ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ХЗДХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Я.Жавхлан, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Л.Уянга, хэвлэлийн ажилтан Ц.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн Пүрэв, Баасан гаригт Дархан-Уул аймаг дахь хууль зүй, дотоод хэргийн салбарын харьяа байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ. Хамгийн түрүүнд тус аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус газрын хувьд эрүүлжүүлэх байрны барилга нь стандартын шаардлага хангахгүй, хүний эрх зөрчиж байгаа талаар Хүний эрхийн комиссоос зөвлөмж, аймгийн прокурорын газраас удаа дараа шаардлага ирүүлснийг удирдлагууд нь дуулгасан. Тиймээс эрүүлжүүлэх байрны барилгыг өргөтгөх, шинэчлэн засварлах шаардлагатай байгааг учирлаж байв. Энэ уулзалтын зорилго нь аль нэг байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, хянаж шалгах биш салбарын бодлого, хууль тогтоомж анхан шатны нэгж дээр хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах, хуулийг хэрэгжүүлж өдөр тутам иргэдтэй харилцаж байгаа ажилтан, алба хаагчдаас санал, сэтгэгдлийг нь сонсох, тэдний өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оршиж байгааг С.Бямбацогт сайд онцолж хэлсэн юм.Дараа нь Дарханы Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, түүний харъяа хорих 445 дугаар ангийн нөхцөл байдалтай танилцав. Сүүлийн жилүүдэд хорих ангийн нөхцөл байдал эрс сайжирч, хүмүүжигчид анги дотроо үйлдвэрлэл эрхлэх, сургалтад хамрагдах боломж нээгдсэн байна. Хүмүүжигчдийг ажлын байраар ханган ажиллахын зэрэгцээ мужаан цех, арьс ширэн урлал, гар урлал, эсгий үйлдвэрлэлийн чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа ажээ. Дархан-Уул аймагт ажилласан багийн дараагийн уулзалт тус аймгийн Шүүхийн шинжилгээний албанд өрнөлөө. Энэ байгууллага хоёр шинжээч эмчтэй ч бусад аймагтай харьцуулахад гурав дахин их ачаалалтай ажилладаг. Жилдээ дунджаар 1200 шүүх эмнэлгийн шинжилгээ хийдэг гэдгийг удирдлагууд нь дуулгав. Тиймээс эмчийн орон тоо, унааны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байсан юм. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон дагалдан яваа албаныхан Дарханы Улсын бүртгэл болон Архивын хэлтсийн үйл ажиллагаатай ч энэ үеэр танилцсан юм. Уулзалтын төгсгөлд ХЗДХ—ийн сайд С.Бямбацогт Дархан-Уул аймаг дахь салбарынхаа алба хаагчидтай нэгдсэн уулзалт зохион байгууллаа. Салбарын сайд нь Дархан-Уул аймагт ажиллаж, харьяа агентлаг байгууллагынхаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад, санал сэтгэгдлийг сонсож байгаад жирийн албан хаагчид сэтгэгдэл өндөр байлаа.