Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Д.ГЭРЭЛТ-ОД: 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД 3132 ХҮҮХДИЙГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛСЭН

2017-11-30

Дархан-Уул аймгийн тэргүүний IV цэцэрлэгийн хамт олон байгуулагдсан цагаасаа сургуулийн өмнөх боловсролын салбарт хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, та бидний хойч ирээдүй болсон олон зуун хүүхэд багачуудыг асран халамжилж, сурган хүмүүжүүлж, тэдний авьяасыг нээн хөгжүүлэн, эрүүл чийрэг бие бялдартай, өндөр боловсрол мэдлэгтэй иргэд болох эх суурийг тавьж, улс аймгийн боловсролын салбарын хөгжилд түүчээлэн оролцож, түүхийг бүтээлцсээр хагас зуун жилийг элээжээ.
Тэд 50 жилийн түүхийг номын хуудаснаа мөнхлөх, ахмад үеэ баярлуулах, мэргэжил нэгт багш нараа хөгжлийн буухиад хөтөлсөн олон сайхан ажлыг хийжээ.
Ингээд тус цэцэрлэгийнхэний бүтээн байгуулалт, ололт амжилтын талаар цэцэрлэгийн эрхлэгч БТА Д.Гэрэлт-Одтой ярилцсанаа хүргэе.

- Ойн баярын мэнд хүргэе. Ой угтсан ажил маш их байна уу?

- Баярлалаа. Манай цэцэрлэг Найрамдлын Дархан хоттойгоо бараг цуг сууриа тавьсан. Эх орны өнцөг булан бүрээс ирсэн залуу гэр бүлийн үр хүүхдийг асран хамгаалж тэднийг сэтгэл түвшин ажил хөдөлмөрөө хийхэд нь хувь нэмрээ оруулсан гавьяатай хамт олон. Анхны шавь нар 1960-1961 онд төрсөн хоттойгоо чацуу эх орондоо ихийг бүтээж одоо гавьяаныхаа амралтандаа сууж байгаа ахмадууд байгаа. Бид цэцэрлэгийхээ үе үеийн багш ажиллагсдыг урин “Дурсамж” уулзалт, залуу үеийнхний “Кофе” уулзалт, “Төгсөгчдийн уулзалт” хийж баяр бахархал, амжилт бүтээлээ хуваалцлаа. Мөн эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх “Авьяаслаг аав ээж”, ажлын байран дээрээ багш ажилчдаа чадваржуулах “Бүгдээрээ бүжигчин” өдөрлөгийг тус тус зохион байгуулсан. Эндээс шилдэг урлагийн номеруудаа гаргаж ойн хүндэтгэлийн концертоо бэлтгэсэн. Арга зүйч Д.Тунгалаг, багш Б.Насанжаргал нар Д.Содномдоржийн “Норовын намтар” зохиолоос сэдэвлэн “Норов хүү номонд дуртай болсон нь” дуулалт жүжгийг шинэчлэн найруулж, аймгийнхаа 11 цэцэрлэг 3127 хүүхдэд толилуулсан байна. Тус аялан тоглолтын орлогоо 50-н жилийн үйл ажиллагаандаа зарцууллаа. Цэцэрлэгийн багшийг алдаршуулах цуврал нэвтрүүлгийн анхны оролцогчоор манай цэцэрлэгийн арга зүйч Д.Тунгалаг сонгогдон оролцлоо. Д.Тунгалаг багш маань цэцэрлэгийн насны хүүхдэд болон багш нарт зориулсан олон гарын авлага, ном зохиож багш нарын хүртээл болгосноос гадна түүхт ойн босгон дээр “Багачуудын зургийн дэвтэр” нэртэй бага насны хүүхдэд зориулсан Монголын анхны зургийн дэвтрийг өлгийдөн авлаа. Үе үеийн ахмад ажилтнууд, алтан үеэ түүхэнд мөнхлөхөөр баримтат кино, ном хийсэн гээд цэцэрлэгийнхээ 50 жилийн ойг угтсан ажлуудад хүн бүр өөр өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.
- Ой угтсан ажлуудад бүтээн байгуулалт, тохижилтын ажил нэлээд жин дардаг. Та бүхэн ямар ажлууд өрнүүлэв?
-Тэгэлгүй яахав. Ой угтсан тохижилтын ажлуудад аав ээжүүд маань маш их тусалсан. Ер нь хүүхдийн хөгжлийг эцэг эхийн оролцоо, төлөвлөлт хамтын ажиллагаагүйгээр удирдан зохион байгуулах боломжгүй. Эцэг эхийн оролцоо нэмэгдэх бүр үйл ажиллагаа илүү үр дүнтэй болдог. Бид цэцэрлэгийнхээ үзэл баримтлалд орчин бол багш гэж сургалтын орчны ач холбогдлыг чухалчилсан. Цэцэрлэгийн орчинд байгаа ашиглагдахгүй өрөө тасалгааг засварлан тохижуулахын тулд “Байгаль орчноо хайрлан хамгаалъя” аян өрнүүлж, хүүхэд багачууд хэрэглэсэн ус ундааны саваа цуглуулан тушааж “Аз жаргалын өргөө” тоглоомын өрөөг байгуулсан. Мөн багш ажилчид, эцэг эх, цэцэрлэгийн нөөц бололцоонд түшиглэн биеийн тамирын өрөөний цонхыг шинэчлэн, зөөлөвчтэй, угсармал дэвсгэрийг битүү дэвсэж, гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг хийж, 20 гаруй нэр төрлийн 460 гаруй сургалтын хэрэглэгдэхүүнийг хийлээ. Ариун цэврийн цэцэрлэг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр засварлаж эрүүл ахуйн шаардлага хангасан тав тухтай орчныг бий болгосон. Мөн 12 ангийн өрөө, цэцэрлэгийн коридор, үүдний хүлээн авах өрөө, гал тогооны хоол бэлтгэх болон боловсруулах хэсгийг бүр камержуулсан. Ажилчид эцэг эхтэй хамтран цэцэрлэгийн коридорын тохижилтыг сайжруулан 8 чиглэлээр ханын модон чимэглэлүүдийг хийж хүүхдэд таатай орчинг бий болгосон.

