Та бүхэндээ Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа айлчлан ирж буй 2018 оны шинэ жилийн баярын мэндийг хүргэж, Та бүхний амьдрал, ажил үйлст эрүүл энх, баяр баясгалан, амжилт бүтээлийн дээдийг билэгдэн ерөөж байна.
Шинэ жилийн баяр Та бидэнд улирч буй онд юу бүтээснээ дүгнэж, ирэх онд юу бүтээхээ төлөвлөх боломжийг олгодгоос гадна хүн бүхэнд нас нэмж, ухаарал хайрладаг байгууллага, хамт олны, мөн гэр бүлийн хамгийн их хүсэн хүлээдэг баяр билээ.
Бид улиран одож буй 2017 онд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах, сум, багаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар Хурал, Засаг даргаас дэвшүүлсэн зорилтоо амжилттай шийдвэрлэлээ.
Та бидний төлөвлөсөн ажлуудаас хамгийн үр дүнтэй хэрэгжсэн зарим нэг ажлуудыг онцлоход :
1. Дархан сумын ОНХС-ийн 352.0 сая төгрөгөөр иргэдээс хамгийн их саналыг авч эрэмбэлэгдсэн 15 төсөл хөтөлбөрийг 100 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүллээ.
2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу сум, багуудад Хамтарсан багийг байгуулж, дэмжиж ажилласнаар үйл ажиллагаа нь тогтмолжсон.
3. Багийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт, ахуйн хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах ажилд зарим нэг ахиц ажиглагдлаа. Тухайлбал, 3, 6, 8, 11, 14, Малчин, Өргөө багуудад гэмт хэрэг, эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 5.0-29.4 хувиар буурсан дүнтэй байна.
Айлчлан ирж буй 2018 онд өмнөх онд хүрсэн түвшингээ бататгаж, иргэдийн тавьсан аливаа асуудлыг бага гэлтгүй ажил хэрэг болгон шийдвэрлэж, иргэдийг чирэгдүүлэхгүй, шуурхай, үр дүнтэй ажиллаж, төрийн албан хаагч бүр харилцаа хандлагадаа эерэг өөрчлөлт гаргаснаар Дархан сумынхаа нэр хүндийг өндөрт өргөж чадна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Шинэ он та бидэнд тавьсан зорилтоо хэрэгжүүлэх шинэ шинэ боломжийг авчрах болтугай. Сайхан баярлаарай.