Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Аялал жуулчлалыг орон нутагт ч цогц байдлаар хөгжүүлэх ёстой

2017-11-29

    Энэ оны гуравдугаар сард эртний амьтдын үзэсгэлэнг Дарханд-Уул аймаг өөрийн Музейд гаргах гэж байна. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Музейн захирал, “Дархан нутаг” судлаач, түүхч, дэд профессор Д.Жамбалдоржтой ярилцлаа.

-Тус аймагт аялал жуулчлал хөгжүүлэх ямар боломж байна вэ? Түүх соёлын дурсгалт газрууд хэр зэрэг олон байдаг вэ?

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар аймгийн Засаг даргын “2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т аялал жуулчлалыг бүсчилсэн байдлаар хөгжүүлэхийн зэрэгцээ ялангуяа аймгийнхаа нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын дурсгалт газруудыг тохижуулж амрах аялах нөхцлийг бүрдүүлж өртөөчилсөн аялал зохион байгуулах чиглэл бий болгох тухай заалт тусгагдсан байдаг. Тиймээс орон нутагтаа аялал жуулчлалын хэд хэдэн чиглэлээр энэ салбарыг хөгжүүлэх боломж байгаа. Тухайлбал: аялагчид Дархан-Уул аймагт түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах төдийгүй анх 1961 онд байгуулагдахдаа ах дүү социалист зургаан орны хамтарч байгуулсан “Найрамдлын хот” байгуулах төслөөр бий болсон учраас олон үйлдвэрүүд байгуулагдсан байдаг. Тийм болохоор нэгд хот доторх аялал, хоёрт аж үйлдвэрүүдтэй танилцах аялал, гуравт түүх соёл, археологийн дурсгалт газруудтай танилцах аялал, дөрөвт буддын шашны аялал, тавд цэргийн аялал жуулчлалыг зохион байгуулж болно. Эдгээрийг хөгжүүлэхдээ бүс нутгийн хүрээнд Дархан-Уул аймаг газар зүйн байршлын хувьд Сэлэнгэ аймгийн яг төв дунд нь оршдог дөрвөн сумтай аймаг болохын хувьд Сэлэнгэ аймгийн зарим сумдын дэд бүтэцээ дагаад түүх соёл археологийн байгалын үзэсгэлэнт газруудтай холбож үзүүлээд цаашилбал ОХУ-ын Буриад улсын Байгаль нуур хүртэлх газар нутаг, Итгэлт хамбын Ивэлгийн дацантай хамтарч хөгжүүлбэл олон улсын шинж чанартай болж жуулчдад үзэж харах юм нь илүү их сонирхолтой болно гэж сүүлийн хориод жилийнхээ судалгаандаа дүгнэсэн.

-Хотын аялал гэж сая ярилаа. Энэ аяллаар чухам юуг үзэх боломжтой вэ?

- Хотын аяллын хувьд аж үйлдвэрийг хоёр хувааж үздэг. Дархан хотын суурийг 1961 онд тавьснаас хойш тухайн үеийн ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан Дархан Дулааны цахилгаан станц, Аж үйлдвэр техникийн бааз, Байшин үйлдвэрлэх Комбинат, Керамзитийн завод, Эрдэс хөвөнгийн үйлдвэр, БНПАУ-ын тусламжаар байгуулагдсан Силикат Тоосго шохойн үйлдвэр, БНЧСУ-ын тусламжаар байгуулагдсан Цементийн завод, БНБАУ-ын тусламжаар Нэхий Эдлэлийн үйлдвэр, Орхонд суманд байгуулагдсан Услалтын систем, Жимс Ногооны үйлдвэр, 1990 онд Япон улсын тусламжаар байгуулагдсан Монгол Улсын хүнд үйлдвэрийн анхны суурь болсон Дархан Төмөрлөгийн үйлдвэр зэрэг үйлдвэрүүд нь Дархан хотын аж үйлдвэрийн өмнөд бүсэд багтдаг үйлдвэрүүд юм. Харин хойд бүсэд гэвэл мөн ЗХУ-ын тусламжаар Хүнсний комбинат, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Үр тариа хадгалах үйлдвэр буюу Эловатор, Гурил Тэжээлийн үйлдвэр, Дархан Дулааны шугам сүлжээ, Нефть бааз, Карерийн аж ахуй, БНУАУ-ын тусламжаар Мах Комбинат зэрэг ийм олон үйлдвэрүүдийг үзүүлж танилцуулах аялал жуулчлалын бааз бэлэн байна.

-Дархан чинь үйлдвэржсэн үйлдвэрийн хот гэдгээрээ онцлог. Дараагийн аялал жуулчлал хот доторх аялал байна уу? Чухам ямар юм үзэж болох вэ?

