Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Ванчигийн ДАВААЖАВ: АЖИЛ ДЭЭРЭЭ ШИНЭ ЗҮЙЛИЙГ СЭДЭЖ САНААЧИЛЖ, ТҮҮНИЙГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ ДЭЭ

2017-11-30

Дархан хот байгуулагдсаны 56 жилийн ойн босгон дээр тантай ярилцаж байна. Хотын ойн өдрийн мэнд хүргэе.

- Баярлалаа. Та бүхэнд ч бас хотын өдрийн мэнд дэвшүүлье.

- Энэ зун Moнгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Та бол энэ станцын амьд түүх, үйлдвэрийн хөгжлийн түүчээ болсон хүмүүсийн нэг. Тиймээс энэ станцтай холбогдох болсон түүхээ эргээд нэг дурсаач?

- Би 1984 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн Дээд Сургуулийн Автоматик –тооцоолон бодох техникийн факультетийг Мэдээлэл-хэмжилзүйн мэргэжлээр төгсөж ирээд Дарханы Дулааны цахилгаан станцад ажиллах томилолтыг тэр үеийн Түлш-Эрчим хүчний яамнаас авч Дарханы ДЦС -д ирж ажилласан. Түүнээс хойш компанидаа 27 дахь жилдээ, төр, олон нийтийн байгууллагад 6 жил, улсад нийт 33 дахь жилдээ ажиллаж байна даа. Анх дулааны хянах хэмжүүр –автоматикийн цехийн хэмжүүрийн засварын мастераар, дараа нь дулааны хянах хэмжүүр- автоматикийн цехийн ашиглалтын инженерээр ажиллаж байсан. 1996-1997 онд Дархан хотын ЗДТГ-ын дэргэдэх Мэргэжлийн хяналтын албаны даргаар ажилласан. Түүнээс хойш Станцын даргаар, мөн ДХХ-А цехийн даргаар, Хөгжил төлөвлөлт, хүний нөөцийн хэлтсийн даргаар гээд амьдралынхаа ихэнх үеийг энэхүү станцынхаа хамт олон дунд ажиллаж өнгөрүүлж байна.

- Дулааны хянах хэмжүүр –автоматикийн цех яг ямар ажил хийх үү?

- Эрчим хүчний үйлдвэрийн нүд чих мэдрэмж болж байдаг цех. Технологийн янз бүрийн физик параметрүүдийг хэмжиж мэдээлж, засвар үйлчилгээг хийж машинаар хянах самбартай адил, тос маслыг хэмжиж, гэрэл дохионы байдал, аюулгүй байдлыг тасралтгүй хангаж ажилладаг. Нэлээд нарийн ажиллагаа шаарддаг. Манай цех 21 хүний бүрэлдэхүүнтэй, үүнээс 5 инженертэй.
- Таныг анх ирж ажиллаж байх үеийн станц, өнөөдрийн станцын үйл ажиллагааг харьцуулахад техник технологийн хувьд хэрхэн хөгжиж дэвшиж байна вэ?
- Удирдлага зохион байгуулалт, менежмент болон техник технологийн шинэчлэлтийн хувьд маш том үсрэлт гарсан. Намайг сургууль төгсөж ирэхэд станц ганцхан намхан яндантай байсан бол тун удалгүй 2 дахь том яндан босож, 3 зуухаар өргөтгөл шинэчлэлт хийгдсэн. Зөвхөн өөрийн ажилладаг цехээр л жишээ авахад тэр үед хэрэглэж байсан хэмжих хэрэгсэл, автоматикийн тоног төхөөрөмжүүд лампан электроник дээр байсан. Харин одоо микропроцессор орчин үеийн мэдээлэл технологийн систем, компьютерт суурилж байна. Намайг анх ажилд орж байх тэр үед ганцхан бичгийн машинтай байсан бол өнөөдөр инженер техникийн ажилтнууд бүгд компьютер хэрэглэж, мэдээллийн технологийн ололт бүхий хамгийн сүүлийн үеийн эрчим хүч бага хэрэглэдэг цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Тэр үед чинь буутай цэргээр мануулдаг байсан бол өнөөдөр Харуулын хамгаалалтын хяналт мэдээллийн шинэ систем нэвтэрч бүх хяналтыг дурангаар харж байна гээд маш олон шинэчлэлтүүд хийгдсэн. Бараг бүх зуухыг компьютераар хянаж удирдаж байна.

- Та бүхний шинэ технологи нэвтрүүлэх ажил үүгээр хязгаарлагдахгүй байх. Бидэнд дуулгах шинэ таатай мэдээллээсээ хуваалцахгүй юу?

