Хот, хөдөөгийн
төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, Мэргэжлийн сургалт
үйлдвэрлэлийн төвүүдийн хооронд тогтвортой түншлэл тогтоох, сурагчдыг сургалтын
шинэлэг арга зүй, технологид суралцуулах, удирдах ажилтан, багш нарын хамтарч
ажиллах боломжийг нэмэгдүүлж харилцан сайн туршлага солилцуулах зорилгоор
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс “Багш, сурагч солилцоо” хөтөлбөрийг батлан
гаргалаа.
“Багш, сурагч
солилцоо”-г хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд зохион байгуулах бөгөөд ажлын
3, 5, 10 хоногт багтаах юм. Багш, сурагч солилцоог сургууль хооронд, цэцэрлэг
хооронд, МСҮТ-үүд хооронд, сум хооронд, аймаг хооронд, аймгаас нийслэл хооронд
болон улс хооронд хэрэгжүүлнэ.
Уг хөтөлбөр
хэрэгжсэнээр удирдах ажилтан, багш нарын мэргэжлийн шилдэг туршлага, арга зүй,
ур чадвараас харилцан суралцах боломж нээгдэнэ. Шилдэг ажил, арга хэмжээ,
туршлагыг өөрийн цэцэрлэг, сургуульдаа нэвтрүүлэх, бусдад түгээн дэлгэрүүлэх
боломжтой болно. Сурагч нь шинэ орон нутагтай танилцахын зэрэгцээ тухайн орон
нутгийн ард түмний зан заншил, соёлоос суралцаж, Монгол хүн гэдгээрээ бахархах
үзэл, хандлага дээшилнэ. Сурагчдын авъяас чадвар, нийгмийн идэвхийг хөгжүүлэхэд
эцэг эх, удирдлага, багшийн оролцоо санаачилга нэмэгдэж, хамтын ажиллагаа
сайжрах давуу талтай юм.