Мөн нийт эцэг эхийн 6,720,000 мянган төгрөгийн хандив тусламжаар 12 анги, коридор, үүдний хүлээн авах өрөө, гал тогооны агуулах, бэлтгэх хэсэг бүрийг камержуулсан. Ажилчид эцэг эхтэй хамтран цэцэрлэгийн коридорын тохижилтыг сайжруулан 8 чиглэлээр ханын модон чимэглэлүүдийг хийж хүүхдэд таатай орчинг бий болгосон.

- Гадна талбайн тохижилт их сайхан болжээ. Мөн л эцэг эхчүүдийн оролцоотой хийсэн үү?

- Бид гадна орчноо “Хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн тоглоом хэрэгслүүд, биеийн тамирын талбай, байгальтай танилцах эко орчны хэсэгтэй байна” гэж үзэл баримталдаа тусгасан. Энэ хүрээндээ гадаа талбайдаа эцэг эхийн дэмжлэгтэйгээр 200 м2 ногоон зүлэг бүхий спортын талбайг байгуулсан. Улмаар хүүхэд багачуудыг байгальд ойр байлгах, сонирхон суралцах боломжуудыг эрэлхийлэн эцэг эхчүүдийн дунд “Хүүхэд багачуудын ногоон төгөл” сэдэвт 14 хоногийн Бүтээлч ажлын аян зарлаж цэцэрлэгийн гадаа талбайг тохижуулсан. Ойн босгон дээр цэцэрлэг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр иж бүрэн тоглоомын талбайг хийж хүүхдүүдээ бэлэг барилаа.

