Мэдээж хэрэг хотын төвд үйлдвэрлэлийн зориулалттай байр барих газар хямдхан олдохгүй. Миний хувьд үйлдвэрлэх газар маань Ширээ нуруу боловч борлуулах газар маань хязгааргүй юм. Нөгөө талаас ажиллах хүчин тэнд байна. Үнэндээ хотын төвд байгаа хүмүүс ажилд орох дургүй байна. Тиймээс тэр хавиасаа хүмүүсээ сургаж ажилтай болгох зорилготой. 
-Бусад загвар зохион бүтээгчдээс ялгарах таны онцлог юу вэ?
- Европ, Монгол, сонгодог бүх төрлийн хувцсаар мэргэшсэн. Загвар зохион бүтээгч, оёдолчин гээд тус тусдаа мэргэжил миний хувьд бүгдийг эзэмшсэн. Өндөр цалинтай дизайнер зохион бүтээгчдийг хаанаас олж авах вэ гэж ажил олгогч нар санаа зовдог бол миний хувьд тэр бүхэн өөрт маань байна. Энэ бол давуу тал. 
Үйл урладаг хүмүүс бүх төрлийн хувцсыг хийх гээд цаг хугацаа их алдаж байна. Үйлдвэрлэлээ төрөлжүүлэх хэрэгтэй.

-Энэ мэргэжлээрээ ажиллаж байх үеийн бахархам дурсамжууд олон байгаа байх?
- Сонгодог урлагийн салбарын арваад удирдаач, Баянмонгол, Морин хуурын, Улсын филармон, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга зэрэг томоохон симфони оркеструудын тоглолтын хувцсыг урлаж байсан нь бахархах зүйлүүдийн маань нэг. Анх гуравдугаар курст “Сонгодог урлагийн хувцас фраг” сэдвээр бие даалт хийхээр болж их л дургүйхэн судалгаагаа эхлүүлсэн. Тэгээд улсын филормонийн ерөнхий удирдаач Бүтэнбаяр гуайтай уулзаж ярилцаад энэ хувцас нь хичнээн сайхан хувцас болохыг мэдэрсэн. Түүний аав Намсрайжавын фрагны нэг талын энгэрийг ханзалж судалгаа хийх зөвшөөрөл аваад гэртээ харьж билээ. Бүтэн 2 жилийн турш судалгаа хийж, энэ сэдвээр дипломоо хамгаалсан. Мөн удирдаач Бүтэнбаяр гуайд фрак оёж өгсөн нь Оёдлын үйлдвэрийн нэгдэл байхад гадны зохион бүтээгчид хийж байснаас хойш мэргэжлийн түвшинд хийсэн анхны фрак болсон. Диплом хамгаалах үеэр тэрээр миний оёсон фракийг өмсөөд орж ирэхэд шалгалт авч байсан багш нар маань сандраад л, - Туул минь хэлэхгүй яасан юм гээд тавагтай чихэр хайгаад л миний 15 минутад тавих илтгэл 50 минут болж асуулт хариулт их өрнөсөн нь тухайн үед их нэр төрийн хэрэг байсан. Бүтэнбаяр гуай миний хийж өгсөн фракийг Японы тайзан дээр Улсын филормани анхны тоглолтоо хийх үеэр өмссөн. 
Морин хуурын чуулгын тоглолтын хувцсыг хийчихээд үзэгчийн суудлаас үзэж суухад  нэрт дизайнер Байгалмаа багш баяр хүргэе чи хувцас хийж сурсан байна. Дэлхийн тайзанд ч гологдохгүй сайхан болжээ гээд үнсэж байсан. Соёлмаа гуай үндсэн хэлбэр галбирыг нь өөрчилж болохгүй байх зүйлүүд нь байна түүн дээр тоглолт хийж болно гэж үнэтэй зөвлөгөө өгсөнд их баярласан. 