-Дархан хот маань Ази, Европыг холбосон олон улсын авто болон төмөр замын зангилаанд оршдог учраас үүгээр дайрч өнгөрдөг гадаадын жуулчид болон хувиараа аялагчдад хотоо танилцуулах аяллыг зохион байгуулах бүрэн боломжтой. Мөн дөрвөн сумын нутагт буй түүх, археологийн дурсгалтай танилцах аялал жуулчлалыг бид зохион байгуулаад эхэлчихсэн. Жишээ нь Хонгор сумын нутагт Чингисийн түүхтэй холбоотой “Чингис хааны морины уяа”, “Чингис хааны тулга”, мөн “Монголын нууц товчоо”-нд гардаг Хүйтэн уулын тулаан болсон Хүйтэн уул, Хүйтний гол байдаг. Тэнд Чингис хааны цэрэгт  Гүр хаан Жамухын цэрэг бут цохигдож Эргүн Хун руу зугатаасан түүхт газар бий. Хоёр талаас их олон дайчин амь үрэгдсэн “Бунхан толгой”, “Бунхантын нуруу” гэдэг газрууд байдаг. Мөн үеэр Чингис хаан ялалтаа тэмдэглэж тэр үеийн зосон зургийг хавтгай налуу хадан дээр бичиж тэмдэглэсэн дурсгалтай. “Мөнх тэнгэрийн хүчин дор, их хааны суу дор тахиа жилийн намар” гэж бичсэн үг нь одоо ч бий юм. Үүнийг 1982 онд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал байсан н.Цэвээндоржийн ахалсан экспедиц олж тогтоосон байдаг. Цаашлаад Шарын гол сумын нутагт “Буган чулуун хөшөө” гурав бий, түүнийг аймгийн тусгай хамгаалалтад авсан. Мөн Шарын голын хөвөөн дэх хадны зураг нь дээрх Хүйтний голын хадны зурагтай яг нэг цаг үед бичигдсэн зосон зураг юм.

-Буддын шашны аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ярилаа. Шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх ямар дурсгал, ямар бааз байна вэ?

-Дархан хотод байгаа Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржаалин хийд 1990 онд сэргээгдсэн. Энэ хийдийн хуучин туурь нь Суварга толгой хэмээх газар одоогийн Хонгор сумын гуравдугаар багийн нутаг Салхитад байгаа. Мөн 1900-гаад оны үед уг хийдийг нүүлгэн шилжүүлсэн туурь нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг зарим сударт “Хайлаар уул” гэж бичсэн одоогийн “Өндөр Найдаг” уулын өвөрт байдаг. Энэ хийдийн тууриудыг үзээд “Лам Дондовын рашаан”, “Дүрс Нарс” зэрэг Хараагийн дарь эхийн хийдтэй холбоотой түүх, соёлын дурсгалт газруудыг үзэхээс гадна өнөөгийн хийдийг нь үзэж тэндээ “Майдар эргэх ёслол”-ын бүжиг, оройн цагаар “Дэн хөөргөх ёслол”-ыг үзэж болно. Буддын шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Дархан хотод шашны зан үйл эрхэлдэг Дарь эхийн хийдээс гадна “Үржинсанагчойлин хийд”, “Нархажидийн хийд”-ийг үзэж болно. Хонгор сумын нутаг дахь “Мухарын голын дуган”-ын туурь, “Хүйтний голын дуган”-ын туурь, Маанийн зургаан үсэгтэй хад, “Хуврагийн дуганы туурь”, Шарын гол сумын нутаг дахь “Мэргэн даяанчийн хийдийн туурь” болон одоо тус сумын төвд ажиллаж байгаа “Мэргэн даяанчийн Гэлэгпэлжээлин хийд”-ээр зочлох боломжтой.

-За баярлалаа. Сүүлийн үед жуулчид “Агуйн аялал”-ыг их сонирхдог болсон. Дархан-Уул аймагт агуй хэр олон байдаг вэ?

-Агуйн аяллыг дэлхий дахинд нэлээд хөгжүүлж хөгжилтэй орнууд агуйг засаж янзлаад сайхан үзмэрүүдийг хийсэн байдаг. 1990-ээд оноос хойш Монголчууд олон оронд чөлөөтэй зорчих боломжтой болсон. Ингээд тэр бүгдийг үзэж харж явахад Дархан-Уул аймагт бидний олж судалж байгаа дөрвөн агуй байна. Харамсалтай нь эдгээр агуйнууд тэр өндөр хөгжилтэй орнуудын агуйг бодвол жижиг дээд тал нь л 15 метр. Тэхээр Ховд аймаг дахь тэр том агуйнууд шиг агуйн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хязгаарлагдмал. Гэхдээ Буддын шашны аялал жуулчлалыг хийх явцдаа “Өндөр Найтаг” уулын хийдийн туурийг үзэж явахдаа түүний цаад талд нь байгаа “Дарь эхийн хийд”-ийн лам нарын даяанчилж сууж байсан хоёр агуйг үзэх боломжтой. Бид тэр агуйнуудыг нэлээд хайж явж олсон шүү. Бид агуйг үзээд Монгол буддын шашны тэр лам нар уг агуйд яаж сууж хүнс хоолоо залгуулж байсныг үзэхэд хажуудах байгалиасаа нь мангир, ургамалаа түүж идээд булаг шанд болон хажуудах “Ширээ булгийн рашаан”-аас ундаалаад амьдарч байсантай адил майхан саваа татаж агуйг үзэх боломжтой. Үүнээс гадна Хүйтний голын тахилгат Мөөл уулын агуй бол Монгол улсын агуйн газрын зурагт тэмдэглэгдсэн байдаг. Энэ агуй бол арай том янзалж тохижуулбал агуйн аялалд тохирно. Харин Ховдын “Гурван Цэнхэрийн агуй” шиг урт биш. Мөн одоохондоо эрж олоогүй байгаа нэг агуй Шарын гол сумын нутагт бий.

