Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Үндэсний хэмжээний сайн туршлагыг судалж байна

2017-09-13

Энэ сарын 11-13 ны өдрүүдэд Дархан-Уул аймагт “Үндэсний хэмжээний сайн туршлага судлах арга хэмжээ” зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээнд Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг, ОНТА, Сангийн яам болон 21аймгаас сумдын төлөөлөл болон ирсэн нийт 41 хүн оролцож байна. Зочид төлөөлөгчид өнөөдөр Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаарх мэдээллийг сонсож зарим ажлуудтай газар дээр нь явж танилцсан юм. Дархан сум нь 24 мянган өрхийн 84 мянга гаруй хүн амтай. Улсдаа хамгийн том 2 сумын нэг. Тус суманд 2013-2017 онд Дархан сумын ОНХС-ийн нийт 6,8 тэр бум төгрөгөөр 71 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Тухайлбал сумын нийт хүн амын 65 хувь нь амьдардаг орон сууцны хороололд 7 байршилд 230 сая төгрөгөөр авто машины зогсоол хийгдсэн бол аймгийн 70, сумын 30 хувийн хөрөнгө оруулалтаар “Жишиг хороолол төсөл”-ийг 5 удаа амжилттай хэрэгжүүлжээ.


Үүний үр дүнд 5 багт дээд тал нь 1,2 тэр бум төгрөгөөр ногоон байгууламж, сандал сүүдрэвч, явган хүний зам бүхий иж бүрэн хүүхдийн тоглоомын талбайг авто зогсоолтой нь байгуулсан юм. Түүнчлэн нийтийн эзэмшлийн байруудын 80 хувьд нь фасад засвар хийгдсэнээс гадна инженерийн шугам сүлжээний засвар, камержуулалт зэрэг олон ажлуудыг хийжээ. Харин хүн амын 35 хувь нь амьдардаг гэр хорооллын багуудын замыг засахад 900 орчим сая төгрөгийг зарцуулсан, 600 сая төгрөгөөр 207 ширхэг өндрийн цамхагт гэрэл тавьсан гээд иргэдээс гарсан саналын дагуу хийгдсэн бодит ажлуууд олон байна. Мөн гүний худаг, усан сан барих, хашаа гудамжны хаягжуулалт зэргийг ч хийжээ.

Гэр болон орон сууцны хороололд хийгдсэн нийтлэг ажлуудын тоонд цэцэрлэгийн салбар бүлгүүдийг шинээр нээсэн ажил багтана. Өнгөрсөн 4 жилд сургууль, цэцэрлэгүүдийн бүрэн ашиглагдахгүй байсан анги танхимуудыг ОНХС-аас хөрөнгө гарган засварлан шинэ бүлгүүдийг нээсэн. Өнөөдөр Дархан сумын хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 85 хувьд хүрээд байгаа юм. Монгол улсын 330 сумаас Дархан сум ОНХС-аар хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудаараа шилдгээр шалгаран энэ онд 356 сая төгрөгөөр шагнуулсан. Үүнээс гэр хорооллын баг тус бүрд 10, орон сууцны хорооллын багуудад тус бүрд нь 15 сая төгрөгийг хуваарьлан нийт 14 ажил төлөвлөсний 10 ажил нь бүрэн дуусаж 4 ажил нь хийгдээд явж байна. Ингэж 18 багт хөрөнгийг тэгш хуваарилснаар өмнө нь 50-100 сая төгрөгөөр хийдэг байсан хүүхдийн тоглоомын талбайг 10-15 сая төгрөгөөр, 36 сая төгрөгөөр хийлгэж байсан 28-30 машины авто зогсоолыг 10 сая төгрөгөөр хийлгэсэн гээд бага хөрөнгөөр их ажлыг амжуулсан сайн жишээ олон байна.

Гадаад, дотоодын зочид төлөөлөгчид яг одоо Дархан сумын 3 дугаар багт хийгдсэн хатуу хучилттай зам, гэрэлтүүлэг болон Ширээ нуруунд нээгдсэн 13 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг, Өргөө багийн "Жишиг хороолол-3" төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцан туршлага судалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%