Сонгодог урлагийн хувцсыг гадаадад бол энгийн салонууд хийдэггүй том том загварын орднуудад хийдэг юм билээ. Гэтэл намайг Солонгос руу 2 жил яваад ирсний дараа Нямдорж гуай утастаад за Туулаа ах нь чамайг байхгүйд  фрак оёулах гээд шилмэл загвар, торго салон, урлах эрдэм гээд бүгдээр нь очлоо. Хэнээр нь ч хийлгэж чадсангүй. Ийм төрлийн хувцас оёдог ганцхан хүн байсныг мэдрээгүй явжээ, дүүдээ албан ёсоор баяр хүргэж байна гэж утсаар ярихад нь хоолой зангираад хөдөлмөрийг маань ойлгодог хүн гарч ирсэнд их баярлаад уйлж байлаа.  

- Хүмүүс монгол үндэсний дээл хувцсаа их өмсдөг болсон. Захиалга их ирнэ биз?  - Үндэсний үзэл сэргэж, бүх зүйлээрээ монгол байх сэтгэлгээний том давлагаа орж ирсэн. 2000 онд сургууль төгсөөд ирж байхад их хүнд байлаа. Европ хувцас хийе гэхээр гадуур худалдаа их, үнэлгээ багатай. Монгол хувцсаа хийх гэхээр хэрэглэгч бага байсан. Харин одоо бол нээлттэй зах зээл бий болсон. Жилийн жилд баяр бүрээр байнга өндөр ачаалалтай байдаг. Жирэмсэн болсон жилд л Дарханд анхны шинэ жилийн баярт орж байсан. Монголчууд жирэмсэн хүнийг хувцас оёод өг гэж хэлж чаддаггүй тэр үед л сул чөлөөтэй байж үзсэн дээ. Хэдийгээр байнга завгүй ажиллаад байгаа юм шиг боловч үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж их хомс байна. Энэ нь нэг талаас төрөөс үйлдвэрлэгчдээ дорвитой бодлогоор дэмжихгүй байгаатай холбоотой. 

- Орон нутгийн дэмжлэг, зээл тусламжид хамрагдаж чадаж байна уу?
- Арилжааны банкнуудаас хэдэн тоног төхөөрөмжөө барьцаалаад зээл авах гэхээр барьцаа хөрөнгө хүрэхгүй учир боломжгүй гэсэн хариу сонсдог. Сум хөгжүүлэх сангийн зээл авах гэхээр мөн л адил. Ингэсээр байгаад банк санхүүгийн байгууллагаар явах дургүй болсон. Далан булчирхайгаа тоочоод бүүр нэг өрөвдөлтэй байдалд орж явахаас залхсан гэх үү дээ. Орон нутгийн удирдлагууд сайн чадалтай хүмүүсээ олж харахгүй байхад хувь хүмүүс итгээд ирээдүйтэй гэж үзээд мөнгө зээлж байна шүү дээ. Бор зүрхээрээ л ажиллаж байна. Сум хөгжүүлэх сангийн зээл аваад хүүхдээ солонгос явуулж байгаа хүнийг харж л байлаа. Ийм байгаа нөхцөлд Дархан хөгжихгүй. 
Дархан хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн цогц бодлогод зөөлөн оёдлын үйлдвэрлэлийг дэмжинэ гэснээс өөрөөр хэрхэн яаж, ямар арга замаар дэмжих нь тодорхойгүй юм билээ. Энэ жил аймгийн ИТХ-аас зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож маш тодорхой санал дэвшүүлсэн. Иргэн хүн өөрийн санал санаачилгаа орон нутгийн удирдлагуудад, бодлого боловсруулж байгаа хүмүүст хүргэхийн тулд олон жил бодож боловсруулж тооцож байж тэр хэлэлцүүлэгт очиж байгаа. Саналыг маань баялаг гэж хүлээж аваад бодлого боловсруулахад хамт байлгаад хамтраад ажиллаж байгаа зүйл одоохондоо алга л байна. Гэтэл тэр хэлэлцүүлэгт оролцож байсан бизнес эрхлэгч дараахан нь миний саналыг ажил болгоод бүх аймгуудын оёдолчдын дунд цамц үйлдвэрлэх Уран оёдолчин уралдаан зарлаад шалгаруулчихсан шүү дээ. Уг уралдаанд нь  миний шавь Сэлэнгэ түрүүлж байх жишээтэй.