- Дархан хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор 35 Мвт-ын шинэ уурын турбин суурилуулах төслийн ажлыг эрчимжүүлж 2018 оны сүүлчээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр жилд үйлдвэрлэж байгаа цахилгаан дулааны эрчим хүчний хэмжээ нэмэгдэж үүнийг дагаад тус аймагт үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэх, хотыг цаашид хөгжүүлэхэд нэн шаардлагатай дулааны найдвартай эх үүсвэр бий болох юм. Мэдээж турбиний хяналт удирдлагын систем хамгийн сүүлийн үеийн систем байх болно.

-Гал алдахгүй өнтэй өвөлжих эсэх нь эрчим хүчний салбараас ихээхэн хамаарна. Өнөө жилийн өвлийн бэлтгэл ажлын талаар та мэдээлэл өгөхгүй юу?

- Өвлийн бэлтгэл ажил өнгөрөгч жилүүдийн хэмжээнд хийгдэж байна. Ер нь манай үйлдвэрийн хувьд жил болгон л өвлийн бэлтгэлээ маш сайн хангадаг даа.

- Станцын насжилтын асуудлыг хөндөх цаг болсон гэж учир мэдэх хүмүүс яриад эхэллээ. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

- Монгол улсдаа станцын насжилтаар 2 дахь станц болж байгаа юм. Хамгийн өндөр настай станц бол II станц. Энэ тал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай. Хүн ам өсөж хот томрохыг хирээр халуун ус, дулаанаар найдвартай хангахын тулд шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Цаашид урт хугацаанд Монгол Улсын хоёр дахь том хот Дарханд цахилгаан, дулааны хоёрдогч эх үүсвэр байгуулах шаардлага үүсч байгаа тул зураг төслийг боловсруулах цаг болсон гэж үзэж байгаа.

Энэ ажил одоогоор судалгааны түвшинд яригдаж байгаа.

- Таны ажлын онцлох арга барил? Таны бодож, амьдралдаа баримталж явдаг зүйлээс нэгээхэн хэсгийг сонирхон сөхвөл...

- Нэгдүгээрт Цаг баримтлах. Цагийн үнэ цэнийг мэдэрч цагийг бүрэн дүүрэн ашиглаж байж л тухайн хүнээс бүтээл гарна шүү дээ. Хоёрдугаарт, ажил дээрээ шинэ зүйлийг сэдэж санаачилж, түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээдэг дээ.

- Энэ хугацаанд ямар ямар шинэ санаачилга гаргаж, ажил дээрээ нэвтрүүлж ажиллав?

- Эрчим хүчний менежмент болон өөрийн нарийн мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны 20 гаруй өгүүлэл бичиж хэвлүүлсэн. Эрчим хүчний үйлдвэрийн техник, технологийн чиглэлээр 6 ашигтай загварын гэрчилгээ эзэмшдэг. Үйлдвэрлэлд олон тэргүүн туршлага нэвтрүүлж, төсөл, төлөвлөгөө боловсруулсан. Тухайлбал, Миний бие 1989 онд анхны компьютерийг хэрэглэх санаачилга гаргаж анхны Monel компьютерийг инженерийн тооцооны ажилд нэвтрүүлж ашиглаж байсан нь тухайн үедээ инженерийн хөдөлмөрийг хөнгөвчилж цаг хэмнэсэн шинэлэг зүйл байлаа. Өөрийн залуугийн мөрөөдлийг биелүүлж нүсэр том уурын зуухыг компьютерийн “хулганаар “ удирдах төслийг санаачлан Монгол инженерүүд, ажилчдаа удирдаж, сургаж дадлагажуулж харьцангуй бага зардлаар хэрэгжүүлж бодит ажил болгосон. 1999 онд Станцын техникийн усан хангамжийн бие даасан систем буй болгох зорилгоор анх санаачилсан “Дулааны цахилгаан станцын техникийн усан хангамжийн сүлжээ” нэртэй ашигтай загварыг хэрэгжүүлснээр компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардал 17 хувиас 1 хувь болтол буурсан бөгөөд энэ нь 1квт цахилгаан эрчим хүч болон 1Гкал дулааны эрчим хүчний өөрийн өртөг 16 хувь буурсан гэсэн үг юм. Хэрэв ийм ашигтай загварыг санаачилж хэрэгжүүлээгүй бол жил тутам ийм хэмнэлт гарахгүй, цахилгаан дулааны нэгжийн өртөг өнөөгийн түвшнээс 16 хувь  өндөр байх байлаа. 2000 онд ТГ-2-ыг эсрэг даралтын горимоос үйлдвэрийн горимд шилжүүлэн ачааллыг 4МВ –аар нэмэгдүүлэх санаачилга гаргаснаар станцын төслийн хүчин чадлыг 100 хувьд хүргэж 2000-2016 онд компанийн борлуулалтын орлогыг нийт 26,8 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн, одоо болтол үр дүнгээ өгч байгаа. Энэ хугацаанд мэргэшсэн болон Монгол улсын зөвлөх инженерийн зэргийг 3 удаа хамгаалж салбарынхаа шилдэг 100 инженерийн нэг болсон. Гурван өөр технологи бүхий БКЗ-75-39ФБ зууханд компьютерийн хяналт удирдлагын системийн 3 өөр хувилбарыг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ бүтээл Эрчим хүчний салбарын шилдэг бүтээлүүдийг нэг болж 2013 онд шавь нар нь маань Яамны шилдэг бүтээлийн шагнал авсан.