-Цэцэрлэгүүдийн гол үйл ажиллагааны нэг бол хүүхдийн урлаг уран сайхны хөгжлийг дэмжих байдаг. Танай цэцэрлэгийн хувьд “Хүүхэд бүр хөгжимчин” төслийг хэрэгжүүлдэг юм байна. Үр дүн ямар байна вэ?

- “Хүүхэд бүр хөгжимчин” төсөл боловсруулан эцэг эхийн болон төрийн бус байгууллагын залуучуудын дэмжлэгээр 4 настайгаас нь эхлэн хүүхдүүдийг хамруулсан. Одоогийн байдлаар 3 жилийн хугацаанд 250 гаруй хүүхдийг хамруулан хөгжмийн суурь боловсролыг хөгжүүлж байна. Анх 2014 онд 4 настай 30 хүүхдэд үлээвэр даралтад хөгжмийн сургалтыг явуулж, хүүхэд бүрийг хөгжүүлэхийг зорьсон. Энэ хөтөлбөрөө “Сайн туршлага” үйл ажиллагаагаар танилцуулж, тайлангийн үеэр Залуучууд театрт 100 хүүхдийн хөгжмийн чуулбар тоглож туршлага солилцлоо. Бага насны олон хүүхдэд хөгжим зааж сургах нь сайн багш нарын уйгагүй хөдөлмөр зүтгэлийн үр дүнд амжилттай хэрэгжиж байна. Сургалтын явцад хүүхдүүд хөгжим тоглох дуртай, өөртөө итгэлтэй, баяр баясгалантай гоо зүйн мэдрэмжтэй болдог. Мөн өөрийн хөгжмийг ариг гамтай хэрэглэх, хоолойг нь цэвэрлэх, хөгжмөө арчих, хайрцаганд нь зөв байрлуулж хийх гэх мэт аливаад хариуцлагатай ханддаг болсон.


- 50 жилийн түүхэн замналтай цэцэрлэгийн хувьд бусад цэцэрлэгээс ялгарах давуу тал, тэргүүн туршлагууд олон байгаа байх.

- 50 жилийн хугацаанд манай цэцэрлэг 3132 хүүхдийг сурган хүмүүжүүлж ЕБС-д оруулсан тоон үзүүлэлт байна. Мөн бид СӨБ-ын салбарт олон чадварлаг мэргэжилтэн бэлтгэж, салбартаа олон тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлж чадсан бахархалтай хамт олон. Энэ л цэцэрлэгээс ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлж боловсролын салбарт хүч оюунаа зориулсан олон багш, сурган хүмүүжүүлэгчид арга зүйч, эрхлэгч, боловсролын дээд байгууллагын мэргэжилтэн болон дэвшиж ажилласан. Сүүлийн 5 жил бид цэцэрлэгийнхээ хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж 12 бүлгээр 450 гаруй хүүхдэд СӨБ олгон ажиллаж байна. Тийм ч утгаараа улсдаа томоохонд тооцогдох цэцэрлэгүүдийн нэгэнд зүй ёсоор ордог.
Түүхэн хугацааны онцлог ажил, туршлагууд гэвэл усан бассейныг нэрлэж болно. 1985 онд цэцэрлэгийн эмч Л.Сүрэнжавын санаачилгаар 2-3 насны хүүхдүүдийг усаар чийрэгжүүлэх зорилгоор шефийн холбоотой ажиллаж байсан Силикат цагаан тоосго шохой үйлдвэрийн 100% хөрөнгө оруулалтаар усан бассейн байгуулж, хүүхдүүдийг чийрэгжүүлж байсан нь тухайн үедээ зарим аймаг, хотод хэрэгжүүлж тэргүүн туршлага болж сурган хүмүүжүүлэх сэтгүүл дээр нийтлэгдэж байсан түүхтэй. 1990 онд бүжгийн “Жавхаа” хамтлаг байгуулагдан аймаг болон улсын хэмжээний уралдаан тэмцээнд амжилттай оролцон 1996 онд “Улсын аварга” бүжгийн хамтлагаар шалгарч байсан түүхэн амжилт бий. Энэхүү түүхэн нэрээрээ овоглож эдүгээг хүртэл амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд цэцэрлэгийн сүлд дуундаа “Жавхаа” хамтлагаар алдартай хэмээн магтан дуулж одоог хүртэл энэ нэрээрээ найрал дууны наадам, бүжгийн наадмуудад оролцож амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна. За мөн дуу бичлэгийн “Цэцэг студи”-ээ нэрлэмээр байна. Мөн “Цэцэрлэгтээ хоноцгооё”, “Уран зангидалт” гээд олон ажлыг дурдаж болно. Эдгээр ажлууд нь хүүхэд бүрийг хөгжүүлэх, тэдэнд өөртөө итгэх итгэл найдвар олж авахад тусалдаг хөгжил төлөвшлийн цогц арга хэмжээ болж чаддагаараа онцлог юм. Бид өөрсдийн үр дүнтэй ажлуудаа өөрийн аймгийн багш нараас гадна бусад 6 аймгийн олон багш нарт хүргэн бусдын хүртээл болгон сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулан өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр дэлхийн боловсролын чиг хандлага руу тэмүүлэн зорьж явна.