Өнгөрсөн жил “Үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гарт” бартерын худалдааг аймгаас үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран зохион байгуулсан. Энэ их эгэлхэн сайхан ажил болсон. Яг түүн шиг үзэсгэлэн худалдааг аймгийн төвдөө болон зах газруудаар сардаа нэг удаа зохион байгуулаад байвал үйлдвэрлэгчдэд их дэмтэй юм болов уу гэж бодогдсон.
Мөн өвөрмонголд байнга болоод байгаа ийм төрлийн үзэсгэлэн худалдааг таван сараас эхлээд аялал жуулчлалын зам дагуу зохион байгуулж хэвшмээр байна. Заавал том байгууламж хэрэггүй гоё асарууд л байхад болох юм шиг санагддаг. 
Урд явж байхад бизнес төрийн үйл ажиллагаа нягт байна. Худалдааны гудамжнууд шинээр бий болж байна. Жишээ нь барилгын материалын худалдаа эрхлэгч нь  нэг давхарт нь дэлгүүрээ, дээд давхарт нь үйлдвэрлэлээ явуулж,  гурван давхартаа амьдарч байна.  Бүхий л амьдралынхаа турш олох гээд байгаа тэдгээр тулгамдсан асуудлыг улс нь нэг дор шийдээд өгч байна. Төр засагт алба хашиж байгаа хүмүүс үйлдвэрлэгч байгаагүй учраас үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээсээ хоцроод байна. Үйлдвэрлэгчид нь түрүүлж сэтгэчихээд төр засагтаа гомдоллоод байна. Хоорондоо ямар ч уялдаа холбоо алга. Нягт холбоотой бодлого барьж ажиллавал манай Дарханы хувьд иргэдийн амьжиргаа хурдан хугацаанд сэргэх боломжтой. Мөн орон нутгаас авьяас чадалтай хүмүүстээ итгээд, бодлогоор хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгвэл тэр хүмүүс асар их баялгийг бий болгоно, араасаа ч олон хүнийг дагуулж чадна. Нийгмийг хөдөлгөж байгаа, салбарыг авч явж байгаа хүмүүстэй ойрхон ажиллах хэрэгтэй л гэсэн үг. Тэдгээр хүмүүсээ иргэдийн санал асуулгаар нээлттэй тодруулж дэмжих нь төр захиргааны байгууллагын алсын хараа юм уу даа. 
- Гарын шавь бэлдэж байна уу. Сургалт явуулах уу?
- Манай аймагт зөөлөн оёдлын салбарт ажиллах хүчин байхгүй байна. Бэлтгэж байгаа газруудын сургалтын чанар тааруу байна. Улиралд нэг удаа сургалт явуулаад ажиллах хүчээ бүрдүүлж Дархандаа чадвартай сайхан ажиллах хүчин бэлтгэж өгөх хүсэлтэй байгаа. 
Энд нэг түүх ярихад Дархан технологийн их сургууль хувцас загварын салбартай байсан. Энэ үед мэргэжлийн анхны загвар зохион бүтээгчийн багшаар ирж байлаа. Тухайн үед Мянганбуу багш бидний санал санаачилгыг идэвхтэй дэмжиж шугамтай оёдлын лаборатори, зургийн өрөө бүхий 3 кабинетыг тохижуулсан. Намайг багшаар ирж байсан тэр жил Дарханаас 38 хүүхэд элсүүлж танхимдаа багтахгүй шахам хичээллэж байсан. Багшилж байгаад мастерт сурахаар хот явсан. Сүүлд 2010 онд гэрээгээр багшлахаар ирээд 5 аймгаас элсэлт авахад тавхан оюутан л элсүүлсэн гэж хэлэхэд  нь сэтгэл үнэхээр эмзэглэсэн. Иймд тус салбар менежментийн буруу бодлогоос болж хаагдсанд маш их харамсаж явдаг. Эрэлт ихтэй энэ мэргэжлийн ангийг хаах биш зөв чиглүүлээд өгсөн бол тав биш хэдэн зуугаар тоологдох оюутантай томоохон салбар сургууль  болох байлаа. 
