Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014 оноос эхлэн 251 айлын амины орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Нийт 6,3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр инженерийн шугам сүлжээ, хашаажуулалт, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж эхний айлууд амины орон сууцандаа ороод байна.
Энэхүү хорооллын бүтээн байгуулалт үргэлжлэн хороолол доторх авто замын ажлын эхний хэсгийг 200 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийж гүйцэтгэн өнөөдөр /2017.06.19/ оршин суугчдад хүлээлгэн өглөө. 2017 оны хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд Дархан сумын 25 дугаар хороололд хийгдсэн 0,540 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг “Дархан АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэжээ. Замын барилгын ажил 2017 оны 05 дугаар сарын 5-наас эхэлсэн бөгөөд төлөвлөсөн хугацаанаас өмнө засварын ажил дууссан байна.
Ирэх онуудад тус авто замын үргэлжлэл хийгдэх бөгөөд өнөө жил хашаажуулалт, гэрэлтүүлгийн ажил бүрэн дуусах ажээ. 251 айлын амины орон сууцны хороолол нь Монгол улсад анхдагч бүх дэд бүтэц нь шийдэгдсэн амины орон сууцны хороолол болж байгаагаараа онцлогтой.