- Өнөөдрийн байдлаар танай цэцэрлэгт хэчнээн багш суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

- Манай цэцэрлэг нь 12 бүлэгт 445 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Нийт 38 багш ажилчидтай. Багш нарын 60% мэргэжлийн зэрэгтэй. Багш төвтэй сургалтын арга зүйг өөрчлөн хүүхдийн оролцоог дэмжсэн хүүхэд төвт сургалтын технологийг сургуулийн өмнөх боловсролын салбарт хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг жил бүр багш нарын дунд зохион байгуулагддаг ур чадварын уралдаанд 1996, 1998, 2000, 2001, 2002, 2003 онуудад аймагтаа эхний байруудыг эзэлж улмаар Улсын ур чадварын уралдаанд Д.Уранчимэг багш маань тэргүүлж, багш Т.Энхжаргал нар 3 дугаар байрт шалгарсан амжилтаас харж болно.
- Танай байгууллагад боловсролын чанарын шинэчлэлт хэрхэн хийгдсэн байна вэ?
- Бид энэ тал дээр бусдаас тэргүүлж алхсан гэж хэлж болно. Анх 1999 онд Японы “Жайка” ОУБ-ын сайн дурын гишүүн 3 багш манай цэцэрлэгт 6 жил тасралтгүй ажилласан. Мөн манай цэцэрлэгийн 2 багш Япон улсад мэргэжил дээшлүүлэх технологийн сургалтад хамрагдсан. Одоогоос 10 гаруй жилийн өмнө л бид “Хүүхэд бүр өөртөө итгэх итгэлтэй байж, хүүхэд бүр шилдэг” гэсэн зарчмыг баримтлан сургалтын үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ нь өнөөдрийн бидний суралцаад байгаа хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын цөм хөтөлбөрийн зарчимтай яв цав нийцсэн байдаг.

- Саяхан багш нарын баяр боллоо. Энэ жилийн баярыг хэрхэн өнгөрүүлэв?

- Монголын багш нарын 51 дэх өдрийг “Хүүхдийн хөгжлийг дэмжигч” номинацийн эзэд болсон амжилтаар угтсандаа туйлын их баяртай байна. Хамт олноороо, биднийг байнга дэмжин тусалж ажилладаг хүндэт эцэг эхчүүд, хамтран ажилладаг байгууллагуудаараа бахархаж байна. Мөн бид баяраа угтан “Бидний нэг өдөр” үйл ажиллагааг зохион явуулсан. Хүн бүр өөр өөрсдийн эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг ч хамтран ажиллаж буй хүмүүсийнхээ нэг өдрийн ажлын ачааллыг хэзээ ч 100% мэдэрч байгаагүй. Иймд бид нэг өдөр мэргэжлээ солилцон ажиллаж хөгжилтэй, сонирхолтой бахдалтай сэтгэлийг тээж, бие биедээ урам зориг, эрч хүч хайрласан даа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%