Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХАЙР ҮГҮЙЛЭГДЭНЭ

2017-10-23

Өвгөнхүүгийн РАГЧААСҮРЭН Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч
...Багшийн хичээл тун сонирхолтой. Хүүхдүүд ч ам хуурайгүй багшаасаа уралдан асууж, шулганан инээлдэнэ. Анги дүүрэн хөгжил хөөр. Заяа л харин ганцаархнаа энэ бүхэнд сэтгэл нь баясан цэнгэсэнгүй. Уйтгар гунигаар дүүрсэн охины нүдэнд, өглөө сургуульдаа явахад нь гал хөсгүй үлдсэн хүйтэн гэр, тав тух алдан уйлагнах дүү нар, ээжийнх нь өрөвдөлтэй царай л харагдсаар. Заяа айлын том нь болохоор ээждээ туслахсан гэж бодно. Гэвч яах ч учраа олохгүй жаахан охин хичээл номондоо ч анхаарахаа байжээ. Хий дэмий л санаа зовно...Заяа хичээл тараад гудамж уруудан гэрийн зүг алхлаа. Хашааныхаа хаалгаар яваад ортол гэнэт зүрх нь оволзон хүчтэй гэгч цохилох нь мэдрэгдэв. Юу болов гэж бодохын зуургүй тэр гэртээ гүйн орлоо. Охины өөдөөс халуун дулаан илч төөнөж, буцалсан цайны уур савсах нь тэр. Галын дэргэд суугаа ээжийнх нь царай улаа бутран хязгааргүй аз жаргалаар гэрэлтэн гийжээ. Цахилгаан тавиулж чадахгүй байсан гэрт нь гэрэл асч, зурагт нь явж байлаа. Эгчийнхээ өөдөөс дүү нар нь давхилдаж ирэн “-Манайд ах нар ирээд гэрэл асаасан, бас ийм гоё бэлэг өгсөн“ гэв. Харвал гэрийнх нь хананд дөрвөлжин хөөрхөн хайрцаг тавьжээ. Ээж хүүхдүүдийн нар гарах нь энэ ээ. Ямар сайхан хүмүүс вэ? Баярлаад ч ханашгүй. 


Гэрэл дулаанаар дутагдаж байсан энэ айлд амьдрал бэлэглэсэн ачтанууд нь Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээний залуус байлаа. Тэд энэ мэтчилэн өрх толгойлсон 10 эмэгтэйн гэр орныг цахилгаанаар хангах үйлчилгээг үнэ төлбөргүй шийдэж, Тосгоны багуудаас сонгон өрх толгойлон амьдралаа авч яваа 10 эмэгтэйд тусалж, цахилгааны холболтыг нь шинэчлэн сайжруулжээ.
Хүмүүст тусламж дэмжлэг хаана хэрэгтэй байна тэдэнд энэрлийн гараа сунгах энэ үйлсийг харин хэн санаачлан эхлүүлэв? 
Тиймээ, тэд бол Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоо.


Энэ “Хайр Дүүрэн Гар” аянд зүрх сэтгэлээрээ оролцож хүмүүсийг баярлуулж яваа олон байгууллагын зөвхөн нэг нь Дарханы Цахилгаан Түгээх Сүлжээнийхэн. Хайр дүүрэн гараар 55 эмэгтэй хүнийг сонгон тэдэнд тусалж байгаа нь ч билэгдэлтэй. Дарханы Эмэгтэйчүүдийн Холбоо үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойдоо энэ сэтгэлийн аянаа зориулжээ. Аяныг эхлүүлэхэд Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын газар хамтран оролцсон. Аяныхаа салхийг хагалж Холбооны бүсгүйчүүд өөрсдөө, Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт байцаагчаар ажилладаг Р.Цэндмаад өргөө цагаан гэр бэлэглэсэн нь утга төгөлдөр. Аяны нэрэмжит цомыг шилжүүлэн аялуулав. “Дархан-Ус Суваг”-ийн хамт олон цомыг хүлээж аваад, ажилтан бүр нь 5 000 төгрөг, нийт нэг сая 5 000 төгрөгийн хандив цуглуулж, ариутгах татуургын албаны ажилчин Д.Бурмаа, шуурхай үйлчилгээний албаны жолооч Л.Ганболд, нягтлан бодогч Ж.Хишигжаргал нарын хүүхдүүдийн эмчилгээнд нь нэмэр болгон гардуулж өглөө. Мөн “Эрүүл жаргалтай өв тэгш амьдралыг цэцэглүүлэн хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах нь бидний зорилго” эрхэм уриатай ажилладаг "Лаклайф - Их Монгол" байгууллагын хамт олон нэгдэж, 3 сая төгрөгийн эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн хандивласан. Халуун сэтгэлийн аяныг Стандартчилал хэмжил зүйн алба, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газрын хамт олон дэмжлээ. Дархан хотод стандартчилалын үйлчилгээг эхлүүлж энэ байгууллагын тулгын чулууг тавилцсан өндөр настан Ш.Мядаг, Ш.Маналжав нарт туслан гэрийнх нь хашааг нь шинэчилж, байшинг нь засварлан, хэрэгцээтэй аж ахуйн тусламж үзүүллээ. Энэ аянд нэгдэхийг Монголын 21 аймгийн Стандартчилал хэмжил зүйн ажилтнуудыг уриалснаар нийт 500 гаруй албан хаагчид дэмжин, хэмжил зүйн үйлчилгээ авдаг байгууллагууд нэгдэн хандив цуглуулж, Дархан сумын 6 дугаар багийн “Тээвэрчдийн” гудамжны 7-3 тоотод оршин суудаг ахмадуудад тусалсан. Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хамт олон Дархан сумын 5 дугаар багийн иргэн С.Отгонцэцэг, 7 дугаар багийн иргэн Ө.Товчинсүрэн нарт өргөө цагаан гэр барьж , хашааны газрыг олгосон. 


Ийнхүү “Хайр Дүүрэн Гар” аянаар орон гэртэй болгох, хүүхдийг нь цэцэрлэгт оруулах, сургалтын төлбөрийг нь төлөх, эмчилгээний зардалд нэмэрлэх, ажилд оруулах гээд тусалж болох бүхий л хэлбэрээр 55 эмэгтэйдээ тусалж чадлаа. 
Гудамжаар яаран алхах бүсгүйн гар утсанд дохио ирэв. Авч үзвэл гарын алган дээрх ув улаан зүрхнээс гэрэл цацарч байв. “Эрдүү баргил хоолойгоор дуучин 
“-Зөвхөн урагшаа харж бүү алх, анд минь, 
Зөрж өнгөрсөн бүсгүйд чиний хайр үгүйлэгдэж байгаа...” хэмээн дуулна. Брюс Спрингстиний “High Hopes” эгшиглэж байгаа нь энэ. Утасны дэлгэцэн дээрх бяцхан улаахан зүрхнээс “Хайр дүүрэн гараараа, халуун сэтгэл түгээцгээе!” гэсэн үгс бадамлан туяарсаар. Бүсгүйчүүдийн эхлүүлсэн аяны уриа дуудлага нь энэ байлаа.   Дархан хот. 


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%