-Дархан-Уул аймагт судлагдаагүй түүх соёлын дурсгалт олон газар байгаа юм байна. Танай Музей энэ талын судалгааг орон нутагтаа хийж эхэлжээ. Улсын хэмжээнд судалгаа хийлгэх талаар ярьж хөөрсөн юм бий юу?

-Энэ жилээс манай Музейн санаачлагаар Улаанбаатар хот дахь Монгол Улсын Түүх, Археологийн хүрээлэн, Палеонтологиийн хүрээлэнтэй хамтарч энэ оны гуравдугаар сард эртний амьтадын үзэсгэлэнг Дархандаа өөрийн Музейд гаргана. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд энэ онд дээрх хоёр хүрээлэнтэй хамтарч Дархан-Уул аймгийнхаа нутагт бидний илрүүлж гаргасан олдворуудыг шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажилтнууд явж судлагаа тандалт малтлагын ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа.

-Цэргийн аялал хийх боломжтой гэж түрүүн дурдсан даа. Энэ аялал тийм ач холбогдолтой болж чадах уу?

-Энэ тухай би анх удаа ярьж байна. Харин бусад дээрх ярьсан аяллуудын талаар олон удаа эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан л даа. Дарханд энхийг сахиулагчдыг бэлтгэдэг элитийн батолион буюу Зэвсэгт хүчний 330 дугаар ангид очиж цэргийн аялал байж болох талаар сүүлийн үед хэд хэдэн судалгаа хийлээ. Аль ч аялал жуулчлал дэлхийн жишгээр л явах ёстой. Ялангуяа ОХУ, АНУ зэрэг томоохон зэвсэг үйлдвэрлэгч их гүрнүүд, сүүлийн үед БНХАУ цэргийн аяллыг их хөгжүүлж байна. Дарханд бас нэг онцлог бий тэр нь Монгол улс 1961 онд НҮБ-ын 101 дэх гишүүнээр элссэн байдаг. Тэгээд 1990-ээд оноос хойш манай улсын цэрэг армийг олон улсад их үнэлдэг болж Монгол улсын Зэвсэгт хүчний дайчдыг НҮБ энхийг сахиулах үйлсэд оролцуулж байна. Тиймээс Дарханд байгаа Элитийн баталионоо түшиглэж энхийг сахиулах үйлсэд оролцож байгаа дайчдын зэвсэг техник, эдэлдэг хэрэглэлийг нь үзэхийн зэрэгцээ ангид нь байгаа музейтэй танилцаж болно. Бас буудлагын полигонд нь очиж тэдний хэрэглэж байгаа зэвсгээр буудлага хийх зэргээр бүрэн цогц цэргийн аялал зохион байгуулж болох юм.

-Та Дархан нутгийн судалгаагаар хэд хэдэн ном гаргасан байсан. Эдгээр номынхоо талаар ярина уу? Сонирхолтой байх даа?

-Дархан-Уул аймгийн төв болон бүх сумдын нутагт буй түүх, соёлын дурсгалуудыг би судлаж бичээд 2009 онд “Дархан нутгийн түүх соёлын дурсгалууд” гэдэг номынхоо нэгдүгээр дэвтрийг хэвлүүлсэн. Номоо магистр н.Амарбаттай хамтарч бичсэн. Энэ номынхоо хоёр дахь дэвтрийг 2016 онд Д.Дуламсүрэн, Д.Амарбат нартай хамтран бичиж үүнийгээ бусад 21 аймагт хараахан хийгдэж амжаагүй байгаа аймгийнхаа бүх сумдын нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын дурсгалт газруудаа Монгол хэлээр болон Англи хэлд орчуулж бичсэн онцлогтой. Бид Англи хэлний орчуулагч багшийн мэргэжилтэй учраас Монгол, Англи хэлээр бичээд дэлхийн бусад оронд аялал жуулчлал хөгжүүлж байгаа жишиг рүү орох зорилго тавьсан. Энэ номыг маань гадаад дотоодын жуулчид маш их сонирхон уншиж байгаа. Тэдний заримтай нь ярилцаж үзэхэд Монгол газар усны нэр, домог нь их сонин байдаг гэж байсан. Гадаад улс оронд газар усны нэрийн домог их бага байдаг бололтой.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%