-Энэ Мэргэжлээсээ уйдах, өөр мэргэжил сонгодог байж дээ хэмээн бодох үе гардаг юу?  - Бараг л үгүй дээ. Манай ээж найман хүүхдийнхээ хувцсыг хасаж янзалдаг, бэлтгэлийн хувцас формыг нь оёод өгчихдөг их уран хүн байсан. 5 дугаараа ангиасаа ээждээ санаагаа хэлж хувцас оёулж өмсдөг байлаа. Ээждээ тусалж шилбэ товч хадна. Арван жилээсээ их сургууль төгсөн төгстлөө бирж дээр үеийнхнийхээ сонирхдог хамгийн гоё форм паарчигийг хийж зардаг байлаа. Зургадугаар ангидаа Дарханы яргуй наадамд тэргүүн байр эзэлсэн юм. Уг нь тэргүүн байрны хүүхэд Найрамдал зусланд амрах эрхээр шагнуулах ёстой байсан. Гэтэл надад зуслан явах эрхийн бичиг нь ирээгүй. Одоо болтол бодогддог. Хүүхдийг хуурч болохгүй юм билээ хэзээ хойно жижиг гэлтгүй гомдол тээгээд байдаг. Тэгээд өөрийнхөө хүүхдийг Найрамдал явуулж гомдлоо тайлсан даа. /инээв/ Ээжээсээ үлгэрлэн үйл урлах дуртай болсон болохоор үйлдвэрлэгч байх дуртай. Аз сорих дуртай, шинэлэг юмыг эрэлхийлдэг. Хэвийн байдалд дургүй.

- Хамгийн ихээр хүсэж бодож явдаг бодлоо хуваалцаач?
- Мэдээж энэ салбарынхаа оргилд гарах юмсан. Олон хүнийг ажил амьдралд нь залгуулсан буянтан байхыг хүсч байна. Нөгөө талаар загварын ордонтой олон зуун шавьтай болоод тэд нараараа хүрээлүүлж ээж, багш нарынхаа өвлүүлсэн үйл урлах эрдмийг нэр төртэйгээр авч явах юм сан гэж боддог. Ер нь би өрөөлийн төлөө өөрийгөө элээх өнжүүлийн цэнхэр билүү гэдэг шиг өөрийгөө гэж бодохоос илүү үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх гээд л, өөртөө гэхээсээ илүү хүнд гоё хувцас хийж өгөх юмсан гээд л, цалинтай орлоготой байхаасаа илүү хүнд арга ухааныг нь заагаад өгчих юмсан, өр зээлээс нь гаргачих юм сан гээд л байдаг зантай. Их олон хүнд тусалсан байдаг. Мөн олсон бүхнээ миний энэ дурлаад байгаа салбар луу оруулж, чадсан ч чадаагүй ч миний талд бат зогсож байдаг нэг хүн бий. Эмэгтэй хүнд ийм их боломжийг олгож байдаг ханиараа бахархаж явдгаа хэлмээр байна. Өдий хүртэл хийж ирсэн, гаргасан амжилт бүхэн маань ханийн маань дэмжлэгтэй салшгүй холбоотой. Хүсэл мөрөөдлийг минь сонсож үргэлж дэмжиж байдаг ханьдаа болон багш нар олон сайхан найз нөхөддөө итгэж үйлчлүүлдэг хэрэглэгчиддээ талархалаа илэрхийлье ээ.
Ярилцсан: Х.СОЁЛ-ЭРДЭНЭ


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%