- Компанийн Хөгжил төлөвлөлт хүний нөөцийн асуудал бол маш чухал. Энэ асуудлыг хариуцан ажиллаж байхдаа ямар бодлого барьж ажиллав?

- Миний хэрэгжүүлсэн гол ажил бол компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бодлого стратеги боловсруулах байсан. Ингээд 1999 оноос санаж сэдэж явсан Чанарын удирдлагын тогтолцооны MNS/ISO 9001 стандартыг нэвтрүүлэх ажлыг эрчим хүчний салбарын үйлдвэрүүдээс анхлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан. Мөн энэ хугацаанд компанийн хэмжээнд эрх зүйн шинэчлэлт хийх, удирдлагын арга барил менежментийг сайжруулах, хариуцлага сахилга батыг сайжруулах, компанид эерэг хандлагуудыг бий болгоход анхаарч ажилласан. Ажилтнуудыг аль болох насан туршид ажиллуулах хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах, ажлын байранд ялгаварлахгүй байх гээд олон зүйлд анхаарсан. Мөн компанийн нийгмийн хариуцлагын олон улсын стандарт ISO 26000 стандартыг нэвтрүүлэх компанийн дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах компанийн эрхэм зорилго үнэт зүйл алсын харааг шинэчлэн тодорхойлоход анхаарч ажилласан..

- Төрийн өндөр дээд шагналаар шагнуулж байх тэр агшинд хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл...

- Ийм өндөр шагнал авна гэж зүүдэлж ч байгаагүй болохоор их л баярлах сэтгэл төрж, юун түрүүнд хамт ажиллаж байгаа байгууллага, хамт олон минь бодогддог юм билээ. Тэгээд тэднийхээ баяр талархлыг сонсож тэдэндээ хариу баяр талархал илэрхийлсэн дээ. Миний ажил амьдрал бол яах аргагүй станц. Хамт ажиллаж байсан, зааж сургаж байсан ахмадууд, одоо хамт ажиллаж байгаа хүмүүсээрээ бахархдаг.

- Цаашид Эрчим хүчний салбарын юун дээр анхаармаар юм шиг санагддаг вэ?

- Эрчим хүчний салбарт, байгууллагын өмнө тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд өөрийн санааг нэмэрлэх зүйл байгаа. Ялангуяа эрчим хүчний салбарын найдвартай, аюулгүй байдлыг хангах, үүний тулд техник технологийн шинэчлэл хийх, өртөг зардлыг хэмнэх, мэргэшсэн боловсон хүчнийг сайн сургаж тогтвор суурьшилтай ажиллуулах явдал тулгамдсан асуудал болж байна. Эрчим хүчний салбар бол улс орны үндэсний аюулгүй байдлыг илэрхийлэх чухал салбар. Тийм учраас төрөөс онцгой анхаарч, эрчим хүчний салбарыг Монгол улсын эрчим хүчний салбарын аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгайлан тусгаж өгөх шаардлагатай. Энэ үзэл баримтлалд эрчим хүч гэсэн үг байхгүй л байгаа юм. Энэ салбарын найдвартай аюулгүй байдал нь улс орны аюулгүй байдалд хүн ардын аз жаргалтай тавлаг амьдралд шууд нөлөөлнө. Иймд нэгдүгээрт зөвхөн найдвартай биш аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарах ёстой.
      Хоёрдугаарт, эрчим хүчний салбар эдийн засгийн суурь салбар гэж хэлж болно. Тийм учраас эрчим хүчний өртөг зардлыг хямд байлгахын тулд эрчим хүчний үйлдвэрийн ашигт ажиллагааг дээшлүүлэх, эрчим хүчний үйлдвэрлэлийн зардлыг хэмнэх асуудал бас чухал. Гуравдугаарт, эрчим хүчний салбарт зүрх тархи болж ажиллаж байгаа нийт ажилтнуудын ажлын байрны тогтвортой байдал нийгмийн асуудалд анхаарах хэрэгтэй байна.

Эцэст нь Дархан хот байгуулагдсаны 56 жилийн ойн мэндчилгээг нийт Дарханчууддаа хүргэж эрүүл энх аз жаргал сайн сайхан хөгжил дэвшлийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%